Хамтарсан үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Хамтарсан үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө

Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд Монголын урчуудын эвлэлийн хорооны шагналт барималч А.Өлзийбаатар, зураач Г.Цэнгүнжав нарын хамтарсан “Хайр”, “Миний л Монгол” нэртэй хамтарсан үзэсгэлэн энэ сарын 26-нд нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болсон билээ. 
А.Өлзийбаатар нь дүрслэх урлагийн нэгэн төрөл болох модон сийлбэрийн урлагийн орчин үед амжилттай хөгжүүлж байгаа цөөхөн уран бүтээлчдийн нэг юм. Тэрбээр эртний Хүннүгийн үеэс уламжлагдан ирсэн модон баримлын урлагийг орчин үеийн хэллэг, хэлбэрээр баяжуулан урласан олон сайхан бүтээлээр үзэгч олныхоо мэлмийг мялааж байгаа билээ. “Сартай шөнө”, “Тэр нэгэн аймшигт шөнө”, “уулзалт”, “Хайр”, “Аавын гар”, “Миний найзыг хөрөг” гээд олон бүтээлүүд нь хүн нийгмийн харьцааны эмзэг асуудлыг хөндсөн ялангуяа гэр бүлийн ариун нандин ёс журам, хайр энэрэл алдагдаж ёс суртахууны доройтолд орж байгааг уран бүтээлээрээ дамжуулан өөрийн дуу хоолойгоор нийтэд хүргэж байгаа нь энэ үзэсгэлэнгийн онцлог ач холбогдол болжээ. Үзэсгэлэнд мод, зэс, чулуугаар хийсэн нийт 20 шахам бүтээл дэлгэгджээ. Барималч Өлзийбаяр нь гадаад дотоодын үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож ирсэн ба энэ жил Бээжин хотноо хоёр жил тутамд зохион байгуулагддаг “Бээжин биенналь-2010” олон улсын үзэсгэлэнд уригдан амжилттай оролцоод ирсэн юм. Мөн түүний бүтээлүүд Швед, АНУ, Солонгос, Вьетнам, Хятад, Орос, Япон, Ирланд зэрэг орны музей болон хувь хүний цуглуулгад түүний уран бүтээлүүд хадгалагдаж байдаг юм.
“Миний л Монголоор тавтай морилоорой” зураач Г.Цэнгүүнжавын уран бүтээлийн үзэсгэлэндээ ийнхүү урьжээ. Экологийн тэнцвэр алдагдаж байгаа өнөө үед Монгол орныхоо байгалийн сайхныг магтан дуулж, бишрэн хүндэтгэж, онгон дагшин байгалиа хэвээр хадгалах чин хүсэл эрмэлзлээ уран бүтээлээрээ дамжуулан хүргэж байгаа зураачийн дуу хоолойг үзэсгэлэнд тавигдсан 100 гаруй бүтээлээс нь мэдэрч болох нь ээ. Тэрбээр байгаль, ан амьтан, хөдөөгийн ард түмний хөрөг, аж амьдралыг реалист арга барилаар өөрийн мэдрэмж өнгө аялгуугаар зурдаг уран бүтээлч юм.
“Ахын хөрөг”, “Сутай хайрхан”, “Хуучин гүүр”, “Хөвсгөл далай” гээд олны нүдийг хужирлан тэднээс өндөр үнэлгээ авч байгаа бүтээлүүдийг энэхүү үзэсгэлэнгээс шимтэн сонирхож урлагийн ертөнцөд тухлан саатаарай. Хамтарсан  үзэсгэлэн өнөөдөр хаалтаа хийх юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж