О.Болд-Эрдэнэ: Жиу-жицуг жүдо бөхийн эцэг спорт гэдэг

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

О.Болд-Эрдэнэ: Жиу-жицуг жүдо бөхийн эцэг спорт гэдэг

Жүдо, самбо бөхийн ОУХМ Одсүрэнгийн Болд-Эрдэнэ тулааны урлагийн өөр нэгэн төрөл жиу-жицугийн спортоор хичээллэж, Монгол Улсад жиу-жицу болон Бразилийн жиу-жицу барилдааны спортыг эрчимтэй, тууштай хөгжүүлэх үйлсэд гар бие оролцон зүтгэж яваа юм. Манай шилдэг жүдочдын нэг Г.Дашдаваа, Б.Мягмардорж нартай хамтран тэрбээр 2007 онд Монголын жиу-жицу бөхийн холбоог үүсгэн байгуулсан бөгөөд өдгөөг хүртэл Монголын тамирчид олон улсын чанартай уралдаан, тэмцээн, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байна. Түүнтэй уулзаж, Монгол улсад шинээр хөгжүүлж буй жиу-жицу бөхийн талаар ярилцлаа.

-Та саяхан Токио хот­ноо болсон олон улсын тэмцээнээс алтан ме­даль хүртсэн байна. Энэ тэмцээний талаар яриагаа эхлүүлье.

-Японы нийслэл Токио хотод өнгөрсөн сарын 28-нд болсон жиу-жицугийн олон улсын тэмцээнд манай улсаас гурван тамирчин оролцож, ахмадын ангилалд өрсөлдсөн Б.Мөнх-Учрал бид хоёр алтан медаль хүртлээ. Миний хувьд 82 кг-ын жинд өрсөлдсөн. Ха­рам­салтай нь, манай Г.Даш­­даваа барилдааны үед шагайндаа гэмтэл авсан тул тэмцээнээ дуусгаж чадаагүй. Энэ тэмцээнд олимпийн наа­­­дамд оролцож байсан дэлхийн цуутай тамирчид ирж оролцсоноороо онцлог болсон.

-Жиу-жицугийн спор­тын тухай та товч та­нил­цуулаач. Анзаарч байхад манай жүдочид нэлээд сонирхож байгаа бололтой?

-Жүдотой төстэй л дөө. Гэхдээ гол мэх нь хөл, гарт өчих. Боох мэхээр цэвэр ялдаг. Хэрэв боолт байхгүй тохиодолд унагаах, хэвтээ барилдааны үзүүлэлтээр оноо өгдөг дүрэмтэй. Онооныхоо үзүүлэлтээр ялалт байгуулна. Онооны илт давуугаар ялна гэсэн ойлголт байхгүй. Цаг дууссан нөхцөлд онооны чана­рыг хараад аль их оноотой нь ялна.

-Жиу-жицу барилдаан Брази­лаас гаралтай гэж сонссон?

-Жиу-жицу дотроо хоёр төрөл бий.  Нэг нь Японоос гаралтай, өшиглөдөг, цохидог. Харин бразилийн жиу-жицу нь цохилцохгүй, зөвхөн хэвтээ байдлаар барилддаг. Fighting төрөлд бразил жиу-жицучид их алдартай л даа. Ялангуяа Америкт өндөр төв­шинд хөгжсөн. Бүх муж, хотуудад бараг гудамжны булан, тохой болгонд жиу-жицугийн клу­бууд байдаг. Хөгжлөөрөө жүдо бөхөөс ч илүү, 90:10 хувьтай гэж болно.

-Саяхан та бүхний зо­хион байгуулсан УАШТ бразил жиу-жицуд ха­маарах уу?
-Тийм ээ. Өмнө нь манайхан 2008 онд Япон жиу-жицугийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Д.Мөнх­баясгалан түрүүлж байсан. Японы жиу-жицу нь зодолддог болохоор тулааны спортынхон илүү өндөр амжилт гаргах боломжтой.

-Бразилийн жиу-жицу үүсч хөгжөөд хэр удаж байгаа спорт вэ?

-Жиу-жицуг жүдо бөхийн эцэг спорт гэдэг. Эрт дээр үеэс, бараг гурав, дөрвөн зуун жилийн өмнө Бразилд дэлгэрээд, бразилчууд түү­ний­гээ өөрсдийн үндэсний спорт болгон авч үлдсэн байдаг юм. Тэр ч утгаараа бразилд өндөр хөгжсөн, энэ спортоор бразилчууд мундаг, хүчтэй. Fighting-ийн төрөлд ч бразилийн жиу-жицучид өндөр амжилт үзүүлдэг. Энэ спортын нөлөө Америкт ч асар өндөр. Нэг тэмцээн бо­ло­ход хамгийн багадаа л 1000 гаруй тамирчин оролцож байна.

-Монголд жиу-жицу­гийн хол­боо хэзээ бай­гуулагдсан бэ?

-Бид анх 2007 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож ирснийхээ дараа Монгол Улсдаа жиу-жицугийн холбоог үүсгэн байгуулахаар сэтгэл шулуудсан. Энэ жилээс бүстэй барилдаан, жиу-жицугийн холбоог нэгтгэж, Монголын жиу-жицу, бүстэй барилдааны нэгдсэн холбоо нэртэй болгосон байгаа. Азийн холбоо бас нэгдсэн хэлбэртэй байдаг. Өмнөд Солонгост ч мөн адил.

-Бүстэй барилдааны ту­хай сонирхуулаач?
-Бүстэй барилдаан бол татараас гаралтай. Тэндхийн үндэсний бөх л дөө. Зөвхөн ба­руун золгодог. Манай үн­дэс­ний бөхчүүд энэ төрөлд амжилт үзүүлэхэд нэлээн ойр спорт. Сая ч гэсэн бүстэй барил­дааны улсын аварга шал­­гаруулах тэмцээнээр үн­­дэс­ний бөхчүүд маань сайн барилдсан. Гол нь зөв­хөн баруун золгодог, унагалтын үзүүлэлтээр оноо авдаг. Жүдотой харьцуулж тайлбарлавал, иппонд нь цэвэр ялалт өгөөд, вазарид нь гурван оноо, юүко шиг унагахад нь хоёр, коко шиг унагахад нь нэг оноо өгөх жишээний.

-Жингийн ангиллын хувьд?

-Жүдо бөхтэй яг ижил. Эрэгтэй, эмэгтэй долоон жинд барилдана.

-Бүстэй барилдааны онц­лог нь чухам юундаа байна вэ?

-Гол нь бүс. Ямар ч үед бүсээ тавьж болохгүй. Алдсан тохиолдолд шууд торгоно, гурван удаа торгуулвал барилдаан шууд зогсоно. Мэх хийж байсан ч, хамгаалж бай­сан ч, өрсөлдөгчөө уна­гааж, өөрөө унаж байсан ч бүсээ барьж байх ёстой. Ер нь бразилийн жиу-жицу болон бүстэй барилдаан тамирчдын хувьд эрсдэл багатай, гэмтэл бэртэлд өртөх нь харьцангуй бага.

-Монголчууд маань бө­хөд авьяастай болохоор жиу-жицугийн төрөлд ч бас амжилт гаргах боломжтой байх?

-Тийм ээ. Нэг үеэ бодвол хүмүүс жиу-жицуг мэддэг болсон байна. Саяхан болсон улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болсонд их урамшсан. Хүмүүс ч нэлээд сонирхож үзлээ.

-Улсын аварга шал­га­руулах анхдугаар тэм­цээн хэр өргөн цар хүрээг хамрав. Хэдэн тамирчин өрсөлдсөн бэ?

-Жиу жи-цу болон бүстэй барилдааны улсын аварга шалгаруулах анхдугаар тэм­­цээ­нийг Монголын ца­хил­гаан холбоо компаниас ивээн тэтгэж явууллаа. Жиу-жицугийн улсын авар­гад 110 гаруй, бүстэй барил­даанд 140 гаруй тамирчин оролцсон. Зарим тамирчид аль аль төрөлд нь өрсөлдсөн байгаа. Нийтдээ 20 гаруй байгууллагын тамирчин оролцсон. Ялангуяа бүстэй ба­рил­даанд илүү олон та­мирчин, тэр дундаа чө­лөөтийнхөн их орсон.

-Чөлөөт бөхийнхөн бүс­тэй барилдаанд зодоглох боломжтой хэрэг үү?

-Гадны улс орнуудад бүстэй барилдаанд чөлөөтийнхөн илүү өндөр амжилт үзүүлдэг. Нэн ялангуяа сонгомол бө­хийнхөн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гэхэд л Оросын сонгомол бөхийнхөн маш сайн оролцдог.

-Жиу-жицугийн спор­тоор манай тамирчид олон улсын тэмцээнээс олон медаль хүртэж, амжилт арвинтай бай­гаа. Харин бүс­тэй барилдаанаар Мон­го­лын тамирчид олон ул­сын тавцанд ямар ам­жилт гаргаж байсан бэ?

-Х.Цагаанбаатар 2006 онд дэлхийн аварга болж байсан. Мөн Б.Ариун-Эрдэнэ дэлхийн аваргын мөнгөн медальтай. Бас тэр жил болсон анхны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Н.Түвшинбаяр алт, С.Мияарагчаа мөнгө, н.Тэнгис хүрэл медаль хүртэж байсан. Дараа нь, 2008 онд Киргизид болсон Азийн аваргаас би хүрэл медаль авсан.

-Жиу-жицугаар тууш­тай хичээллэж байгаа тамирчин хэр олон байна вэ?

-Г.Дашдаваа, С.Мияарагчаа бид хэд л байна. Гэхдээ хүүхэд, багачууд жиу-жицугаар идэвх­­тэй хичээллэж эхэлсэн. Жүдогийн бэлтгэлийн үеэр давхар жиу-жицугийн бэлтгэл хавсарч хийж байгаа. Хэвтээ барилдаандаа сайжирна гэсэн үг л дээ. Ер нь бразилийн жүдочид хэвтээ барилдаандаа мундаг, энэ нь жиу-жицутай холбоотой. Жиу-жицуд суурь­тай, тэгэхээр жүдод үзүүлж байгаа амжилт нь голдуу хэвтээ барилдаанаас байдаг. Жуи-жицуг жүдогийн дагавар спорт маягаар зэрэг хөгжүүлбэл жүдогийн та­мирч­дад маш том дэмтэй. Хэв­тээ барилдаандаа сайжирна. Бас заавал жүдо ч гэлтгүй дан энэ спортоор хичээллээд цаашдаа fighting-т өрсөлдөх боломжтой. Тулааны та­мир­чин Д.Мөнхбаясгалан гэ­хэд л манай холбооны журмаар Америкт амьдарч, жиу-жицугаар хичээллэж байна. Америкт манай таван тамирчин байгаа.

С.Шүр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж