УИХ-ын гишүүн Ц.Дашдорж уг нь өрөмдлөгийн инженер мэргэжилтэй. Энэ нь өмнөх дөрвөн жилд Барилга, хот байгуулалтын дэд сайдын алба хашихад нь эгдүүцэхгүй байх шалтгаан болж аварсан гэж хэлж болно. Ганц гарын үсэг ч зурах мэдэлгүй энэ суудалд цалин хороосноос өөр гавьсан юмгүй. Тэгсэн хэрнээ Говь-Алтай руу шогшсоор байгаад оюутан залуусын тархийг угааж, “Ирээдүйн Алтай” холбоо байгуулаад авсан. Түүнийхээ буянаар УИХ-ын гишүүн болж чадсан тэрбээр өөрийн мөнгөний уурхайн тухай буюу өөрөөр хэлбэл “Монгол тамхи Co”-гийн захирал байснаа дурсах дургүй. Учир нь өөрийн болон өрсөлдөгч намынхандаа олон нийтийг тамхиар хордуулахаас өөр хийсэн юмгүй гэж гоочлуулдаг болохоор эмзэглэдэг биз ээ. Үнэндээ ч парламентад хоёр дахь удаагаа сууж байгаа гэхэд үг хэлсэн, үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн нь тун чамлалттай. Ямартаа л тойргийн сонгогчид нь “Энэ суудлын бөглөөс тамхичин Королияг огцруулж болдог ч болоосой” хэмээн ханцуйдаа халаглаж, нударгандаа нудралцаж байх вэ. Харин орон нутгийн удирдлагуудын талаар онцгой анхаарал тавьдаг, дажгүй хорчин гэж нутгийнхан нь ярьдаг юм билээ. Эрхэм гишүүн өөрийн намтарт инженер, компанийн захирал, дэд сайд, УИХ-ын гишүүн гэсэн гоё албан тушаалуудаа үлдээгээд, алтны уурхай эзэмшигч, тамхи үйлдвэрлэгч гэсэн “Эвгүй карьер”-уудаа хасаад хаячихжээ. Гэвч “Сайн нэрийг хүсэвч олохгүй, муу нэрийг хусавч арилахгүй” гэдэг дээ.
Т.УРАНГЭРЭЛ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
"Улс төрийн тойм" сонин