Ё.Отгонбаяр сайдын анхааралд!

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Ё.Отгонбаяр сайдын анхааралд!

Баян­зүрх дүүргийн XX хороо, Гачуурт тосгоны 85 дугаар сургуулийн дотуур байр 120-150 хүүхдийн багтаамжтай. Багтаамжийнхаа хэрээр хөрөнгө батлуулдаг боловч хүүхдүүд нь хоолондоо цаддаггүй, ариун цэврийн наад захын шаардлага хангадаггүй гэсэн мэдээллийн мөрөөр сурвалжиллаа. Сургуулийн хажууханд орос хийцээр барьсан хоёр давхар хуучны цагаан байшин харагдсан нь тэр орчмын дөрвөн аманд байдаг малчдын хүүхдүүдийн байрлах дотуур байр аж. Дотогш ороход олон хүүхдийн хөлсний үнэр ханхалж, хүйт даасан зэврүүхэн  байр угтлаа. Өглөөний цай нь 07.30 цагт эхэлдэг тул өдөр хичээлтэй хүүхдүүд хараахан босоогүй байсан бол, өглөө хичээлдээ явдаг хүүхдүүд ороо хурааж, гар нүүрээ угаахаар бэлдэж байв. Нэгэн ижил бүтээлгийг хүүхдүүд хөнжилдөө нэмэр болгож хучдаг бололтой тэгэхээр байрны халаалт нэг их сайнгүй аж. Амнаас нь уур савсаж, хүүхдүүд чичрэхгүй ч жиндэж байгаа нь илт.

ДОТУУР БАЙРНЫ ХҮҮХДҮҮД: ЯМАР ГОЁ ВЭ, ХОЁР ЕЭВЭН ИДЭЖ, СҮҮТЭЙ ЦАЙ УУЛАА ШҮҮ ДЭЭ

Хамгийн эхний өрөөний дөрвөн хөвгүүнээс хоолондоо цаддаг эсэхийг нь асуухад “өлсдөггүй” хэмээн дотуур байрны багш нарынхаа дэргэд хэлж байлаа. Хоолны хүрэлцээний талаар дотуур байрны хүнсний нярав Т.Гантунгалаг ийнхүү ярьсан юм.

-Хүүхдүүд хоолондоо цаддаггүй тухай гомдол ирсэн юм. Танай дотуур байрны зүгээс хүүхдүүдэд бага хоол өгдөг гэсэн?

-Манай дотуур байранд ирсэн хүмүүс хоолны давтамж сайтайг нь гайхаад явдаг байхад хүүхэд өлсөх гэсэн асуудал юу гэж байх вэ. Манайх өглөө 07.30 цагт өглөөний цай, 11, 16 цагт хүүхдийн будаа, 13 болон 18 цагт нэг, хоёрдугаар хоол өгдөг юм. Манай хүнсний агуулахад хураалттай байгаа зүйлийг хар л даа. Ийм байхад бид хүүхдүүдийг өлсгөнө гэж байхгүй.

-Өглөөний цай гэж тал еэвэн нэг аяга хар цай өгч байхад хүүхдүүд цадахгүй байх нь аргагүй биш үү?

-Нэгдүгээрт тал биш бүтэн еэвэн өгдөг. Өмнө нь хүүхдийн будаатай өгдөг байхад асгаж цутгаад байхаар нь цайтай өгдөг болсон юм. Дотуур байрны нэг хүүхдийн хоолны мөнгөнд 868 төгрөг төсөвлөдөг. Гэхдээ үүнээс илүүг манай дотуур байрны хүүхдүүд идэж байгаа. 

-Хүүхдүүдийн хоолонд сард хэдэн төгрөг зарцуулдаг юм бэ?

-Нэг сард 4.2 сая төгрөг хоол хүнсэнд зарцуулдаг.  

Ийнхүү ярилцаж байтал өглөөний цайнд орох хонх дугарлаа. Харин өнөөдөр хүүхдүүдэд тус бүр хоёр ширхэг еэвэн, сүүтэй цайтай өгсөн юм.

Харин хүүхдүүд гадаа гарсныхаа дараа хоолондоо сайн цаддаггүйгээ хэлж байсан. Өглөө хар цай, нэг еэвэн өгдөг байсан чинь өнөөдөр хоёр еэвэн, сүүтэй цай өглөө хэмээн баяртайгаар ярьж байсан хүүхдүүдийг өрөвдөхгүй гээд яах билээ.

Учир нь өдөрт хоёр удаа хоол өгдөг, хоёр удаа хүүхдийн будаа өгдөг гэсэн яриа нь үнэн хэрэгтээ нэг удаа л болж таарсан юм. Өдөр ордог ангийнхан нь 11 цагт хүүхдийн будаа идэж, орой ирээд 18 цагт хоол иддэг бол өглөө ордог ангийнхан нь 13 цагт хоолоо идээд 16 цагт хүүхдийн будаа иддэгийг сурагчид  хэлж байлаа.

БӨГЛӨРСӨН УГААЛТУУР, ПААРНЫ УСАНД ДУГААРЛАХ ХҮҮХДҮҮД, ХАЛДВАРТ ШАР ӨВЧИН…

Хоолны асуудлаас гадна эндхийн дотуур байранд ариун цэвэр сахих хамгийн асуудалтай зүйл гэсэн учир энэ талаар байрны багш Ц.Миажаваас лавласан юм.

-Ус дутагдалтай байдаг учир хүүхдүүд ариун цэврээ сахихад хүндрэл учирдаг гэсэн. Усны асуудлаа хэрхэн зохицуулж байна вэ?

-Гачууртад ганцхан л гүний худаг байдаг. Энэ худгаас энэ хавийнхан усныхаа хэрэгцээг хангадаг. Манай дотуур байр усаа нөөцөлдөг том савнуудтай. Тэр савнуудыг худагтай хоолойгоор холбочихсон байдаг юм. Усаа дуусахаар хүүхэд гүйлгээд шахуулчихдаг. Энэ савнаас угаалгын өрөө рүү орсон хоолойтой. Тийм учраас усны дутагдал гарна гэсэн асуудал байхгүй.

-Хүүхдүүд нэлээн бохир орчинд гараа угаадаг юм байна. Ямар нэгэн өвчин гарах магадлал өндөр юм биш үү. Эмчтэй юу?

-Эмч байхгүй ээ. Манай сургуульд ч эмч байдаггүй юм. Энүүхэнд өрхийн эмнэлэг байдаг болохоор тэр байх.

Эндхийн дотуур байранд  хамгийн асуудалтай зүйл нь ариун цэвэр сахих бололтой. Угаалгын өрөөнийх нь угаалтуурууд бөглөрсөн учир нэлийсэн угаадсан дунд хүүхдүүд паарны усаар нүүр, гар, шүдээ угаах дүр зураг өр өвтгөнө. Эндхийн хүүхдүүдэд өглөө боссоных нь дараа ”Паарнаас ус авдаг тусгайлан бэлдсэн ундааны саваа аваад угаалгын өрөө рүү алхаад марш” гэдэг команд үйлчилдэг аж. Тэд паарнаас гоожих усаа дараалал үүсгэн байж авсныхаа дараа бөглөрсөн угаалтуурт очиж, нэг нэгнийхээ гар дээр ус хийж өгч угаалга үйлдсэнээр ариун цэвэр сахих ажил нь дуусгавар болдог аж. Багшийнх нь хэлснээр крантны усаар угаадаг гэж байсан ч хүүхдүүд усны савнаас мотороор ус татдаг учир тэр болгон залгаад байдаггүй, голдуу паарнаас л ус аваад нүүр, гараа угаачихдаг тухайгаа  ч хэлж байлаа. Усны савнууд байдаг хоёр давхрын өрөөнд ороход ойролцоогоор 500 литрийн бололтой таван хуванцар саванд худгаас ус шахаж байх юм.  Усны хэрэглээ болон хичээл давтах үүргийг давхар гүйцэтгэдэг энэ өрөөнд усны савнуудынх нь дэргэд сурагчийн ширээ эгнүүлэн өрсөн байсан ч ус гоожих чимээ нь хичээл хийх нам гүм байдалтай нэг л зохицохгүй мэт.

Дотуур байрнаас гараад сургуулийн захиралтай уулзах гэсэн боловч тэрбээр сургууль дээрээ 09.10 цагт ирдэг учир хоосон хаалга мөргөлөө. Гэсэн ч түүний тайлбарыг авахын тулд хүлээхээр шийдлээ. Энэ хооронд дотуур байрнаас нимгэн хувцастай хөвгүүд гадаах жорлон руу, охид хогоо асгахаар хогийн цэг рүү гүйж байхыг харав.

Тус сургуулийн захирал Ж.Шарааг сургууль руугаа явах замд нь хэдэн үг солилоо.

-Танай сургуулийн дотуур байрны хүүхдүүд ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд өлсгөлөн амьдарч байна. Төсөвлөсөн мөнгө нь юунд зарцуулагдаад байна вэ?

-Дотуур байранд тусдаа хөрөнгө төсөвлөнө гэж байхгүй шүү дээ. Сургуулийн санхүүжилттэй хамт төсөвлөгдөж ирдэг. Хоолонд сард 4.2 сая төгрөг зарцуулдаг. Харин дулаан авдаг “Түшиг хангай” ХХК-д өртэй явсаар 10 дугаар сараас эхлэн дулааны төлбөрт тодотгол хийсэн байгаа. Манай сургууль, дотуур байрны талбай нийт 12948 ам метр. Энэ компани нэг ам метр талбайг 462 төгрөгөөр халаадаг. Энэ тооцоогоор бид сард 5.9 сая төгрөг дулаанд төлөх ёстой байхад төсөвт 4.1 сая төгрөг болтол нь танаж ирдэг. Харин 10 дугаар сараас эхлэн тодотгосноор 7.3 сая төгрөг  болсон.

-Санхүүжилтийг хаанаас баталдаг юм?

-Шаардлагатай мөнгөн дүнг дүүрэг рүү явуулдаг. Нийслэлийн боловсролын газраас л санхүүжилтийг баталдаг байх гэж бодож байна.

-Дотуур байрны санхүүжилт батлуулахдаа дээд хязгаараар нь тооцдог биз дээ. Гэтэл өнөөдөр хүүхдийн тоо бүрдээгүй байхад яагаад ийм тохьгүй амьдруулж байна вэ?

-Дотуур байр нийт 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Үүгээрээ ч тооцон санхүүжилт батлуулдаг. Өнөөдрийн байдлаар 88 хүүхэд амьдарч байгаа нь үнэн. Гэхдээ энэ оны санхүүжилтийг миний өмнө сургуулийн захирал байсан С.Энхжаргал батлуулсан. Ер нь гачуурт тосгон цэвэр бохир усны шугаманд холбогдоогүй, тэр ч бүү хэл ганц ч халуун усны газаргүй дориухан сумаас ч дор газар шүү дээ.

-Тохьгүйгээс гадна ариун цэврийн наад захын шаардлага хангахгүй байгаа нь үнэн байна шүү дээ?

-Энэ асуудал тухайн байрны ажилтнуудын хариуцлагагүй байдлаас үүссэн байхыг үгүйсгэхгүй.

Монголын ирээдүй болсон хүүхдүүд бохир орчинд ходоод нь өлсгөлөн суралцаж байна. Энэ асуудалд салбар хариуцсан сайд Ё.Отгонбаяр та анхаарлаа хандуулна уу.

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж