Аваргуудын лиг: “МанЮ” өрсөлдөөнөөс хасагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Аваргуудын лиг: “МанЮ” өрсөлдөөнөөс хасагдлаа

Германы “Баейрн Мюнхен” 10-уулаа үлдсэн “Манчестер Юнайтед”-ыг буулган авснаар Аваргуудын лигийн хагас шигшээд Францын “Лион” клубтэй өрсөлдөхөөр боллоо. Мюнхен хотын “Аллианц Арена” цэнгэлдэхэд болсон эхний тоглолтын дүн 2:1 байсан бөгөөд хариу тоглолтын эхэнд “МанЮ” 3:0 харьцаатай тэргүүлж байсан ч Ивица Олич, Арьен Роббен нарын оруулсан гоолын ачаар тоглолтын нийлбэр дүн 4:4 болж, улмаар айлын талбайд оруулсан гоолын дүрмээр германчууд Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт шалгарчээ.

Тоглолтын хоёрдугаар хагас эхэлсний дараахан Рафаэль да Сильва улаан картаар торгуулж, талбайгаас хөөгдөх хүртэл “Улаан чөтгөрүүд” тоглолтын санаачлагыг гартаа атгаж байсан боловч талбайд 10-уулаа үлдсэнээр зочид илүүрхэж эхэлсэн байна. “МанЮ”-гийн довтолгооны гол хүчин болсон Уейн Рүүни Сэр Алексийн гарааны 11-т багтсан боловч 55 дахь минутад сэлгээний суудалд шилжиж, түүнийг О’Шиа орложээ. Тоглолтод оролцох боломжгүй хэмээн яригдаж байсан Рүүни талбайд гарсан нь Сэр Алексийн нэгэн том сюрприз байсан бол Гиггс, Скоулз нараас урьтаж, Даррон Гибсон гарааны бүрэлдэхүүнд багтсан нь түүний бас нэгэн сюрприз байв. Гибсон ч итгэл дааж, үүргээ сайн биелүүлж, дөнгөж гурав дахь минутад Рүүнигийн дамжуулалтаар “Баейрн”-ий хаалгач Ханс-Йорг Буттын хаалгыг мялаажээ. Тоглолтын эхний гоолоос хойш ердөө дөрөвхөн минутын дараа Нани гоолдсоноор тооны харьцааг 2:0 болгосон юм. Хоёр тоглолтын нийлбэр дүнг тэнцүүлэхэд тун ойрхон очсон Оличийн довтолгоог Ван дер Саар амжилттай хаасан бөгөөд тун удалгүй Нани дахин гоол оруулснаар Олд Траффорд цэнгэлдэхэд цугласан хөгжөөн дэмжигчдийнхээ цөсийг хөөргөсөн юм. Сөрөг довтолгоонд шилжсэн “Байерн Мюнхен”-ий довтлогч Ивица Олич Ван дер Саарын хаалганд ганган гоол оруулснаар тоглолтын эхний хагас 3:1 харьцаатай өндөрлөсөн.

Тоглолтын хоёрдугаар хагас эхлэхэд Фрэнк Рибери дээр алдаа гаргасан Рафаэль да Сильва шүүгчээс хоёр дахь шар картаа хүлээж авснаар талбайг орхижээ. Хэдийгээр нэг хүн дутуу ч “Улаан чөтгөрүүд” “Баейрн”-ий эсрэг бат зогсч байсан боловч 74 дэх минутад Роббен тэдний хамгаалалтыг сэтэлснээр багтаа ялалт авчирсан чухал гоолыг оруулсан байна.

Өнгөрөгч бямба гаригт “Челси” клубт 2:1 харьцаатай ялагдсанаар Премьер лигийн аваргын төлөөх өрсөлдөөнд хоёрдугаарт бичигдэх болсон “МанЮ” ийнхүү дахин том ялагдал хүлээлээ. Сэр Алекс Фергусон тоглолтын дараа “Хамгийн том алдаа гэвэл эхний хагаст гоол алдсан явдал. Харин дараа нь манай залуу талбайгаас хөөгдсөн. Роббений гоол үнэхээр төсөөлшгүй байлаа” гэжээ.

Мөн энэ үеэр Францын Бордо хотын Шабан-Дельма цэнгэлдэхэд болсон “Бордо”, “Лион” нарын хариу тоглолт 1:0 харьцаатай талбайн эздийн ялалтаар өндөрлөсөн ч хоёр тоглолтын нийлбэрээр “Лион” Аваргуудын лигийн хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болсон юм. Тоглолтын цорын ганц гоолыг эхний хагас өндөрлөх мөчид Мараун Шамах оруулжээ.

Ийнхүү Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хагас шигшээд өрсөлдөх дөрвөн багийн нэрс тодорлоо. Өмнөх өдрийн тоглолтод “Барса”, “Арсенал”-ыг буулган авснаар “ЦСКА”-г хожсон “Интер Милан”-тай хагас шигшээд тоглохоор болсон билээ. UEFA-гийн 55 дахь удаагийн Аваргуудын лигийн хагас шигшээгийн эхний тоглолтууд энэ сарын 20, 21-нд, харин хариу тоглолт 27, 28-нд болно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж