Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Үүеэ ажлаа өгчээ

Монголын олимпийн боксын холбооны VIII бага хурал өчигдөр боллоо. Хурлын үеэр холбооны зүгээс 2011 онд хийх ажлын болон тэмцээн, уралдааны төлөвлөгөөг баталснаас гадна холбооны удирдлага, бүтэц, зохион байгуулалтыг шинэчилжээ.

Бээжингийн олимпийн өмнөөс тус холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Гавьяат тамирчин Т.Үйтүмэн өөрийн хүсэлтээр генсекийн ажлаа өгсөн байна. Түүний оронд Гадаад харилцааны яаманд ажилладаг Б.Ерөөлт гэж залуу Монголын олимпийн боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга болжээ.

Монголын олимпийн боксын холбооны Удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр болж, энэ үеэр тус холбооны ерөнхийлөгчөөр “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзоригийг сонгосон юм. Тэгвэл өчигдрийн бага хурлаар холбооны удирдлагын асуудлыг нэг мөр шийдэж, шинэ ерөнхийлөгч Ч.Ганзориг тамга, тэмдгээ хүлээж авчээ.  Өчигдрийн хурлаар хэлэлцсэн өөр нэг асуудал нь холбооны удирдлагын шинэ бүтэц юм. Монголын олимпийн боксын холбоо ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгчөөс гадна дөрвөн дэд ерөнхийлөгчтэй байх ажээ. Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр уулын баяжуулах  “Эрдэнэт” үйлдвэрийн Хөгжил хариуцсан орлогч захирал Ц.Бат-Энхийг сонгосон бол бусад дөрвөн дэд ерөнхийлөгч дөрвөн бүсэд хуваагдан холбооны үйл ажиллагааг идэвхижүүлэх үүрэг хүлээсэн байна.

Ямартай ч Бээжингийн олимпийн цикльд сайн менежмент, сайн удирдлага, сайн тамирчдын ачаар олимп, дэлхийн медалийг ихэрлүүлэн хүртсэн Монголын олимпийн боксын холбоо ийнхүү цоо шинэ бүрэлдэхүүнтэйгээр Лондонгийн олимпод бэлтгэж эхэллээ.

С.Цэлмэг.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж