Кремлийн цагийн зүү биш, нийгэм, улс төрийн “цаг”-ийн зүү огт өөр тоог заах болов. Хятадын тариачид өөрчлөлтийг хүсч, асч бадарч явсантай адил оросууд тоталитар дэглэмийг эсэргүүцэх боллоо. Тэд хаант Оросын үеийн тугийг барьж, үзэл суртлын хаалттай нийгмийн “хөшиг”-ийг хаахыг шаардаж байсан юм. Өөрчлөн байгуулалтын эцэг Михаил Горбачёв 1985 оноос нам, төрийг удирдах болж, ил тод байдал, ардчиллаар Зөвлөлт нийгмийг тэр чигт нь задлах “Перестройка”-г хийж эхэллээ. Хуучнаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд тусгаар орших эхлэл энэ үед тавигдаж, ЗХУ хэмээх товчлол ОХУ болон өөрчлөгдсөн түүхтэй. Орос, Белорус, Украйны удирдагчид 1991 онд хуралдаж, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийг байгуулснаа албан ёсоор зарласан нь энэ түүхийн улбаа.
Харин Монголд. Ерэн оны ардчилсан хувьсгалын үр дүнд Монгол Улс олон намын тогтолцоотой болов. Үндсэн хуулиа баталж, улс орноо БНМАУ биш, Монгол Улс хэмээн дэлхийн газрын зурагт тэмдэглүүллээ. Чингэхдээ тусгаар тогтнол, ардчилсан нийгмийг олон улсад шинэчлэн баталгаажуулж, геополитикийн шинэ тоглогч болсноо тунхагласан нь энэ. Үндэсний эрх чөлөөний хувьсгалаас Ардын хувьсгалын галыг бадамлуулан асаасан Ардын намын түүх ч тэр агшинд үргэлжилж л байв. С.Данзан, Д.Бодоо нарын байгуулсан тус нам Ардын хувьсгалаас ардчилсан хувьсгалын эрин үе хүртэлх түүхийн хатуу хөтүү бүхий л цаг үеийг ард түмэнтэйгээ хамт туулсан юм. Хорьдугаар зууны эхэн, дунд үед Төв Азийн эл жижигхэн улс их гүрнүүдийн тоглоомын улс болохын ирмэг дээр байлаа. Харин Ялтын хэлэлцээрийн үр дүнд дэлхийн улс гүрнүүд Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Хүн амыг бичиг үсэгт сургах, нэгдэлжих хөдөлгөөн, атар газар эзэмших аян зэрэг улс орныг хамарсан шинжтэй шинэчлэлүүдээс гадна хуучнаар БНМАУ НҮБ-ын гишүүнээр 1961 онд элссэн нь Монгол Улсын түүхэнд чухал байр эзэлдэг. Ю.Цэдэнбал таван удаа хөөцөлдсөний үр дүнд эх орноо НҮБ-д данстай болгосон гэдэг шүү. Гэлээ гээд “Энэ чинь БНМАУ-ын л түүх. Харин одоо Монгол Улсын нэн шинэ түүхийн мөчлөг” гэж хэн ч маргахгүй л байна. “Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэдэгчлэн “Түүхтэй маргалдсан хүн цаг үеэсээ төөрөхийн цондон” болох биз. Ерөөс нэр, үзэл баримтлалын өөрчлөлт хэмээгч нь тухайн цаг үеийн шалгуур, түүхийн эволюци аж. МАХН-ын хувьд түүхэн үүргээ гүйцэтгэжээ. Харин одоо Ардын намын нэн шинэ түүх үргэлжилж байна.
МАХН-ын XXII их хурал 1997 оны хоёрдугаар сард болж, намын даргаар Н.Багабандийг сонголоо. Харин Ерөнхий нарийн бичгийн дарга нь Н.Энхбаяр. Тэрбээр тус их хурал дээр “МАХН-ын шинэчлэлийн тулгамдсан асуудлууд” сэдэвт илтгэл тавьж, намын нэр, үзэл баримтлалыг өөрчлөх санал дэвшүүлэв. Гэвч намын нөхөд нь “Н.Энхбаяр Монголын ардчилсан социалист нам байгуулах гэнэ” гэсэн яриаг дуулсан учраас намынхаа нэрийг Монголын ардчилсан хөгжлийн нам болгон өөрчлөх төлөвлөгөөг нь хүлээж авсангүй. Гэхдээ ардчилсан социалист үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам болох уриалгыг нь дэмжжээ. Харамсалтай нь МАХН-д хийсэн Н.Энхбаярын “Перестройка” олигтой үр дүнд хүрсэнгүй. Тус нам УИХ-ын 1996 оны сонгуульд ялагдав. Ерөнхий сайд асан М.Энхсайхантай тухайн үед дайсагналцаж явсан тэрбээр МАХН-ын нэрийг өөрчлөх зорилгодоо хүрээгүй ч өөр нам байгуулж, өөр туг дэрвэлзүүлэх сонирхолгүй байсан юм. Учир нь түүний улс төрийн карьерт МАХН хэмээгч энэ товчлол хамгийн том фон, басхүү “өргөгч цамхаг” нь байлаа. Соёлын сайд, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, бүр улсын Ерөнхийлөгч хүртэлх төрийн бүхий л өндөр албан тушаалд энэхүү “өргөгч цамхаг” түүнийг түвэггүйхэн аваачсан.
Экс Ерөнхийлөгч өдгөө Ардын намын гишүүн. Басхүү шийдвэр гаргагч томоохон бүтэц болох Бага хурлынх нь гишүүн. Гэхдээ тэр тусдаа “Улаан гэр”-ийн бүлгэм байгуулжээ. МАХН-ын түр штаб хэмээгч социализмын үеийг санагдуулам уриа лоозон бүхий энэхүү “Улаан гэр”-ийн эзэн нь Н.Энхбаяр. Экс Ерөнхийлөгч болон түүний нөхөд МАХН-ыг Ардын нам хэмээж, үзэл баримтлалыг нь шинэчилсний улмаас улс төрийн ийм алхам хийхэд хүрсэн гэжээ. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийг эргэн санацгаая. Н.Энхбаяр, бүр түүний эцгийн нэрийг зарим сонгогч “Number one” болгон өөрчлөхөд тэр лав дургүйцээгүй. Харин ч өөрийг нь ийн нэрлэснийг таашааж байлаа. Харин Ардын намын түүх шинэ зуунд шив шинэхнээр үргэлжилж эхлэхэд С.Данзан, Д.Бодоо нарын барьсан “гэр” рүү үе, үе дайрах болсон нь Соёлын довтолгоон мөн гэж үү. Улс орноороо шилжилтийн үеийг “Баяртай” хэмээн үдэхтэй зэрэгцэн Н.Энхбаяр нар алдсан бүхнээ эргүүлж авахын төлөө МАХН хэмээгч товчлолыг зэвсэг болгон ашиглах болжээ. Гэхдээ түүх түүхээрээ л байдаг. Дэн өвөө нэгэн цагт “Муур ямар өнгөтэй байх нь чухал бус, хулгана барьж чаддаг байх нь л чухал” хэмээж байсан. Тэгвэл МАХН нэрээ өөрчилсөн нь чухал биш, Ардын намынхан түүхийн нэн шинэ цаг үед улс орныг хөгжүүлэх дорвитой бодлого хэрэгжүүлэх нь хэрэгтэй баймаар сан.
С.БАТТУЛГА
"Улс төрийн тойм" сонин