Нэрийг нь хэлээгүй дипломат уг мэдээллийг Төв Азийн бизнесменээс авсан гэнэ. Ажлаар Исламын бүгд найрамдах улсад ихээхэн очдог бизнесменд Хаменей цусны хорт хавдартай гэдгийг тус орны ерөнхийлөгч байсан Али Акбар Рафсанжани хэлсэн гэнэ.
Экс ерөнхийлөгчийн хэлснээр Али Хаменеид хэдхэн сарын нас үлдсэн болж байна. Тэгээд Рафсанжани ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадыг шүүмжлэхээ больсон ба лидерийг нас барсны дараа түүний байрыг эзлэхээр оролдох ажээ. Дипломатын энэ мэдээлэлтэй захидал 2009 оны наймдугаар сард бичигдсэн байна.
Le Monde сонинд өгүүлснээр WikiLeaks сайтад Израильд ажиллаж байгаа нэгэн дипломатын захидал байна. Тэнд Хаменеин бие муудсан тухай баталгаа байхгүйг хэлсэн байжээ. Өнгөрсөн жилийн аравдугаар сард Хаменеи нас барсан гэх мэдээ гарч байсан боловч тэр өдрөө албан ёсоор үгүйсгэж байлаа.
Шинэ баримтуудад Хаменеигаас гадна Ираны ерөнхийлөгчийг Гитлертай зүйрлэсэн байв. Мөн Саудын Араб Америкаас Ираныг бөмбөгдөхийг гуйсан нь бас тэнд гарчээ.