“МАХН эзэнтэй байна”

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

“МАХН эзэнтэй байна”

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАХН-ын 106 дугаар үүрийн гишүүд хуралдсан талаар тус үүрийн гишүүн З.Баянсэлэнгэ зарим гишүүдийн хамт сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэд Х.Чойбалсан, Д.Сүхбаатар, Ю.Цэдэнбал нарын хөргийг ханандаа залж, МАХН-ын тугийг байрлуулсан МАХН-ын төв штабт хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм.

З.Баянсэлэнгэ “МАХН эзэнтэй байна. Бид МАН-д хамаагүй. Тэр намд элсээгүй. Бид МАН-ынхан шиг гишүүнгүй дарга нар биш, даргагүй гишүүд” хэмээж байлаа. МАН-ын ХХYI их хурлын өмнөхөн Чингэлтэй дүүргийн 106 дугаар үүрийн хурал болж, 132 гишүүний нэгээс бусад нь буюу 99,99 хувийн саналаар МАХН гэсэн нэрийг солихгүй гэсэн аж. Их хуралд сонгосон төлөөлөгчдөө ч тэгж захиж илгээжээ. Гэтэл их хурлаас жирийн гишүүдийн үгийг үл тоож намын нэрийг сольсон. Сонгогдсон төлөөлөгчид ч үүргээ биелүүлээгүй хэмээн тэрбээр ярьж байв.  Өнгөрсөн жил Чингэлтэй дүүрэгт болсон УИХ-ын нөхөн сонгуулиар үүрүүд Н.Энхбаярын нэрийг дэвшүүлсээр байтал МАХН-ын удирдлагын зүгээс  сайд Д.Зоригтын нэрийг дэвшүүлэн УИХ-д сонгуулсан. Жирийн гишүүд, анхан шатны үүрүүдээс Н.Энхбаярын нэрийг өгсөөр байтал намын удирдлага тоож үзээгүй тул экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт захидал илгээж байснаа ч дурдав.

МАН-ын удирдлага жирийн гишүүдийн санал, үгийг үл тоодог. Байдал нэгэнт ийм болсон тул 106 дугаар үүрийн гишүүд хаана, хэнд хандахаа мэдэхээ больж, “МАХН-даа үлдэх нь зөв үү, буруу юу” гэдгээ мэдэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт хандаж дахин захидал илгээсэн аж.

Ингээд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр арваннэгдүгээр сарын 28-нд тус үүрийн гишүүдтэй уулзжээ. Үүнийг хэвлэлүүд “зохион байгуулсан жүжиг байсан” гэх мэтээр бичсэнийг З.Баянсэлэнгэ үгүйсгэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тэдэнд “Та нарыг дэмжинэ, асуудлыг өөрсдийнхөөрөө шийд” гэсэн хариу өгч, жирийн гишүүдийн сэтгэлийн үгийг сонсчээ. Чингэлтэй дүүргийн МАХН-ын 106 дугаар үүрийнхэн 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, үүрийн хурлаа хийхээр болсон байна. Ингээд өчигдөр 99 гишүүнтэйгээр үүрийн хурлаа хийж амьд сэрүүн гэдгээ зарлажээ. Сүүлийн тоогоор тус үүр 150 гаруй гишүүнтэй юм байна. Мөн Монгол Улсын өнцөг булан бүрт байгаа МАХН-ын гишүүдэд хандаж үүрүүд үйл ажиллагаагаа өрнүүлэх тухай уриалга гаргасныг З.Баянсэлэнгэ уншиж танилцуулав. Тус үүрийнхэн МАХН-ын онц их хуралд бэлтгэж үүрээсээ таван төлөөлөгч сонгожээ.

Үүний дараа З.Баянсэлэнгэ сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Улс төрийн намуудын тухай хуульд хоёр нам нийлэхийг зөвшөөрдөг. Харин нэг нам хоёр болохыг тусгаагүй. Танайх хууль зөрчиж байгаа юм биш үү?

-Дээгүүрээ хууль гууль болоод байна. Жирийн гишүүдийг хууль зөрчдөг гэдэг ч дарга нар өөрсдөө зөрчдөг. Тухайлбал, Тэрэлжийн тунхагт МАХН-ын МАН гэдэг уугуул нэрийг авна гэж байсан ч их хурлаас тогтоол гаргахдаа намын нэрийг сольсон гэж гаргасан. МАН-ын дарга нар хууль зөрчиж байна.

-Та нар МАН-аас албан ёсоор гарсан уу. МАХН гэдэг нэр одоо МАН-ын өмч. Нэр, бэлгэ тэмдэг МАХН-ын өмчлөлд байхад та нар өмчилж болдог юм уу. Намаа хагалж байгаа хэрэг биш үү?

-Бид МАН-д элсээгүй, МАХН-ын батлахтайгаа байгаа тул гишүүнчлэлээ солих шаардлагагүй. Бат илэрхийлэх маань байна. Жирийн гишүүд анхнаасаа намаа хагалж бутаргах гээгүй. Дарга нар л МАХН-ыг хагалсан. Бид анх элссэн намдаа үлдэж байна. МАХН эзэнтэй байна гэлээ.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж