Сүүлчийн Фараоны орон зайг хэн эзлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Сүүлчийн Фараоны орон зайг хэн эзлэх вэ?

Египетийн сүүлчийн фараоны эрин үе төгсгөл болов. Ойрхи дорнодын бүс нутагт 30 жил хаанчилсан Ерөнхийлөгч Хосни Мубарак ялагдал хүлээлээ. Арабын лигийн нөлөө бүхий удирдагчдын нэг болох түүнд ард түмэн нь боломж олгосонгүй. Египет оронд 30 жил тогтоосон онц байдлыг цуцалж, ард олон эрх чөлөөтэй болсныг цэргийнхэн ч хүлээн зөвшөөрлөө. Тус улсын Ерөнхийлөгч Анвар Садат 1981 онд Исламын хэт даврагсдын гарт амиа алдахад дэд Ерөнхийлөгч Хосни Мубарак суманд өртөж байсан билээ. Харин энэ удаад хагас жарны туршид дарангуйллын дэглэм тогтоосон түүнийг ард түмэн нь “шархдуулав”. Тиймээс төрийн эрх мэдлийг Цэргийн дээд зөвлөлд шилжүүлж, Кайр дахь өргөөнөөсөө дайжин оджээ. Түүнийг Шарм-Эш-Шейх хот дахь тансаг өргөөндөө гар бүлийнхэнтэйгээ хамт нүүн очсоны дараа буюу өнгөрсөн баасан гарагт Египетийн дэд Ерөнхийлөгч Омар Сулейман албан тушаалаасаа огцрох болсныг нь мэдэгдсэн юм.

Мубарак дэглэмийн эсрэг ээлжит тэмцлээ өнгөрсөн сарын 25-нд эхэлсэн ард иргэд энэ өдрүүдэд баяр хөөрөөр дүүрэн байна. Энэ далимд “Тахрирын баатрууд”-ыг тэд тодруулав. Харин олон улсын ажиглагчид “Тахрирын баатрууд”-ын хэн нь Египетийн Ерөнхийлөгч болох вэ гэдэгт аль хэдийнэ анхаарлаа хандуулчихаад байна. Учир нь ирэх есдүгээр сард тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тиймээс Кайр, Александриа хотод Хосни Мубаракийн эсрэг жагсаал зохион байгуулж, Тахрирын талбайд дарангуйллын дэглэмээс ангижрахыг хүсэгч олон мянган хүнийг нэгтгэж чадсан Мохамед ЭлБарадейг Төрийн тэргүүнээр сонгох уу. Аль эсвэл Гадаад хэргийн сайд асан Амр Мусса “дүрвэгч” Ерөнхийлөгчийн орыг залгах уу гэдэг нь олон улсын анхаарлыг татаж байна.

Нобелийн энхтайвны шагналт, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн дарга асан Мохамед ЭлБарадейг “Тахрирын босогчид” түүхэн ялалт байгуулсан баатраар өргөмжиллөө. “Америкт 15 жил амьдарсан, Египетэд үе, үе ирдэг” гэхмэтчилэн сураг нь сонсогдох төдий байсан энэ эрхэм өнгөрсөн баасан гарагт Мубарак дэглэмийг түлхэн унагахад ихээхэн гавьяа байгуулсан нэгнээр тодорсон юм. Тэрбээр өнгөрсөн оны яг өдийд “Ард түмэн төдийгүй цэргийнхнийг Мубаракийн “казарм”-аас гаргаж, Египетэд цоо шинэ нийгэм байгуулна” хэмээн мэдэгдэж байсан. Дэлхийн цөмийн эрчим хүчний салбарыг удирдаж байсан ЭлБарадей Кайрт ирсэн даруйдаа Өөрчлөлтийн төлөөх үндэсний эвслийг байгуулж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулсан билээ. Нэг хүн дангаар ноёрхсон нийгэмтэй биш, нийтээрээ тэгш эрхтэй байх үзэл баримтлалыг тус эвслийнхан Үндсэн хуульд тусгахыг шаардаж байв. Гэхдээ “ЭлБарадей ирээдүйн Ерөнхийлөгч мөн үү” гэсэн асуултад шинжээчид “Үгүй” хэмээх хариултыг өгсөөр байна. Тухайлбал, улс төр судлаач Хамдин Сабахи “Мохамед ЭлБарадейн хувьд Египетийн ард түмэнд тийм ч танил дотно хүн биш. Египетчүүд түүнийг сайн “танихгүй” учраас Ерөнхийлөгчөөр сонгох нь юу л бол” хэмээн эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Гэвч ЭлБарадейг “Хосни Мубаракийн ноёрхлыг эцэс болгож чадсан хувьсгалч” гэдгийг хэн ч үгүйсгэх аргагүй юм.

Арабын лигийн нөлөө бүхий улстөрч Амр Мусса. Тэрбээр Хосни Му­баракийнхны тогтоосон  авто­ритар дэглэмийг хүчтэй эсэргүүцдэг байснаараа ард түмэнд танил болсон нэгэн. Үүгээр ч зогсохгүй АНУ, Израйльтай харилцах бодлогын та­лаар Мубарактай байнга зөр­чилд­дөг байжээ. Харин Хосни Му­барак огцрохоор шийдсэний дараа хэвлэлийнхэн “Египетийн шинэ Ерөнхийлөгчөөр та хэнийг нэр­лэх вэ” хэмээн иргэдээс асуухад “Манай улсын иргэдийн олонхи нь Амр Муссаг хүндэтгэн биширдэг. Тэрбээр олон улстай харилцах бодлогыг хүчтэй зангидаж чадна” гэж хариулжээ. Гэвч “Тахрирын баатрууд”-ыг зөвхөн ЭлБарадей, Мусса нараар хязгаарлаж болохгүй. Учир нь өнгөрсөн хугацаанд Хосни Мубаракийн дэглэмийг түлхэн уна­гахын төлөөх тэмцэлд ард түм­нийг уриалж явсан тэмцэгчдийг египетчүүд тодруулж байна. Тэдний хэн нь Египетийн төрийг удирдаж, шинэ Үндсэн хууль бүхий ардчилсан нийгмийг цогцлоох нь ирэх намар тодорхой болно. Үүнээс гадна тус улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, аль эсвэл парламентад бүх эрх мэдлийг төвлөрүүлэх үү гэдэг нь сонирхол татаж байгаа юм. Арабын орнуудын ард иргэд Хосни Мубарак тэргүүтэй эрх мэдэлтнүүдийн 30 жил тогтоосон авторитар дэглэмийг эцэс болгосонд нь египетчүүдэд баяр хүргэж байгаа бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Энэ бол Берлиний ханыг нурааж байсантэй эн тэнцэхүйц түүхэн үйл явдал” хэмээн онцоллоо. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев “Орос, Египет улс өнө эртний харилцаатай. Тиймээс одоо өрнөж буй үйл явц хоёр орны харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй” гэжээ. Харин Их Британи, Герман, Израйлийн эрх баригчид эх орондоо ардчиллыг бэхжүүлж, төр засгаа шинээр бүрдүүлэхэд нь египетчүүдтэй хамтран ажиллахаа мэдэгджээ.  

С.БАТТУЛГА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж