Цэнхэрмандалын зам ашиглалтанд орлоо

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Цэнхэрмандалын зам ашиглалтанд орлоо

Монгол улсын хэвтээ тэнхлэгийн дагуух улсын чанартай авто зам буюу мянганы замыг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумтай холболоо.

Мянганы замыг ойр орчмын сум суурин газар, орон нутагтай холбох тухай асуудал Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан бөгөөд Цэнхэрмандал сум руу 3,1 км хатуу хучилттай замыг 790 сая төгрөгийн улсын төсвийн хөрөнгөөр барьжээ. Цэнхэрийн замын хоолны газраас сумын төв хүртэл үргэлжлэх уг замыг Засгийн газрын Авто замын газрын хэрэгжүүлэгч агентлаг, мөн “Хан Суун” компани гардан хийж гүйцэтгэж орон нутагт хүлээлгэн өглөө. Уг замын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга Ц.Лхагвасүрэн, Авто замын газрын дарга Энхтөр, аймгийн “Харгуй” ТӨҮГ-ын захирал Д.Магсаржав, Цэнхэрмандал сумын засаг дарга Ж.Энх-Амгалан нарын албаны хүмүүс оролцлоо.

Асбальтан хучилттай замыг +15 градусаас дээш хэмтэй нөхцөлд тавьдаг агаад уг замын тендер оройтож зарлагдсан, мөн хөрөнгө мөнгө нь хожуу шийдэгдсэнээс болж энэ замыг 10 сар гарснаас хойш барьсан учир чанарын шаардлага хангахгүй байгаа нь харагдаж байлаа. Зам тавьсан компани нэг жилийн хугацаанд баталгаат засварыг хариуцдаг бөгөөд үүнээс хойш сум орон нутаг өөрсдөө хариуцдаг тул замын шаардлага хангахгүй хэсгүүдийг дахин сэргээн засварлана гэдгээ “Хансуун” компанийн захирал Алтансүх  мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Цэнхэрмандал сум бол мянганы замын ойролцоо оршдог, Багануур, Улаанбаатар хотуудтай автозамаар холбогдон, сүүлийн жилүүдэд сумын хөгжил мэдэгдэхүйц дээшлэн иргэдийн амьжиргаа, амьдралын чадавхи, ажил бизнес эрхлэхэд ихээхэн үр нөлөөтэй үндэс суурь нь болж байна. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Уг зам сумын иргэд болон сум орон нутгийн хөгжилд томоохон дэмжлэг,  ач холбогдол бүхий бүтээн байгуулалт боллоо. Мөн ирэх онд суманд 320 хүүхдийн суудалтай шинэ сургууль барихаар төлөвлөөд байгаа” гэлээ.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж