Ж.Чулуунбат: Үндэсний бөхийн цолоо ахиулах бодол бий

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Ж.Чулуунбат: Үндэсний бөхийн цолоо ахиулах бодол бий

“Гуанжоу-2010” Азийн XVI спортын их наадмаас Монголын чөлөөт бөхийн тамирчид ганзага дүүрэн ирсэн билээ. Хүсэн хүлээж авсан аваргын алтан медалийг ихэрлүүлж, мөнгө, хүрэл медалийг мөн хослуулсан чөлөөтийнхнөөс Азийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох 120 кг-ын жинд өрсөлдөж, мөнгөн медалийн эзэн болсон Ж.Чулуунбат манай редакцид уригдлаа.

-Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэнд тань баяр хүргэе. Аваргын төлөө дэлхийн шилдэг бөхтэй хүч үзлээ. Олимпийн хошой аварга, хүрэл медальт, дэлхийн аваргын хошой алт, хошой мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын хошой аварга, Азийн тивийн аварга бөх байсан болохоор сүрдэж л байлаа. Дэлхийд нэрээ тамгалсан мундаг бөхтэй барилдахад ямар байв?
-Боломжийн барилдсан гэж бодож байна. Артур Таймазов бол амьд домог шүү дээ. Тэр тусмаа дэлхийн шилдэг бөх, олимп, тив, дэлхийн аварга болж байсан туршлагатай тамирчин гэж айж бэргэлгүй сайхан барилдъя л гэж бодож байсан. Өмнө нь таарч барилдаж байгаагүй ч ерөнхийдөө барилдааныг нь мэднэ. Артур Таймазов баруун талтай, харин би зүүн барилддаг болохоор тал зөрөх асуудал байсан.
-Азийн наадмын барилдаануудынхаа тухай яриач?
-Эхний барилдаандаа хийлээд шөвгийн наймд Туркменистаны бөхийг хоёр үед дараалан 6:0-ээр ялсан. Гуравдугаар тойрогтоо зооны аваргын төлөө Хятадын бөхтэй барилдаж ялсан байгаа. Эхний үед хэн хэн нь оноо авч чадалгүй шодож, хожигдоод хоёр, гуравдугаар үед нэг онооны зөрүүтэй ялалт байгуулсан. Харин аваргын төлөө 3:0, 1:0-ээр ялагдаж, мөнгөн медаль хүртлээ.

-Энэ удаагийн наадмын шүүлтэд манайхан жаахан сэтгэл гонсгор байсан. Чөлөөт бөхийн тэмцээний хувьд энэ тал дээр ямар байсан бэ?
-Чөлөөт бөхийн хувьд тийм асуудал байгаагүй. Шүүлтийн тал дээр гомдолтой байгаа бол дасгалжуулагч, багш нар түүнийгээ илэрхийлэх эрхтэй байдаг. Тийм ч учраас шүүх бүрэлдэхүүн, шүүлтийн тал дээр асуудал гараагүй.

-Манайхаас хоёр шүүгч наадмын шүүх бүрэлдэхүүнд багтсан байсан?
-Олимпийн зэрэглэлийн шүүгч А.Басхүү багш, Д.Сэрээтэр нар Азийн наадамд шүүгчээр ажилласан.

-Азийн наадамд манай чөлөөтийнхөн амжилттай оролцоод ирлээ. Сүүлийн үед уналтад ороод байсан чөлөөт бөх дахин сэргэж байна гэж ярьж байна?
-Ер нь 2010 он гарсаар чөлөөтийн шигшээ багийнхан маань бэлтгэл сайтай байсан. Эрэгтэйчүүдийн шигшээ багийн хувьд сүүлийн үед тааруу амжилттай байсан ч оны сүүлийн, томоохон тэмцээнд амжилттай оролцсонд сэтгэл өег байгаа. Цаашдаа ч энэ эрчээ алдалгүй, олон уралдаан, тэмцээнд амжилт гаргахын төлөө хичээх ёстой. Монгол Улсад чөлөөт бөх үүсч хөгжсөний 50 жилийн ой ирэх жил тохионо. Хагас зуун жилийн ойдоо зориулж манай тамирчид Азийн наадамд амжилттай оролцон, том бэлэг барилаа гэж бодож байна.

-Таны хувьд 2010 он сайхан амжилтаар өндөрлөж байна. Энэ жил олон улсын чанартай ямар тэмцээнүүдэд оролцсон бэ?
-Он гарсаар нийт найман тэмцээнд оролцлоо. Түүнийхээ хэрээр бэлтгэл сайн, туршлага ч суусан гэх үү дээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс бусад бүх тэмцээнд хувийн зардлаар явсан. Энэ бүгдэд нутгийн маань ах, эгч нар тусалж байсныг онцолж хэлмээр байна. н.Дорждэрэм захиралтай “Bridge” группын хамт олон, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутгийн зөвлөл намайг үргэлж дэмжиж байдаг.  Мөн Монгол Улсын начин Б.Сэр-Од, “MCS” группийн Элдэв-Очир ах, Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар гээд надад үргэлж тусалж, дэмжиж байдаг хүмүүстээ энэ дашрамд баярлаж явдгаа илэрхийлье. Бас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо болон н.Хүрэлсүх захиралтай “Нармон” ХХК-ийн хамт олонд талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Мөн "Арслан" клубын дасгалжуулагч Б.Баттулга багшдаа, мөн гавьяат тамирчин Б.Наранбаатар ахдаа маш их баярлаж явдгаа энэ дашрамд хэлэхийг хүсч байна. Багш маань одоо гадаадад гэрээгээр ажиллаж байгаа.

-Та “Сүлд”-ийн тамирчин билүү?
-Тийм ээ. Энэ хамт олон маань миний амжилтын ард байсан хүмүүс юм. “Сүлд” спорт хороо олон сайхан тамирчдыг бэлтгэж, дэмжиж тусалж явдагт талархаж байдгаа илэрхийлье.

-Та өмнө нь “Доха-2006” наадамд оролцож байсан. Харин дөрвөн жилийн дараа Азийн наадмын медалийн тавцанд гарлаа?
-Дохагийн наадам миний хувьд анхны олон улсын чанартай, томоохон тэмцээн байсан. Тухайн үед хоёр тойрог барилдаад дэвжээнээс бууж байлаа. Харин дөрвөн жилийн дараа мөнгөн медаль хүртэж, тайлангаа тавилаа гэж хувьдаа дүгнэж байгаа.

-Энэ хугацаанд тив, дэлхийн аваргад хэдэн удаа эх орноо төлөөлөн оролцож байв?
-Дэлхийн аваргад хоёр удаа, Азийн аваргад гурван удаа оролцож байсан. 2008 оны Азийн аваргаас хүрэл, 2010 онд мөнгөн медаль хүртэж байсан. Энэ жил тивийнхээ хэмжээнд хоёр удаа финалдлаа.

-Москва хотноо болсон дэлхийн аваргыг эргэн дурсвал?
-Дэлхийн аваргад 120 кг-д 28 бөхөөс 13-р байрт орсон. Миний хувьд медаль хүртэх бололцоо байсан, харамсалтай нь, өөрийгөө бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй. Дэлхийн аваргад би хоёр тойрог барилдаад тэмцээнээ дуусгасан. Хятадын бөхтэй барилдахад би өөрөө тактикийн алдаа гаргачихсан. Шийдвэрлэх гуравдугаар үед оноо авч чадалгүй, барьц сонгуулаад ялагдсан. Хэрэв Хятадын бөхийг ялсан бол Грекийн бөхтэй барилдах байсан. Санаанд минь багтаж л байлаа.

-Дараагийн тэмцээн нь ямар тэмцээн байх бол?
-Он гараад Европын цувралууд эхэлнэ. Миний хувьд ерөнхийдөө амрах маягтай, хүчний бэлтгэл түлхүү хийнэ. Гэхдээ бэлтгэлээ тасалдуулахгүй.

-Тэгвэл ойрын зорилго?
-Ирэх жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоод Лондонгийн олимп. Олимпийн эрхийн оноо олгох тэмцээнд амжилттай оролцож, олимпийн эрхээ авахыг зорьж байна. Мөн Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд зодоглох бодолтой байгаа.

-Хүмүүс таныг үндэсний бөхөө орхилгүй, үндэсний бөхөөрөө амжилт гаргаасай гэж хүсдэг юм билээ. Ингэхэд та аль аймагт түрүүлж, аймгийн арслан цол хүртэж байв?
-2005 онд Баянхонгор аймагт түрүүлж байсан.

-Ер нь үндэсний бөхөөр барилдах нь чөлөөт бөхөд ч давуу тал болдог байх?

-Харилцан давуу талтай л даа. Ялангуяа их спортоор хичээллэдэг тамирчны хувьд байнгын бэлтгэл сургуулилттай байдаг болохоор олон жил үндэсний бөх барилдаж, тогтмол амжилт гаргах боломжтой болдог.

-Таны барилддаг 120 кг-ын жинд одоо ямар бөхчүүд дэлхийд ноёлж байна?
-Ер нь Оросын бөхчүүд дэлхийд ноёлсон хэвээр. 120 кг-ын жинг одоо Таймазов, Махов хоёр тодорхойлж байна. Оросын бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийвэл Монголын тамирчдад их нэмэртэй байх болов уу гэж бодогддог юм. Одоохондоо Монголд хүнд жингийн бөх цөөн, дээр нь ур чадвар сайтай, уран мэхтэй бөх бага байна. Тиймээс тамирчин хүний хувьд, миний хувьд өсч дэвжих, илүү ихэд суралцахад тэр талаас бэрхшээл тулгардаг. Одоо бол ах нараасаа суралцаж, олон уралдаан, тэмцээнд оролцох хэрээр бусдаас суралцаж, туршлага хуримтлуулж байна даа.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж