”Анод”-ын хэргийг дахин шалгана

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

”Анод”-ын хэргийг дахин шалгана

Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хоёр он дамжин шалгаж буй “Анод” банкны 1200 гаруй хувьцаа эзэмшигчийн мөнгийг хувьдаа завшсан, бусдад их хэмжээний хохирол учруулсан сэжигтнүүдийн хэргийг шалгаж  дуусч нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн юм. Харин өнгөрсөн долоо хоногт хяналт тавьж буй  прокурор  хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Олон арван хувьцаа эзэмшигчдийг хохироож  “Анод”-ыг дампуурахад  хүргэсэн гэж тус банкны ТУЗ-ын гишүүн  Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр болон Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нарыг яллагдагчаар  татан шалгаж буй тухай  мэдээллийг  өмнө нь хүргэж байсан билээ. Тэдний араас  Монгол банкны Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Ганбаатар  ч дуудагдаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээллээр түүнийг гадаад суралцаж байхад нь уг хэрэгт холбогдуулан дуудаж авчирсан байна. Одоогоор  тэрбээр эхний мэдүүлгээ өгч эхэлсэн сурагтай. Мөн “Анод”-ын ТУЗ-ын дарга Н.Даваа өнгөрсөн онд   мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлгээс буцаж эхэлсэн бололтой. Түүний мэдүүлгийг үндэслэн хэд хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Тус банк өмнө нь  Санхүүгийн зохицуулах хороонд үнэт цаас бүртгүүлэхтэй холбоотой ирсэн баримт материал нь 2004-2007 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан болон хөрөнгийн үнэлгээ өгөх тусгай зөвшөөрөл зэргийг хуурамчаар үйлдэхэд дээрх албан тушаалтнуудыг  холбоотой гэсэн урьдчилсан таамаг бий.Уг хэрэгт нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Базаррагчаа хяналт тавьж буй бөгөөд албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний мөнгө завшсан “Анод” банкны удирдлагуудад ЭХ-ийн тусгай ангийн 156.3, 143 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдүүлэхээр төлөвлөсөн байна. Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нарыг “Анод” банкнаас хуурамч IPO гаргахад хяналт тавиагүй, тус банкны удирдлагуудтай хуйвалдан бусдад их хэмжээний хохирол учруулахад нөлөөлсөн, банкны тухай хуулиа зөрчин тус IPO-ийг гаргахад тогтоолд гарын үсэг зурсан нь тогтоогдсон тул яллагдагчаар татсан гэнэ. Мөн Монголбанкны Дотоод аудитын газрын дарга Г.Тогтохбаатарыг  Анодын удирдлагаас 23 сая төгрөгийн авилга авсан хэрэгт ч сэжигтээр тооцсон юм. Харин СЗХ-ны дарга Д.Баярсайхан Монголбанктай хуйвалдан 2008 онд  тухайн үеийн Анод банкны удирдлага Л.Уламбаяр, Г.Энхцэцэг, Э.Гүр-Аранз нар Анод банкыг  нээлттэй  болгох нэрээр олон нийтээс 9.8 тэрбум төгрөг залилан авсан хэрэг сөхөгдөхөд Санхүүгийн зохицуулах хорооны даргыг  холбогдуулан шалгах бололтой.  Уг хэргийг  прокурорын хяналтын шатанд байх үеэр “Хохирогчдын түр хорооноос шуурхай хуралдаан зарлаж тодорхой асуудлаар хэлэлцсэн байна. Тодруулбал, тус хорооноос энэ хэргийн үнэн мөнийг тогтоох, гэм буруутай этгээдүүдийг хуулийн хариуцлага хүлээлгэх, хохирлоо төрөөс бүрэн гаргуулах үүднээс өмгөөллийн томоохон компани хөлслөх тухай ярьж эхэлсэн гэнэ. Түүнчлэн яллагдагчаар татагдсан албан тушаалтнууд  нэр хүндтэй өмгөөлөгчдийг өндөр үнээр хөлсөнтэй холбоотой  ийнхүү шийдвэр гаргасан ч гэж байгаа. Дээрх уулзалтаар хувьцаа эзэмшигчид хохирол “Харилцаа, хадгаламж гаргасан мөнгийг төр даах тухай” хуулийн дагуу хүү бодож төрөөс гаргуулах ёстой гэж үзсэн байна. Мөн тус зөвлөлдөх уулзалтаар,  СЗХ-оос гаргасан 2008 оны 100, 122, 124 дүгээр тогтоолыг хүчингүй болгох талаар хуралдаж шийдвэр гаргахыг СЗХ-ны Хяналтын зөвлөлд хандсан УМБГ-ын даалгаварын хариуд СЗХ-ны Хяналтын зөвлөлөөс “СЗХ-ны дарга Д.Баярсайхан цагдаагийн байгууллагад “Анод” банктай холбогдуулан эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа тул СЗХ-оос гаргасан 2008 оны 100, 122, 124 дүгээр тогтоолыг хүчингүй болгох хүсэлтийг хүлээн авах, эцэслэн шийдвэрлэх боломжгүй” гэж мэдэгдсэн нь эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн, танил тал арын хаалга харан мөрдөн байцаах ажилгаанд саад учруулж байна гэж үзсэн байна. Энэ мэтээр уг хэргийг мөрдөн байцаалт удааширч байгаа нь хохирогчдийг бухимдахад хүргэж байгаа аж.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж