“Тэгш дүүрэн” хөтөлбөрөөр 2000 гаруй хүн орлогоо нэмэгдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

“Тэгш дүүрэн” хөтөлбөрөөр 2000 гаруй хүн орлогоо нэмэгдүүлжээ

ЭМЯ, Европын холбоо, Италийн төрийн бус АИФО байгууллагаас хэрэгжүүлдэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн Үндэсний семинар өнөөдөр эхэллээ. ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвд болж буй семинарыг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар үг хэлэхдээ “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагыг төгөлдөржүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагууд, салбар хоорондын уялдаа холбоо чухал байна” гэв.

ДЭМБ, Италийн төрийн бус АИФО байгууллага нь 1991 оноос Монгол Улсын ЭМЯ-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагыг хөгжүүлэхээр болсон юм. Энэ хүрээнд  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах ”Тэгш дүүрэн” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, 12 аймаг, нийслэлийн найман дүүрэгт “Тэгш дүүрэн” хороог байгуулж байжээ. Харин одоо хөтөлбөр 21 аймаг, нийслэлийн бүх дүүрэгт бүрэн хэрэгжиж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй 300 гаруй хүүхэд сургуульд хамрагдаж, 2000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн зээлийн эргэлтийн сан, малын эргэлтийн сан, жижиг төсөлд хамрагдан өрхийн орлогоо нэмэгдүүлсэн байна.

Статистикийн мэдээгээр манай оронд 113 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байна гэсэн тоо бий. Үүнээс 39 мянга нь хүүхэд байгаа бөгөөд тэдгээр хүүхдийн дийлэнхи нь ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж чадахгүй байна. Дэлхийн хүн амын 10 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд ихэнх нь хөгжиж буй оронд ядуу нөхцөлд амьдарч байна. Тиймээс ч 2006 оны арванхоёрдугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэгш боломж олгох, тэдний “хүн” хэмээх эрхэм чанар, эрх чөлөөг баталгаажуулах зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблей хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколыг батлан гаргасан юм. Мөн 2009 оны арваннэгдүгээр сард НҮБ-ын 64 дүгээр Ерөнхий ассамблей “Мянганы хөгжлийн зорилтуудыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хамруулан ойлгох нь” сэдвийн дор Мянганы хөгжлийн зорилтыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй болгох явдлыг бүрэн биелүүлэх явдалд хувь нэмрээ оруулахаар боловсруулсан үндэсний төлөвлөгөө, хэрэгсэлд хөгжлийн бэрхшээлийн асуудал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруулахыг гишүүн улс орнуудаас шаардсан байна.

    Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж