”Роснефть” шатахууны нийлүүлэлтээ багасгажээ

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

”Роснефть” шатахууны нийлүүлэлтээ багасгажээ

Хойд хөршөөс импордолдог нефтийн бүтээгдэхүүний үнийн саналыг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт хийсэн хуралдаанаараа авч  хэлэлцсэн билээ. Хуралдаанаар автобензинд ногдуулах татварыг бууруулж, дизелийн түлшээс авч байсан татварыг тэглэсэн юм. Энэ шийдвэр нь өнгөрсөн баасан гарагаас эхлэн хүчин  төгөлдөр болсон. Энэ дагуу нефтийн бүтээгдэхүүн импортлогч хэд хэдэн газруудаар ороход тэд энэ сардаа үнээ тогтвортой байлгахыг хичээж байгаагаа хэлж байлаа. Гэхдээ дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсч байхад бид үнээ удаан барьж чадахгүй, тийм сонирхол ч алга хэмээсэн юм. Харин энэ амралтын өдрүүдэд зарим шатахуун түгээх станцууд үнээ 30-80 төгрөгөөр нэмжээ. А80 бензин гэхэд л 1160 байсан бол 30 төгрөгөөр нэмэгдэж 1190 төгрөгөөр, дизель түлш 1300 төгрөг байсан бол 80 төгрөгөөр нэмэгдэж 1380 төгрөгийн үнэд хүрсэн байв.

Энэ дагуу “Нефть    хий” ассоциа­цийн дэд тэргүүн Л.Норовренчингээс зарим зүйлийг тодрууллаа.

-“Роснефть”-ээс ирүүлсэн үнийн санал дээр ярилцахаар Газрын тосны газар болон шатахуун импортлогчид ширээний ард сууцгаадаг. Энэ удаа үнийг нэмэхээс өөр аргагүй байсан юм уу?

-Хоёр удаа энэ асуудлаар уулзсан. Одоо ч Газрын тосны газар, ЭБЭХЯ-нд шатахуун импортлогчид саналаа хүргүүлж байна. Үнийг нэмэх талаар ч ярьсан. Учир нь “Роснефть” манайд нийлүүлдэг шатахууныхаа хэмжээг эрс багасгаад байгаа юм билээ.

-Хэд орчим хувиар багасгасан бол. Тэгвэл хаврын  тариалалт эхлэх үеэр манай эдийн засагт нөлөөлж мэдэх нь ээ?

-Ерөөсөө Орос улс өөрөө дотооддоо шатахууны хомсдолтой байгаа. Одоогоор манайд худалддаг шатахууны нийлүүлэлтээ 20 орчим хувиар багасгасан. Цаашдаа ч багасгаж мэдэхээр байгаа. Эрдэс баялаг эрчим хүчний яам, Газрын тосны газарт өгсөн бичигт нь энэ талаар дурьдсан байгаа. Нийлүүлэлтийг бууруулснаас болоод шатахуун борлуулдаг жижиг компаниуд дампуурлаа зарлахад хүрээд байгаа юм билээ.  Яагаад гэхээр тэд чинь хойд хөршөөс өөрсдөө очиж шатахуунаа авдаггүй. Боомтуудаас авдаг байсан. Нийлүүлэлт нь багасахаар юу болох нь ойлгомжтой шүү дээ. Гэтэл одоо урин дулаан цаг эхэлж үйлдвэр, барилгын ажил эхэллээ. Засгийн газар үүнийг анхаарч л байгаа байх.

-Өнөөдрийг хүртэл шатахууны үнийг татвараар зохицуулж ирлээ. Саяхан дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ. Тэгэхээр хойд хөршөөс ирэх сард үнээ дахин нэмлээ гэхэд дизель түлшний хувьд Засгийн газар татвараар зохицуулах аргагүй болж байх шиг?

-Ер нь татвараар зохицуулах аргагүй болж байна. Гэхдээ гаалийн татвар, Онцгой албан татвараас өөр төрлийн  татварууд бий шүү дээ. Түүнийгээ бууруулах биз. Яг энэ асуудлыг хариуцсан зөвлөл бий. Тэнд нь Газрын тосны газар, Эрдэс баялаг эрчим хүчний яам, Сангийн яамны удирдлагууд багтдаг. Энэ асуудлыг бодолцож л байгаа байх.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:
"Улс төрйин тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж