Д.Банди ажлаасаа чөлөөлөгджээ

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Д.Банди ажлаасаа чөлөөлөгджээ

Бээжингийн олимпийн цикльд Монголын боксын үндэсний шигшээ багийг амжилттай удирдаж, олимпийн алт, мөнгөн медальтан төрүүлсэн Ардын багш Д.Банди шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албанаас чөлөөлөгдөхийг хүсчээ. Энэ тухай өчигдөр болсон Монголын олимпийн боксын холбооны Бага хурлын үеэр боксын хүрээнийхэн ярилцаад, Д.Банди багшийн саналыг хүлээж авчээ. Тиймээс олимпийн аварга Э.Бадар-Ууган, олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт, хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ гээд жин жиндээ дэлхийн шилдгүүдийг багтаасан Монголын боксын шигшээ багийг хэн удирдах вэ гэдэг асуудал олны сонирхлыг татаж байна. Энэ асуултын хариу өнөөдөр тодорхой болох бололтой. Учир нь өчигдөр хуралдсан Бага хурлын дараагаар буюу өнөөдөр боксын холбооны удирдлагууд боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн асуудлыг шийдвэрлэж, БТСГ-т саналаа хүргүүлэх ажээ.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч болох хамгийн магадлалтай хүнээр одоогийн шигшээ багийн дасгалжуулагч Д.Батсүрэн, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нарын багш Д.Ганзориг нарын нэр яригдаж байгаа сураг байна.

С.Цэлмэг.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж