ИЗН, Ногоон нам нэгдэх асуудал шуударчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

ИЗН, Ногоон нам нэгдэх асуудал шуударчээ

Улс төрд гуравдагч, дөрөвдөгч сонирхлыг илэрхийлж байгаа бусад хөдөлгөөн, хүчнүүдтэй нийлж Ардчилсан намыг хавсайдах  чиг шугам баримтлахгүй гэдгээ талуудад илэрхийлжээ.

Иргэний зориг намын эрх барих байгууллага Үндэсний хороо Ногоон намтай нэгдэх эсэх асуудлаар нэлээн хэдэн долоо хоногийн өмнө хуралдсан юм. Хэрэгт дуртай хэвлэлийнхний анхаарлаас холтгох зорилго байсан байж магадгүй, юутай ч Ардчилсан намын ҮЗХ-ны хуралтай давхцуулан хуралдсан.

ИЗН-ын Үндэсний хорооны 200 гаруй гишүүдийн олонх нь Ногоон намтай нэгдэх асуудлыг дэмжсэн байр суурин дээр нэгджээ. Бараг жилийн өмнөөс яригдсан энэ асуудалд ИЗН-ын Улс төрийн зөвлөлийн зарим гишүүд, тухайлбал, намын ерөнхий нарийн бичгийн дарга М.Зоригт нэлээд болгоомжтой хандаж байсан.

Гуравдагч хүчин гэгдэж байгаа ИЗН, Ногоон нам нэгдэж төвлөрөөд ирэхтэй зэрэгцээд энэ орон зайд тоглолт хийж байгаа улс төрийн бусад сонирхлууд тэр дунд шургалах вий гэдгээс болгоомжилж байсан тэдний байр суурь үнэний ортойг илтгэсэн үйл явдлууд сүүлийн үед өрнөж байна.

Ж.Батзандан, О.Магнай, М.Ичинноров нарт “хаягдсан” Иргэний хөдөлгөөний намын залуучууд ИЗН, Ногоон намтай нэгдэх сонирхолтой байгаагаа илэрхийлснээс гадна МАХН-ын Төв штаб гэдэгт ажиллаж байгаа Л.Цог саяхан ИЗН-ын дарга С.Оюунтай уулзжээ. Тэрбээр хамтран ажиллах, улмаар нийлж нэгдэж болох тухайгаа хэлсэн байна. Өмнө нь ИЗН-ыг БНН-тай нэгдэж байх үед намын удирдлагын нэгээр ажиллаж байсан Л.Цог нэг хэсэг иргэний хөдөлгөөн байгуулан тэмцсэн. Мөн ҮШН-тай хэсэг нийлж явсан байх. Харин одоо Н.Энхбаяр нартай ашиг сонирхол нэгдээд байгаа бололтой юм билээ. Одоо л бүгдээрээ нийлж, АН, МАН-тай тэмцье гэх санаа хэлсэн Л.Цог С.Оюунаас бүтэлтэй хариу сонсоогүй бөгөөд уг уулзалтынхаа дараахан “ИЗН ардчилсан намтай нэгдэх гэж байна” гэсэн утга бүхий ярилцлага телевизээр өгчээ.

Өнөөгийн улс төрд гуравдагч хүчний орон зайг ардчиллын төлөөх хүчнүүд “хамгаалж орших” шаардлага байгаа талаар, тэр тусмаа стратегийн түншлэлийн хувьд АН-тай хамтран ажиллах ёстой гэдэг ИЗН-ын байр суурийг С.Оюун Л.Цогтой уулзах үеэрээ ярьсныг нь мань эр тиймэрхүү байдлаар дүйвүүлсэн аж.
Ирэх 2012 оны сонгуульд ИЗН ч, Ногоон нам ч АН-тай хамтран оролцоно гэсэн гэрээтэй. Хоёр нам нэгдлээ ч энэхүү гэрээгээ баримтална гэдгээ ч харилцан ойлголцсон юм байна. Тэр тусмаа улс төрд гуравдагч, дөрөвдөгч сонирхлыг илэрхийлж байгаа бусад хөдөлгөөн, хүчнүүдтэй нийлж, АН-ыг хавсайдах  чиг шугам байхгүй гэдгээ ойлголцсон аж. Тус хоёр нам нэгдэх асуудал ер нь нэг талдаа багтсан байна. Харин одоо дүрмийн болон техникийн шинжтэй асуудлуудыг шийдэхэд л цаг хугацаан орох юм байна.

З.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж