ЗГ нууцын зэрэглэлтэй асуудал хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

ЗГ нууцын зэрэглэлтэй асуудал хэлэлцэв

Засгийн
газрын хуралдаан дээр уг асуудлаар Гадаад харилцааны яамны холбогдох
албан тушаалтнуудаас мэдээлэл авсан боловч ямар нэг шийдвэр гаргаагүй,
асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцүүлэхээр шилжүүлсэн гэнэ.

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг “Нууц”-ын зэрэглэлтэйгээр авч хэлэлцжээ. Үүний
нэгэнд Жуллиан Ассанж хэмээх Австрали гаралтай эрийн эзэмшдэг
“WikiLeaks” сайтад дэлгэн тавьсан Монгол, Хойд Солонгосын харилцааны
асуудал орсон байна.

Өнгөрөгч 2009 оны наймдугаар сард Монгол
болон Хойд Солонгосын хооронд хийсэн нууцын зэрэглэлтэй зөвлөлдөх
уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг саяхан “Wikileaks. org” бэв
хуудсанд оруулсан билээ. Уг сайтад дурьдсанаар Хойд Солонгосын тал
Монголын дипломатчаар дамжуулан АНУ-тай холбоо тогтоохыг оролдсон бөгөөд
энэ талаарх мэдээллийг Монголын нэгэн дипломатч АНУ-д дамжуулан өгсөн
аж.

Уг мэдээлэл дэлхий нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн
анхааралд аль хэдийн өртсөн төдийгүй, хоёр орны харилцааны асуудал
болоод байгаа. Тиймээс өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг
асуудлыг яаравчлан авч хэлэлцсэн бололтой. Гэвч Засгийн газрын
хуралдаан дээр уг асуудлаар Гадаад харилцааны яамны холбогдох албан
тушаалтнуудаас мэдээлэл авсан боловч ямар нэг шийдвэр гаргаагүй,
асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцүүлэхээр шилжүүлсэн гэнэ. Харин Засгийн газрын
түвшинд шийдсэн нэг асуудал нь удахгүй Хойд Солонгост ажлын айлчлал
хийхээр төлөвлөгдсөн байсан Батлан хамгаалахын сайд Л.Болдын айлчлалын
товыг хойшлуулсан бололтой. Мөн “WikiLeaks” сайтад дээрх
мэдээлэл тавигдахаас өмнө Хойд Солонгосын талаас ч манайд нэлээд өндөр
түвшний гийчин ирэхээр уригдаад байсан бөгөөд уг асуудал цаашид хэрхэн
шийдэгдэх нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж