Цас хайлуулах бодис алга | News.MN

Цас хайлуулах бодис алга

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Цас хайлуулах бодис алга

Нийслэл хотод долоо хоногийн өмнө 1-1.7 см цас орж дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний  компа­нийн  ажилчдад багагүй ажил унд­руулсан. Харин энэ удаа өм­нөхөөс  нэг дахин их цас унаж, бэ­лэн байдалд ажиллах хэрэг­тэй болов. Хальтиргаа гулгааны эсрэг хамгийн оновчтой арга цас хайлуулах бодис, давс цацах хэмээн хотын удирдлагууд шуур­хай зөвлөгөөн болгондоо дурдаж, дүүрэг бүр 60 тонн давс, 30 тонн бодис нөөцлөхийг үүрэгдсэн. Дар­га нарынхаа үүрэг болгосны да­гуу дүүрэг бүр чадах ядахаараа нөөцөө бэлтгэж 70 гаруй хувьд хүрсэн талаар мэдээлж байсан ч  цас хайлуулах бодис нөөцөлсөн дүүрэг  тун ховор байв.  

Бодис ирэх сард бэлэн болно гэв
Цас их унасан үед замын хальтиргааг “хашраах” шилдэг арга гэгдээд байгаа цас хайлуулах бо­дис­­ны тухай халуун намраас ярьсан ч өнөө хэр нь дүүргүүдийн ТҮК-уудад ирээгүй л байна. Учир нь бодисыг урд хөршөөс оруулж ирэх компанийг шалгаруулах тен­дер нээгдээгүй байгаа аж.  Нийс­лэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягд­лын менежментийн хэлтсээс ирэх сарын  12-нд тендер нээгдэж хоёр хоногийн дараа шалгарсан ком­панитайгаа гэрээ байгуулж,  140 тонн бодис оруулж ирнэ гэх мэдээллийг өглөө.

Өчигдөр 40 тонн давс цацжээ
Нийслэлийн зургаан дүүргийн ТҮК-уудад нийт 250 гаруй зам тал­байн ажилтан ажилладаг бол зургаан цасны зориулалтын машин, 200 гаруй хог тээврийн машины хангамжтай аж.  Цас орс­ны дараа  буюу өчигдөр 06.00 цагаас шар хантаазтангууд уртас­гасан цагаар ажиллаж замуудад нийт 40 тонн давс  цацжээ. Харин захын дүүрэг болох Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд  тус бүр 10-20 тонн эл­сийг хариуцсан хэсгийнхээ замд цацсан байна. Одоогийн байдлаар  нийс­лэлийн хэмжээнд 130 тонн давсны нөөц үлдээд байгаа аж. Жилдээ дунд­жаар 500 тонн давс нөөцөлж байж хүрэлцдэг гэнэ.

12 сараас  дайрга  ажиглаж эхэлнэ
Хальтиргааг багасгахад элс цацах нь үр  дүнтэй биш. Учир нь элс цастай холилдон хөлдөж “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох”-той адил болдог аж. Тиймээс зардал багатай, үр дүнтэй байж болох дайргыг бу­талж замд цацах ажлыг ирэх са­раас эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэ жилдээ 0.5 мм хэмжээтэй 300 тонн дайрга туршилтаар ашиглах аж.

Байгууллагууд цасаа арилгадаг болох хэрэгтэй гэв
Нийслэлийн зургаан дүүргийн бүх замуудыг хальтиргаа гул­гаа­гүй байлгахад Тохижилт үйл­­чил­гээний компани, Хот тохижилтын газрын 250 гаруй  ажилчид хаанаа ч хүрэлцдэггүй гэнэ. Тий­мээс Нийс­­лэ­лийн Иргэдийн төлөөлө­гчдийн хурлын тогтоолоор гар­гасан  журмыг мөрдөж албан бай­гууллага, аж ахуйн нэгжүүд ойр орчмын цасаа цэвэрлэх ажилд оролцож, үүргээ биелүүлэхийг хол­­богдох  байгууллагаас сануулж байв. Энэ сарын 28-29-нд шилжих шөнө нийслэл хотод орсон  цасыг хатуурхаас нь өмнө хайлуулах үү­рэг хүлээсэн Тохижилт үйлчил­гээний компанийхан чадлынхаа хэ­рээр  давс, элс цацсан ч оройн 17.00 цагийн үед л  зам дээрх цас  дөн­гөж хайлмагтаж байв. Хотын төвийн замын цас зах хэсгээрээ хэдийн дагтаршиж, мөсөн гулгуур болох дөхжээ. Хайлмагтсан цас шөнийн -20 хэмийн хүйтэнд хөл­дөж, машинуудын дугуй хий эр­гэж, ар араасаа мөргөлдөхөд ойр­хон байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж