Эйзенхауэр сангаас дэлхийн өнцөг булан бүрээс улс орондоо нэр хүндтэй, ирээдүйн лидер болох эмэгтэйчүүдийг шалгаруулж урьсны дотор М.Батчимэгээс гадна Шинэ Зеландын Нийгмийн хөгжил, залуучууд, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн сайд, Италийн Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын асуудал эрхэлсэн захирал болон төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагыг төлөөлсөн нийт 19 шилдэг бүсгүй багтжээ.
М.Батчимэг хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын 10 гаруй хотоор явж, төрийн байгууллага, судалгааны хүрээлэн, их дээд сургуулиудаар зочилж, 100 гаруй хүнтэй ганцаарчилсан уулзалт хийсэн байна. Түүний дотор Цагаан ордонд Ерөнхийлөгч Обамагийн Зүүн Азийн асуудал эрхэлсэн туслах Жефри Байдер, Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн бүсийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын орлогч Дэвид Шир, Батлан хамгаалахын сайдын Ази, Номхон далайн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын орлогч Дерек Мичелл нар болон Збигнев Бзежински, Хенри Кессенжер, Виллиам Перри, Жорж Сорос зэрэг нэр хүндтэй олон хүнтэй уулзжээ.