Б.Мэдрээ: Монголбанкинд Н.Золжаргал хэн ч биш юм байна

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Б.Мэдрээ: Монголбанкинд Н.Золжаргал хэн ч биш юм байна

Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.

-Юуны өмнө Танд Монгол Улсын гавьяат эдийн засагч цол авсанд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Банкны салбарт Та хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Баярлалаа. Би 1977 оноос улсад ажиллаж эхэлсэн. Үүнээс 23 жилд нь банкны салбарт ажиллажээ.

-Таны гавьяатын найр улс төр, бизнесийн хүрээнийхний томоохон цугларалт болох байх?

-Би өөрөө бол найр хийх бодолгүй байна. Хүмүүс тойруулж суулгачихаад өөрийгөө магтуулаад байх дургүй. Гэхдээ найр хий гэж их олон талаас шахаж байна.

-Хорин жилийн өмнө ардчиллын төлөө тэмцэж явсан Ц.Элбэгдоржоос энэ шагналыг авахад ямар санагдав?

-Ерэн онд бид улс орны эдийн засгийн хөгжлийн чиг хандлагын талаар өөр өөр юм ярьдаг, бас ч гэж бие биеэ шоолдог байсан. Эргээд харахад хамгийн оновчтой хувилбарыг ярьж байсан нь МҮДН-ынхан. Шагналын хувьд би уг нь “Намайг битгий шагнаарай” гэж хэлсэн юм шүү дээ. Би гавьяат болъё гэж гүйгээгүй. Тэртээ тэргүй би хийсэн ажилтай, хэлэх үгтэй тул байгаагаараа байя л гэж бодож явдаг хүн. Ер нь бол би  шагналд дургүй. Харин ажилтнуудаа бол нийтийн жишгээр шагнуулж байх ёстой гэж боддог. Гэхдээ нэг юмыг анхаарах хэрэгтэй. Банк ч бай, компани ч бай нэгдүгээр хүнээсээ л шалтгаалдаг. Бүх банк захиралтай. Зарим нь дампуурдаг, зарим нь дампуурдаггүй. Банкийг хэлтсийн дарга нь, жолооч нь дампууруулдаггүй нь мэдээж, тэгэхлээр л энэ оролцоог нь илүүд үзсэн байх. Багадаа би хөлбөмбөг тоглодог байлаа. Пелег шүтдэг.Тэр спортын мастер, гавьяат тамирчин байгаагүй. Миний хадам аав байсан хөгжмийн зохиолч Г.Бирваа гэж сайхан хүн байлаа. Дэлхийн гавьяат жүжигчин, төрийн шагналт хөгжмийн зохиолч В.А.Моцарт гэж байдаггүй. Хүнийг олон түмэн өөрөө таньдаг.

-Ерөнхийлөгчийн Японд хийсэн айлчлалын үеэр Та тэндхийн банкируудтай уулзаж байсан. Ямар шинэ ажлын эхлэл тавьсан талаараа нууцаа задалж болох уу?

-Хамтарч ажиллах талаар Японы банк, санхүүгийнхэнтэй уулзсан. Эргээд харахад Монгол Улс Японтой улс төрийн түвшинд нэлээд их хамтарч ажилласан. Харин эдийн засгийн түвшинд гүнзгий харилцаа, хамтын ажиллагаа тун бага юм. Экспорт, даатгалын байгууллагуудтай гэрээнд гарын үсэг зурж байсангүй. Одоогоор хамтын бизнесээ яаж хийж байна вэ гэхээр хоёр орны компаниуд хамтарч ажиллах гэрээ байгуулж хийж байна. Гэрээ байгуулахаасаа өмнө тухайн орны экспортыг дэмждэг даатгалын байгууллагуудтай нь албан ёсны харилцаанд орсон, тэд манай компаниудын зэрэглэлийн талаар судалгаа хийсэн байх ёстой. Тийм нухацтай харилцаа алга. Жишээ нь, бид Японы даатгалын байгууллагатай нь тийм харилцаа тогтоосон бол дараагийн “Мизухо”, Токио Мицубиши” банктай шууд харилцах нөхцөлтэй болдог. Гэтэл өнөөдрийг хүртэл Монгол Улс Японы даатгалын байгууллагатай холбоо тогтоогоогүй байна.

-Та тэгээд даатгалын байгууллагатай нь холбоо тогтоох эхлэлийг тавьж чадав уу?

-Ямартай ч сая анхны уулзалтыг хийлээ. Тэрхүү даатгалын байгууллагатай өнгөрсөн 20 жилд Монголоос хэн ч очиж уулзаагүй юм байна. Монгол орны бизнес, эдийн засгийн тухай ойлголт тун тааруу байлаа. Тэднийг Монголд урьж, тодорхой хэмжээнд холбоо тогтоолоо. Гэтэл тэр байгууллагатай харилцах байгууллага ч Монголд байдаггүй юм байна. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр Монголын банк, санхүүгийн сектор өөрөө гадны өндөр хөгжилтэй орны бизнесийнхэнтэй харилцах дэд бүтцээ хөгжүүлж чадаагүй байна гэсэн үг. Экспортын даатгалын байгууллага ч Монголд алга. Миний бодлоор Монгол Улс Эдийн засгийн яамтай болж, түүний дор банк, санхүүгийн секторт депозитийн болон экспортын даатгалын гэх мэтчилэн дэд бүтцийг хөгжүүлэх агентлаг, институциудыг байгуулах хэрэгтэй байна. Эдийн засгийн яамгүй, түүний гаргасан бодлогогүйгээр энэ бүхэн ажил хэрэг болоход амаргүй л болов уу.

-Сангийн яам хийж арай барахгүй байна гэсэн үг үү?

-Сангийн яам зөвхөн төсвийн орлого, зарлагад анхаарч үйл ажиллагаагаа явуулаад, Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх бодлогод анхаардаггүй юм байна. Зөвхөн өмнөх ажлаа хийдэг. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо нь яамны статустайгаар ажлаа хийж чадах уу, нэр хаяг нь оновчтой юу гэдэгт эргэлзэхээр байгаа. Гадныхан харилцсан ч яамтай байх нь дээр болов уу гэж бодож байна.

-Та Ардчилсан намын гишүүн. Улс төрийн идэвх ямар байгаа вэ?

-Монгол Улс ардчилал, чөлөөт зах зээлийг сонгох ёстой гэсэн итгэл үнэмшлээрээ 1989 онд “Залуу эдийн засагчдын клуб” гэж анх байгуулахад оролцож  байлаа. Одоо түүний төлөөлөл нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Н.Батбаяр, мөн Да.Ганболд, Маг.Болд, Д.Сүх-Эрдэнэ нар байна. Миний улс төрийн сэтгэл, сэтгэлгээ бол хэвээрээ.

-Тухайн үед “Алт дилерийн хэрэг” дуулиан тарьж байсан. Одоо эргээд харахад тэр юу болоод өнгөрсөн юм бэ?

-Наадах чинь социалист боловсрол, сэтгэхүйтэй тэр үеийн хүмүүс 1987 онд капиталист нийгэмд хэрэглэдэг арбитражийн гүйлгээ гэгчийг өөрсдөө сайн мэдэхгүй байж хийчихсэн асуудал. Тэгээд хэдэн арван жил, бараг насаараа хөрөнгийн бирж дээр тоглоод сурчихсан хүмүүст “хусуулна” биз дээ. Үүний алдагдал нь ихэссээр дөрвөн жилийн дараа илэрсэн. Булхайгаа нуухын тулд ардчиллын залууст хэргээ тохсон. Одоо эргээд бодоход маш энгийн. Уг нь Улс төрийн товчоо, МАХН-ын төв хорооны шийдвэр байсан. Ийм л юм болсон юм. Мөнгөний хэмжээ бол их ч бай, бага ч бай Монгол Улсын л мөнгө. Нэг сая ч байсан, арван мянган ам.доллар ч байсан харамсалтай. Мэддэггүй  юмаараа л тоглосны гай. Тэр тусмаа барууны эдийн засаг, банк, хөрөнгийн биржийн гүйлгээний талаар тэр үед мэддэг хүн нэг ч байгаагүй гэж хэлэхэд хилсдэхгүй.

-Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Золжаргал танай банкинд ажиллаж байсан, Таны хувьд дотно хүн. Одоо Та түүнтэй ямар харилцаатай байдаг вэ. Ажил хэргийн шүүмжлэл хэлдэг үү?

-Золоотой хүн ёсны найз хэвээрээ байлгүй яах вэ. Бүр 1987 оноос Улсын банкны ерөнхий хороонд хамт ажиллаж байсан. Худалдаа, хөгжлийн банкийг анх байгуулагдахад нь хамт ажиллаж байлаа. Дэндүү залуудаа Хөрөнгийн биржийн захирлаар дэвшээд явсан. Тэрээр энэ хооронд Харвардад сурч амжсан. Ингээд 2007 оны намраас дахин энэ банкиндаа хамтарч ажиллаж байгаад тэрээр Монголбанкинд очлоо. Эдийн засгийн хэлээрээ яриад ойлголцож чаддаг, нэгнийхээ дутууг нөхдөг тийм л харилцаатай. Хувь хүний талаасаа нийлдэг ч юм бий, нийлдэггүй ч юм бий. Хэрэлдвэл “нэлээд сайхан” хэрэлдэнэ. Гэхдээ Монголбанкинд Н.Золжаргал очоод хэн ч биш гэдгийг би ойлгосон. Яагаад гэвэл Төв банкны хууль нь буруу юм билээ. Жишээ нь, АНУ-ын Төв банк удирдах зөвлөлийн долоон гишүүнтэй. Нэг гишүүн үгүй гэсэн бол тухайн бодлого батлагддаггүй. Цөөнхийгөө хүндэтгэдэг. Манайд зөвхөн Ерөнхийлөгч л шийдвэр гаргадаг. Хоёр дэд ерөнхийлөгч хоёулаа эсрэг саналтай байсан ч гэсэн ямар ч нөлөө үзүүлж чаддаггүй. Эдийн засгийн бодлого тодорхойлдог Төв банкны хувьд УИХ-аас томилогддог гурван хүний нэг нь үгүй гэхэд тухайн асуудал батлагддаггүй байхаар хуулийг өөрчлөх хэрэгтэй. Учир нь улс орны, 2.7 сая хүний амьдралыг шийдэх амин чухал асуудалд хандахдаа “долоо хэмжиж нэг огтол” гэсэн мэргэн үгийг баримталж, яагаад эсэргүүцэж байгаа юм бэ? гэсэн үндэслэлийг ядаж сонсдог баймаар юм. Одоогийн Монголбанкны Ерөнхийлөгч удирдагчийн хувьд ч мэргэжлийн хувьд ч шаардлага хангахгүй байгаа тул эдийн засагт ихээхэн саад учруулж байна.

-“Анод”, “Зоос” банкууд дампуурсан хэрэгт Монголбанкны удирдлагад ажиллаж байсан зарим хүнийг баривчлан шалгаж эхэллээ. Энэ нь хяналт тавиагүй, ажлын хариуцлага алдсантай холбоотойгоор шалгагдаж байна гэж ойлгох уу, эсвэл авлигын шалтгаан илэрснийх үү. Банкир хүний хувьд Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Ямар нэг байдлаар нөлөөлсөн,  зарчимгүй, ёс суртахуунгүй ажилласан, заавар журмаа мөрдүүлээгүй, ая тал зассан гэж боддог. Би тэгж л ойлгож байна. Манай Худалдаа, хөгжлийн банк тэр дүрэм журам, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг баримталж явсан болохоор л тогтвортой явж байна. Монголчуудын зарим нь хүнийхээ хөгжлийн хувьд төлөвшөөгүй, ёс суртахуунгүй, зарчимгүй байдлаасаа л болж зээлдэгчдэд найр тавьж алдсан. Санаатайгаар ч үгсэн хуйвалдсан байж болно. Тэгсэн эсэхийг би хянаж шалгадаггүй ч банкны салбарт ажиллаж байгаа мэргэжлийн хүний хувьд ийм дүгнэлтэд хүрч байна.

-“Зоос”-ыг Төрийн банк болгож аварсан шигээ “Анод”-д яагаад тэгж хандаж болоогүй юм бол. Үүнд ямар ялгаа байв, улс төрийн шалтгаан байсан уу. Та юу гэж бодож байна вэ?

-Хоёр ижилхэн банк дампуурахад нэгийг нь ивээлдээ аваад, нөгөөг нь дампууруулсан. Санаатай үйлдэл л гэж харагдахаар, ямар нэг ашиг сонирхол байна гэж хардагдахаар байгаа. Бодлоготойгоор л ялгавартай хандсан байх. Хуулийнхан энэ талыг олж мэдэрсэн учраас шалгаж байгаа байх. Ийм бульхайг өдөр шөнө солигдохтой адил хурднаар илрүүлчихгүй, нэлээд цаг хугацаа шаардана байх.

-Засгийн газрын бондоо төсвийн алдагдлыг хаах аргыг Та зөв гэж үздэг үү?

-Зөв. Энэ аргыг олон орон хэрэглэж байгаа. Ер нь зөв менежмент хийж чадвал манайх шиг баян болох потенциальтай орон дэлхийд ховор.

Гагцхүү зөв менежмент хийж чадах эсэх нь л чухал. Засгийн газарт банкнаас илүү боломж, стратегийн ордууд байна. Засаг төр бол хүчирхэг зэвсэг шүү дээ.

-Тэгвэл Монголбанкны нөөцөөс мөнгө гаргуулах нь хэр “аюултай” вэ?

-Үндэсний аюулгүй байдлын талаасаа ч, эдийн засгийн талаасаа ч “гал гарахад”бэлэн байх нөөцдөө хамаагүй гар дүрж болохгүй. Импортод зориулсан валютын нөөц төв банкинд байдаг. Үүнийг тун хүнд байдалд орсон үед л хэрэглэх ёстой. Журмаараа 6-н долоо хоногийн валютын нөөцтэй байх учиртай, харин одоо Монголбанк 7-н сарын нөөцтэй болоод байна. Тухайлбал, Бид нефтээс ганцхан орны хараат байдалд байдаг. Юмыг яаж мэдэх вэ, сая хоёр Солонгос муудалцсан шиг хөрштэйгээ муудалцаад нефтээ таслуулчихлаа гэж бодъё. Наанадаж Араб руу явж нэг шейхтэй уулзаж учир байдлаа хэлээд гэрээ байгуулаад төлбөр тооцоогоо хийнэ. Усан онгоцоор л тээвэрлэхээс өөр аргагүй. Хятадаас вагонд ачна, дугуйгаа солих гээд баахан зардал гарна. Энэ нөөцөөсөө л мөнгө гаргана, энэ бол төсвөөс гадуурх мөнгө. Тэгэхээр вапютын нөөцийн илүүдлийг төсвийн алдагдал нөхөхөд биш бодит эдийн засгийн өсөлтөд зориулж болно.

-Жишээ нь яаж үр ашигтай зүйлд зарцуулж болох вэ?

-Монголбанк арилжааны банкинд, эсвэл Засгийн газарт л зээл өгөх эрхтэй. Ихэнх хөгжсөн оронд Төв банк бодит эдийн засгийг дэмжиж өгч байгаа зээлээ бараг л хүүгүй шахам зээлүүлдэг. Хятадууд  хүүгүй зээл аваад ноолуур худалдаж аваад байгаа нь зөв шүү дээ. Яагаад гэвэл түүхий эд нь байхад үйлдвэрлэлээ явуулаад цамцаа хийж зарна. Түүнээсээ борлуулалтын орлого гээд татварт авчихна. Миний бодлоор Монголбанк зэсийн үйлдвэр байгуулахад зээл олгож болох юм. Дэлхийн жишгээр 0.25 хувийн хүүтэй өгөөд, дээр нь арилжааны банк дээд тал нь таван хувийг л нэмэхэд болно. Ингээд 5.25 хувийн хүүтэйгээр сайн үйлдвэр барья гэвэл 75 сая ам.долларын зээл олгоё гэвэл энэ нь инфляцид ямар ч нөлөө үзүүлэхгүй бодит эдийн засгийг л шууд дэмжиж байгаа хэрэг болно. Зэсийг баяжмалаар нь зарахад тонныг нь дунджаар 8000 ам.доллар болно, харин боловсруулж эцсийн бүтээгдхүүн болсон зэсийг 2-3 дахин үнэтэй зарна. За, гурав дахин илүүгээр бодоход 24 мянган ам.доллар болно. Ямар зөрүү байна гарч байна вэ? Дээр нь ажилгүйдэл багасна, иргэд орлоготой болно, татварын орлого нэмэгдэж төсөв мөнгөтэй болно. Тиймээс заавал байх нөөцөөс илүүдэл хуримтлалыг зөвхөн бодит эдийн засгийн өсөлтийг бий болгоход ашиглаж болох юм. Бодлого хийхгүй байна. Аль ч улсын Төв банк мөнгө, зээлийн бодлого явуулах үүрэгтэй. Гэтэл Монголбанк зээлийн бодлогыг нь гээж, хуулиасаа хүртэл авч хаяад зөвхөн мөнгөний бодлого явуулж байна.

-Хүний хөгжил сангийн мөнгийг төлбөр түргэн гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор банкуудад байршуулсан. Танай банкинд байршуулсан уу. Яагаад дэмжлэг авсан банк нь харин ч эсрэгээрээ дампуурчихав аа?

-Авсан бол мэдээж банкинд ашигтай. Гэхдээ “жийгдчихсэн”. Манайх төрөөс хамаарал харьцангуй багатай, гол нь хувь хүмүүс, аж ахуйн нэгж гэсэн харилцагчдынхаа буянаар л тогтвортой ажиллаж байгаа. Тэр нь ч зөв. Тийм зүйлийн төлөө банкууд нэлээд лобби хийдэг юм шиг байна билээ.

Яг Сангийн сайд маань бол тэр тал дээр захиалгаар гэмээр ажилладаг хүн шүү дээ. Мөнгийг өөрийн найз нөхдийн хүрээнд байршуулаад байна уу л гэж бодогддог. Алтны зээлийг гэхэд л энэ банкинд  эхэлж өгсөн, тэр банкинд бизнес хийх улирал нь дууссаны дараа өгсөн гэхчлэн ялгаварлаж хандсан. Нэгэнт сайдын алба хашиж байгаа бол бүгдээрээ л Монгол Улсад амьдарч байгаа, эх орноо хөгжүүлэхийн төлөө яваа болохоор адилхан л хандах ёстой. Улстөрч хүн ажилд ингэж алагчилж ханддаг байж болохгүй. Ер нь одоогийн Сангийн сайд хувь хүнийхээ хувьд их ойворгон. О.Дашбалбар агсанд ч амаа алгадуулж л байсан. Саяхан ҮЗХ-ны хурал дээр Н.Батбаяртай эхнэр хүүхдийн хэрүүл хийж байгаа юм шиг, надад С.Баяр тэгж хэлсэн, Х.Баттулга сайд ингэсэн гээд хов жив ярьж суух жишээтэй. Ийм байж болохгүй шүү дээ. Төрийн хар хүн шиг нуруутай, зарчимч байж, улс орноо жигд хөгжүүлэх сайд байгаасай гэж боддог.

-Өмнөх ажлаа хийсээр нэг л мэдэхэд олон жил өнгөрчихсөн байдаг. Өнөөдөр эргээд харахад Та банкны салбарт ямар томоохон ажил хийчихсэн байх юм?

-Би ганцаараа биш л дээ, анх Д.Сүх-Эрдэнэ, Н.Жаргалсайхан, Н.Золжаргал нартайгаа дөрвүүлээ нийлээд ”Монгол Улсад  банкны хоёр шатлалт тогтолцоо байх ёстой. Үүнийг бид бий болгох хэрэгтэй” гэж үзээд тухайн үед Улсын банкны ерөнхий хорооны дарга байсан Хүдэрчулуунаар уламжлан Засгийн газарт асуудлаа тавьсан. Ингээд Монголд анх удаа “Худалдаа хөгжлийн банк”, “ХОТШ”  гэдэг арилжааны хоёр банкийг 1990 оны аравдугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын тогтоолоор зэрэг үүсэн байгуулагдсан. Дараа нь 1991 оны тавдугаар сарын 22-ны өдөр Банкны тухай хууль батлагдаж Монгол Улс Төв банктай болсон. Энэ байгууллага нь мөнгө, зээлийн бодлого явуулдаг, арилжааны банкуудаа хянадаг, мөнгөний нийлүүлэлтийн асуудлыг хариуцдаг, мөнгө хэвлэх үүрэг хуулийн дагуу хүлээсэн ийм байгууллага бий болсон. Үүнд, тухайн үеийн Шадар сайд, Улсын бага хурал ч мөр зэрэгцэн оролцсон. Нийгмийн харилцаа өөрчлөгдөж, Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжиж байсан тэр үед Монгол Улсын ганц банк нь Сангийн яамны дэргэдэх касс байсан бол банкны тогтолцоо сууриараа өөрчлөгдөж хоёр шатлалтай болсон. Энэ том үйл хэрэгт өөрийн өчүүхэн ч атугай хувь нэмрийг оруулсандаа сэтгэл өег явдаг. Мэдээж хоёрдогч зүйл нь Худалдаа хөгжлийн банкийг төрүүлж, өлгийдөж, хөл дээр нь зогсоож чадсанаараа, хамт олноороо бахархаж явдаг. 

-Одоо 20 настай банкаа хараад ямар сэтгэгдэл төрж, хэрхэн үнэлдэг вэ?

-Хорин жилийн дараа эргэн харахад монголчууд өөрсдөө арилжааны банкаа байгуулан менежментээ хийгээд гадна, дотнынхны талархлыг хүлээж чаддаг болсон байна. Энэ банкаа байгуулах явцад олон улсын стандартуудыг Монголын арилжааны банкуудад анхдагч болон мөрдүүлсэн. Олон зүйлийн анхдагч болсон доо. Хувь хүнийхээ хувьд миний бас нэг бахархдаг зүйл гэвэл тухайн үеийн Монголбанкны Ерөнхийлөгч Ж.Үнэнбат, М.Болд нарт банкны программ хангамжийг сайжруулах талаар Азийн хөгжлийн банкинд хүсэлт гаргаж дэмжлэг үзүүлээч гэж гуйсан. Тэр үеийн банкны программ хангамжийг олон улсын стандарттай харьцуулбал, мотоцикльтой хүн, “Ланд Круйзер-200” жийптэй хүн хоёр шиг л ялгаатай байлаа. Ингээд 30 жилийн хугацаатай, жилийн 0,25 хувийн хүүтэй гурван сая ам.долларын зээл авч, тендер зарлан одоогийн бидний ашиглаж байгаа “Bancs” программ хангамжийг нэвтрүүлсэн. Энэхүү программ хангамж дэлхийд наймд ордог. Нөгөөтэйгүүр ажлыг компьютер хийдэггүй учраас боловсон хүчний маш сайн баг бүрдүүлж чадсан гэж боддог.

-Миний санаж байгаагаар олон улсын мөнгө гуйвуулгын “MoneyGram”, Орон сууцны зээлийн бүтээгдэхүүн, анхны АТМ-ы үйлчилгээг нэвтрүүлж байсан санагдаж байна?

-Тийм ээ, 1992 онд Банкны нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад шилжин орсон Монголын анхны арилжааны банк болсон. Дараа нь 1996 онд олон улсад нэр хүндтэй “Arthur Andersen” аудитын компаниар үйл ажиллагаагаа шалгуулснаараа мөн анхдагч болж байлаа. Азийн хөгжлийн банкны төсөлд оролцож, олон улсын стандартад нийцсэн нягтлан бодох бүртгэлийн “Bancs” программыг хэрэгжүүлэн бүх салбар, төвүүдээ онлайн холбоотой болгож, манай харилцагчид банкны аль ч салбараас гүйлгээ хийх болсон нь үйлчилгээний цоо шинэ дэвшил болж байв. Мөн Америкийн “Экспресс” банктай хамтран АМEX кредит картыг, Стандарт Чартеред банкны пос терминалыг үйлчилгээний байгууллагад анх суурилуулсан. Алтны арилжаа, экспорт, хамтын санхүүжилтын үйлчилгээг Монголд анх нэвтрүүлсэн дээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Moodys Investor Servise” байгууллагаар үнэлгээ хийлгэж Ba2 буюу “тогтвортой, сайн” гэсэн үнэлгээ авч Монголын анхны зэрэглэл тогтоогдсон банк болж өнгөрсөн хоёр жилд энэ үнэлгээгээ бататгасан.

-Бас бонд гаргасан байх аа. Ямар ч байсан Монголын арилжааны банк дэлхийн итгэлийг хүлээж нэр хүндээ барьцаалан мөнгө босгож чадсан нь бахархмаар санагддаг?

-2010 оны 10 –р сард Сингапур болон Лондонгийн хөрөнгийн бирж дээр 175 сая ам.долларын 2 дахь удаагийн бондоо гаргасан. Энэ нь гурван жилийн дотор бид дунд хугацааны хөрөнгийн эх үүсвэртэй болсон гэсэн үг, жилийн 8.5 хувийн хүүтэй бонд юм. Эхний гаргасан 75 сая ам.долларын бондыг бид энэ оны нэгдүгээр сард буцаагаад төлчихсөн. Жишээ нь, уул уурхайн компаниуд IPO хийж, хөрөнгийн эх үүсвэртэй болж байгаа нь сайн зүйл юм, гэхдээ IPO хийхэд хувьцааныхаа тодорхой хэсгийг хүнд өгдөг. Бид бол итгэлцлээрээ, банкныхаа нэр хүндээр барьцаалан бонд гаргаж, хөрөнгө босгож байгаа хэрэг юм.

-Одоогоос 20 жилийн өмнө банкны бүтцийн өөрчлөлт хийж, салбартаа хувьсгал хийсэн анхдагчдын нэг нь Та байжээ. Гэтэл өнөөдөр дахиад банкны бүтцийн өөрчлөлт хийх цаг болсон гэж ярьж эхэллээ. Энэ бүтцийн өөрчлөлтийн талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

-Бүтцийн өөрчлөлтийг яг Монголбанкны одоо хэрэгжүүлэх гэж байгаа хувилбараар нь, Дэлхийн банк, ОУВС-гийн заавраар хийх юм бол буруу. Монголын арилжааны бүх банк энэ байр сууриа илэрхийлж Монголбанк, УИХ, Засгийн газарт албан бичиг хүргүүлсэн. Би энэ байр суурин дээр хатуу зогсоно. Харин хүний хувийн өмчид халдахгүйгээр банкны секторыг сайжруулах арга хэмжээ авах хэрэгтэй. Хятадад Дэн Сяо Пиний дөрвөн их өөрчлөлтийг алхам алхмаар хэрэгжүүлж байна. Тийм маягаар бүтцийн өөрчлөлтийг хийх ёстой. Банкны системийг доргиосон алхам хийж болохгүй. Яагаад гэвэл банк өөрөө итгэл дээр тогтдог бизнес учраас бүтцийн өөрчлөлт хийх сургаар иргэдийн сэтгэл санаа хямарч, дампуурах гэж байгаа юм болов уу гээд мөнгөө татчихвал хүссэн хүсээгүй эгзэгтэй байдалд орно. Анх дүрмийн сан  50, 100 сая төгрөг байсан. Дараа нь 200, 400, 800 сая, тэрбум төгрөг, 4 тэрбум, 8 тэрбум байхаар зааж, бага багаар дүрмийн санг нэмэгдүүлж, урьдчилаад хоёр жилийн өмнөөс тушаал, тогтоол гаргаж Монголбанкнаас анхааруулдаг, арилжааны банкууд түүнд нь зохицуулж үйл ажиллагаандаа өөрчлөлт хийгээд болоод байсан. Уг нь банкуудаа хамгийн сайн мэдэх, хяналт тавьдаг байгууллага нь Монголбанк шүү дээ. Хяналтаа ч сайн тавьдаг. Зайны, өдөр тутмын, тогтмол хяналтууд, гэнэтийн болон газар дээрх шалгалт хийж байгаа.

-Тэгвэл банкууд юунаас болж дампуураад байна вэ, Таныхаар?

-Монголбанкнаас тавьсан шалгуур үзүүлэлт, тавьсан хязгаарлалтыг нь зөрчихгүй л бол дампуурахгүй шүү дээ. Нэг зээлдэгчид өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний зээл олгож болно гэсэн байхад л найман тэрбум төгрөгийн дүрмийн сантай байж 40, 60 тэрбумаар нь нэг компанид зээл өгчихөөр үйл ажиллагаа нь нэг хүн, нэг байгууллагаас хамааралтай болж, төлбөрийн чадваргүй болоод дампуураад байна шүү дээ. Тухайн банкны удирдлага Монголбанкнаас тавьсан, дэлхий нийтээр арилжааны банкуудад тавьсан шалгуур үзүүлэлт болгон тавьсан зохистой харьцааг мөрдөх ёстой. Үүнийг чинь зөвхөн Монголбанкныхан бодоод олчихсон юм биш.

-Танай банк өнгөрсөн 20 жилийн хугацаанд хэдэн төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн бэ?

-Нийт 65.4 тэрбум төгрөгийг улсын төсөв болон нийгмийн даатгалын санд татвар хэлбэрээр төвлөрүүлсэн. Нэг компани, нэгэн банкны хувьд бол бахархмаар л тоо гэж би хэлнэ. Анхнаасаа олон улсын нягтлан бодох бүртгэлийн программд хамрагдсан болохоор бүх зүйл хуулийн дагуу бүртгэгддэг.

-Тэгвэл ямар хэмжээний зээл олсон, ашиг орлогын талаар хэлж болох уу?

-Давхардсан тоогоор өөрийн харилцагчдадаа нийт 3,6 их наяд төгрөгийн зээл олгож, түүнд шаардагдах эх үүсвэрийг өөрийн харилцагч, хадгаламж эзэмшигчид болон гадаад дотоод зах зээлээс бүрдүүлсэн.

У.Оргилмаа.

Зохиогчийн эрх:
“Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж