МАХН-ынхан Ардын намын удирдлагуудтай шүүхдэлцэхээр болжээ. Ардын намынхан өнгөрсөн хугацаанд МАХН-ынхныг элдвээр доромжилж, гүтгэж, дайрч давшилсан учраас тэр гэнэ. УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог нар энэ тухай өнгөрсөн баасан гарагт хэвлэлийн бага хурал хийлээ. МАХН-ынхан Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу эвлэлдэн нэгдэж нам байгуулсан. Гэтэл энэ эрхийг нь Ардын намын удирдлагууд зөрчиж “МАХН-тай холбоотой бүхэн Ардын намын өмч” гэж үзэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж Н.Удвал тайлбарлалаа. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр “Хуулийн тайлбарыг зөвхөн Дээд шүүх гаргадаг. Гэтэл Ардын намын дарга Дээд шүүхийн өмнөөс Улс төрийн намын тухай хууль тайлбарлаж байгаа нь ёс зүйгүй төдийгүй хууль зөрчсөн үйлдэл” гэлээ. Үүнээс гадна Улс төрийн намын тухай хуулийн 15 дахь зүйлийн 15.6 дугаар заалт Үндсэн хууль зөрчсөн гэх гомдлыг Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлснээ МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог тайлбарлав. Мөн Ардын намын залуус жагсаал хийж МАХН-ын зарим удирдлагыг элдвээр доромжилсон учраас Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргаад байгаа аж. Мөн “Ардын намынхан хэвлэлийн бага хурал хийх бүртээ МАХН гэдэг нэрийг өмчилж байгаа нь шүүхэд хандах бас нэг үндэслэл болсон” гэж Л.Цог хэллээ. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал “Би МАХН-ыг 160 мянган гишүүнтэй гэж олон жил итгэж ирсэн. Гэтэл тэр тоо худал байсан. Одоо ч Ардын намынхан 165 мянган гишүүнтэй гэж мэдээлж байгаа нь эргэлзээтэй” гээд “МАХН-ын 90 жилийн ойг бид тэмдэглэнэ. Монголд хууль хэрэгждэг бол МАХН-ыг Дээд шүүх бүртгэх ёстой. Үүнд эргэлзэх зүйлгүй” гэж онцолсон. МАХН-ынхан намаа бүртгүүлэх талаарх өргөдлийг Дээд шүүхэд өнөөдөр хүргүүлэх гэж байгаагаа хэвлэлийн бага хурлын үеэр зарлалаа. Мөн Ардын намын удирдлагуудыг мэтгэлцээнд урьж байгаагаа мэдэгдсэн юм.
МАХН-ын түр штабын зохион байгуулагч гишүүний мэдээлснээр Монгол ардын хувьсгалт нам байгуулбал, элсэхээ мэдэгдсэн иргэдийн тоо 20 мянга орчим байгаа аж.
Хэвлэлийн бага хурлын үеэр МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цогоос зарим асуултад хариулт авлаа.
-Ардын намынхан Монгол ардын хувьсгалт нам нэртэй нам байгуулах хууль зүйн үндэсгүй гэж тайлбарлаж буй. Улс төрийн намын тухай хуульд энэ тухай тодорхой заасан юм биш үү?
-Улс төрийн намын тухай хуульд тусгаар тогтнолын эсрэг, шашны болон фашист нам байгуулж болохгүй гэж л заасан байдаг. Дээрх гурван үндэслэл л биш бол ямар ч нам байгуулж болно. Хуульд зааснаар гишүүнчлэл бол намын өмч биш. Гэтэл Ардын намынхан 160 мянган гишүүнтэй гээд түүнийгээ бидний өмч гэж зарлаж байгаа нь Үндсэн хуульд заасан хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг. Ерэн жилийн түүхтэй МАХН-ын гишүүдийн эрхийг ингэж хоморголон зөрчиж болохгүй. Улс төрийн намын тухай хуульд үзэл бодлын дагуу эвлэлдэн нэгдэж нам байгуулах эрхтэй гэж заасан. Гэтэл Ардын намынхан уг хуулийн хаалттай гэсэн заалт бүрийг өөрийн өмч шигээ тайлбарлаж байна. Иймээс бид Ардын намынхныг шүүхэд өгөхөөр болсон. Мөн Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-г өөрчлөх талаар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. Уг хуульд ийм зүйл, заалт байсныг 2005 онд хүчингүй болгосон.
-Ардын намын залуус жагсаал хийсэн нь хууль бус үйлдэл гэж шүүхэд өгч байгаа нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчиж байгаа юм биш үү?
-Тэд үзэл бодлоо илэрхийлж жагсаагүй. МАХН-ын удирдлагуудыг дайрч доромжилж, элдвээр гүтгэх гэж жагссан учраас бид нэр төрөө сэргээлгэх гэж шүүхэд хандана. Мөн манай намыг Дээд шүүхэд бүртгүүлэх хуулийн хугацаа дууссан гэх мэт яриа гарсан. Хуулиараа 21 хоногийн дотор намаа Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Энэ хугацаа дуусаагүй байгаа.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин