Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайдын яам Монгол, Польшийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хаалтын ажиллагаа, улс тунхагласны 86 жилийн ойд зориулсан арга хэмжээг Варшав хотноо зохион байгуулжээ.
Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд О.Дамбийням нээлт дээр хэлсэн үгэндээ Монгол, Польшийн олон жилийн найрсаг харилцаа 1990-ээд оны эхнээс шинэ агуулга, хэлбэрээр баяжин, ардчилал, эрх чөлөө, хүний эрх гэсэн хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлаж ирснийг онцлон тэмдэглэв. Түүнчилэн хоёр орны дипломат харилцааны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, Польшийн Сенатын Маршал Б.Борусевич, Монголч эрдэмтэн С.Гожиньски нарыг “Алтан гадас” одонгоор, Польшийн Парламент дахь Польш-Монголын Бүлгийн дарга С.Горчица, Монголч эрдэмтэн А. Барея-Стажинска нарыг “Найрамдал” медалиар шагнасныг Элчин сайд О.Дамбийням шагнагдагсдад гардуулж өгчээ. Шагнагдсан хүмүүсийг төлөөлөн Сенатын Маршал Б.Борусевич хэлсэн үгэндээ Монгол, Польшийн ард түмнүүд дипломат харилцаа тогтоохоос өмнө ч найрсаг харилцаатай явж ирснийг дурьдаад, төрийн дээд шагналаар шагнуулсандаа баяртай байгаагаа илэрхийлж, хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэхээс илүү эрхэм зүйл үгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.