ДОХ-ын халдвартай ч амьд явахыг сонгосон

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

ДОХ-ын халдвартай ч амьд явахыг сонгосон

ХДХВ/ДОХ-ын улмаас Монгол Улсад арван хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж, 83 хүн сэтгэлдээ нууцхан айдастай бидний  дунд амьдарч явна. Халдвартай болох нь онош­логдсон 83 тохиолдлын цаана  83 гэр бүл, 83 сэтгэл зүрх, айдас түгшүүр бий. Тэдний нэг болох ХДХВ-ийн халдвар тээгч эрэгтэй Б-тэй  ярилцлаа. Түүний бэлгийн чиг хандлага нь ижил хүйстнээ сонирхдог буюу бидний хэлж заншсанаар гей. Нууцлах, болгоомжлох зүйл олон ч өөдрөг үзэл бодолтой нэгэн юм билээ.

-Ярилцахыг зөвшөөрсөнд баярлалаа. Та золбоотой, эрүүл харагдаж байна?
-Баярлалаа. Өөрөө өөрийгөө хайрлахгүй бол хэн намайг хайрлах билээ. Өөрийгөө өвчтэй гээд сэтгэлээр унаад байвал байдал дээрдэнэ гэж үү. Сайхан хамт олонтой, хийх ажилтай, хү­сэл мөрөөдөлтэй амьдарч явна даа.

-Халдвар авснаа мэдэх үед хүн бүрт хүнд цохилт болох нь  гарцаагүй. Та хэрхэн хүлээж авсан бэ?
-2007 онд шинжилгээ өгөөд халдвар тээгч  болсноо мэдсэн. Мэдээж сэтгэлээр унаж  жил гаруй хугацаанд хүнд байдлаасаа гарч чадааагүй. Тэгээд эцэст нь эгч, дүү нартаа хэлсэн. Санасныг бодоход тэд маань тэвчээр гарган ойлгож, хүлээж авсанд өдөр бүр баяр­лаж явдаг. Гэхдээ тэр  өдрийг төсөөлөх юм бол үнэхээр хэцүү л дээ. Бүгд уйлаад л. Аймшигтай мэдээг сонсоод амархан үхэж болох аргын талаар олон бодол толгойд орж ирсэн. Хор уух, хоолойгоо боохоос эхлээд л. Гэвч  эцсийн сонголт нь амьд  явах гэдгийг ойлгосон доо.

-Халдвартай хүмүүсийн олонх нь нийгмээс өөрийгөө тусгаарлаж, нуугдмал байдлаар амьдардаг гэсэн. Харин та өөрий­гөө нийгмийн харилцаанд оруулж  чаджээ?
-Тийм ээ. Халдвартай хүмүүс ихэвчлэн амьдралын боломж тааруу юмуу гэр бүл, найз нөхдийн зүгээс ялгаварлан гадуурхалт их байдаг учир ажлаасаа гарч, нийгмээс тусгаарлагддаг. Нөгөө талаар өөрсдөө хийж бүтээхээс илүү  нийгмээс, бусдаас их зүйл шаарддаг юм шиг санагддаг. Бид их зүйл шаардах эрхгүй хүмүүс шүү дээ. Тодорхой хэмжээгээр эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд туслалцаа авах нь байж болох асуудал. Гэтэл зарим хүмүүс уур бухимдал харууслаа нийгэм, хамт олон, гэр бүлдээ  гарган архи ууж, өөрийгөө гаргуунд нь хаях нь бий.

-Өөрийгөө гаргуунд нь хаясан халдвар­тай хүн таних  уу?
-Нэг эрэгтэй  эхнэр хүүхдээсээ салж, цөөн хүн амтай хөдөө очиж амьдарна гэж байсан. Халдвартай хүмүүстэй холбоотой тогтоохгүй гэсэн.  Үргэлж л яах ёстойгоо мэдэхгүй  байна гэдэг.

-Таныг айдас, болгоомжлол үргэлж дагаж байдаг байх даа?
-Үргэлж болгоомжтой байх хэрэгтэй л дээ. Нийгмийн сэтгэл зүй биднийг хүлээж авах болоогүй байна. Тиймээс өөрийгөө гей гэдгийг, халдвартай болохыг мэдэгдэхийг хүсдэггүй. Миний ойр дотны хүмүүс л мэдэж байхад хангалттай. Миний хувьд өөр өвчин тусахаас л их болгоомжилдог.

-Халдвартай бас таны бэлгийн чиг хандлага өөр шүү дээ. Ялгаварлан гадуурхах тохиолдол гардаг л байх даа?
-Гаралгүй яахав. Бүр залуу байхдаа гадаадад сурч байсан. Намайг ижил хүйстэн гээд сургуулиасаа хүртэл хөөх дөхсөн. Одоо бол байдал арай өөр болж байна. Гэхдээ өөрийгөө олон нийтэд мэдэгдэх юм бол ялгаварлан гадуурхалт асар их болох байх. Тиймээс л үргэлж өөрийнхөө тухай  нууцалдаг байхгүй юу.

-Гэр бүл зохиож байсан уу?
-Би зарим гей залуусын адил хэн нэгний дарамт шахалтаар биш, гэнэн зангаасаа болж гэр бүл зохиож, хүүхэдтэй болсон. Гэхдээ нэгэнт байгалиас заяасан чиг хандлага учраас удалгүй салсан. Хүнийг зовоож байхаар ганцаараа зовсон нь дээр гэж бодоод л энэ шийдвэрийг гаргасан юм. Одоо эгч, дүүтэйгээ амьдарч байна даа.

-Найз залуу байгаа юу. Адилхан халдвартай юу эсвэл?
-Байгаа. Гэхдээ хамт амьдардаггүй. Халд­вартай ч хүн бий. Халдваргүй ч хүн бий. Би өөрийгөө халдвартай гэдгийг хэлээд хамгаалалт хэрэглэдэг. Халдвараа эрүүл хүнд тараах нь гэмт хэрэг. Бид энэ талаар нээлттэй ярилцаж гарын үсэг зурдаг.

-Халдвартай хүмүүсийн олонхыг тань­даг гэсэн. Тэдний дунд гэр бүлийнхнээсээ халд­вар авснаа нууж явдаг хүн бий юу?
-Хэн нэгэнд хэлэхгүй дотроо шаналж явна гэдэг хэцүү. Итгэл даах, ойлгох дотны хүмүүстээ хэлэх нь зөв юм. Гэвч хэнд ч хэлэхгүй шаналж явдаг миний таних  ганц хоёр  хүн  байгаа.

-Монголд  энэ өвчний улмаас 10 хүн нас барсан. Тэднээс таньдаг байсан уу?
-Дээд боловсролтой нэг  залуу байсан юм. Би түүнийг  халдвар авснаас нас барсан гэж бодохгүй байна. Халдвар ДОХ-ын шатандаа орох үед маш их турж эцдэг. Тэр залуу зүрхний өвчтэй байсан нь нөлөөлсөн юм шиг байна лээ. Ер нь ихэнх тохиолдолд өөр өвчин нас баралтад нөлөөлдөг байх.

-Танд цаашид хийх ажил, хүсэл мөрөөдөл их байгаа байх?
-Би бухимдалгүй, дарамтгүй, бусдын л адил сайхан амьдрахыг хүсдэг. Түүнээс биш их мөнгөтэй баян болохыг юмуу олон хүнийг өвчин зовлонгоос нь салгах гээд том зүйл мөрөөдөж явдаггүй. Хамгийн гол нь ялгаварлан гадуурхалт, сэтгэлийн дарамтгүй  байхад л хангалттай.

-Ярилцсанд баярлалаа.
С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж