“Уэстхэм” түүхэн ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

“Уэстхэм” түүхэн ялалт байгууллаа

Премьер лигийг тэргүүлэгч “Манчестер Юнайтед” болон хомоол хамж байгаа “Уэстхэм” багуудын тоглолт 4:0 харьцаатай Аврам Граантаар удирдуулсан “Алхнууд”-ын гайхалтай ялалтаар өндөрлөсөн байна. Гэхдээ энэ нь лигийн тойргийн тоглолт биш харин Карлинг цомын шөвгийн наймын тоглолт байсан юм. Аптон Паркт хуран цугласан үзэгчид энэ гайхалтай тоглолтын гэрчүүд болсон юм. Сэр Алекс Фергусон талбайд сэлгээний тоглогчдоо гаргасан бол “Уэстхэм” үндсэн бүрэлдэхүүнээ гаргажээ. Тоглолт эхлээд удаагүй байхад “МанЮ”-гийн хагас хамгаалагч Габриэль Обертан баруун жигүүрээс маш хүчтэй цохиход бөмбөг хөндлөвч оносон байна. Бөмбөгийг нэмж хийх гэсэн боловч “Уэстхэм”-ийн хамгаалагчид бөмбөгийг аюулгүй болгожээ. “Интер Милан”-аас зээлээр ирсэн Нигерийн Виктор Обинна 16 дахь минутанд маш хүчтэй цохилтоор тооны харьцааг нээсэн боловч шүүгч отон тоглолт гэж үзэн туг өргөсөн байна. Бөмбөг хаалганд орохдоо Спекторын биенд хүрсэн гэж үзэн отон тоглолтыг заажээ. Улмаар 21 дэх минутад Жонатан Спектор тооны харьцааг 1:0 болголоо. 16-гийн гаднаас дамжуулсан бөмбөгийг тэрбээр гайхалтай мөргөж, “МанЮ”-гийн хаалганд хийснээр талбайн эзэд тэргүүлж эхэлсэн юм. 15 минутын дараа Спектор дубль гүйцэтгэлээ. Энэ удаад “МанЮ”-гийн хамгаалагч Фабио торгуулийн бүсээс бөмбөгийг гаргах боломжтой байсан ч хальтирч, Спекторт чөлөөтэй цохих боломжийг өгсөн юм. Ингээд эхний 45 минут гэхэд “Уэстхэм Юнайтед” тоглолтыг 2:0 харьцаатай тэргүүлж эхэлсэн. Хоёрдугаар хагас эхлэхэд “МанЮ” тооны зөрүүг багасгах боломжтой байсан ч амжилтад хүрсэнгүй. Дэлхийн аваргаас хойш жижиг алдаа хийх гээд байгаа Роберт Грийн энэ удаад мөн алдаа гаргасан ч “МанЮ” гоол хийж чадсангүй. Харин таван минутын дараа “Алхнууд”-ын довтлогч Карлтон Коул мөргөж, тооны харьцааг 3:0 болгосон байна. Тоглолтын эцсийн цэгийг мөнөөх Карлтон Коул 65 дахь минутанд тавьсан. Энэ удаад нуруулаг довтлогч торгуулийн бүсэд гайхалтай чадвар харуулж, хамгаалагчийг хууран хаалгачийн алсын буланд цохиж, тооны харьцааг 4:0 болгосон юм. Ингэснээр “МанЮ” Карлинг цомын тэмцээний шөвгийн наймаас мултарлаа.

Түүнчлэн “Арсенал” өчигдөр “Уиган”-ыг 2:0 харьцаатай хожиж, хагас шигшээд шалгарлаа.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж