С.Раднаабазар: Иргэд ойгоо хамгаалах, мод тарих сонирхол их болсон

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

С.Раднаабазар: Иргэд ойгоо хамгаалах, мод тарих сонирхол их болсон

Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны захирагч С.Раднаабазартай орон нутгийн онцлог, цаг үеийн байдлын талаар үзэл бодлыг нь хуваалцлаа.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Ойн инженер мэргэжилтэй. Төрсөн нутаг бол Дорнод аймгийн Баяндун сум. Ойн инженерийн сургуулийг ОХУ-д эзэмшээд, эхнэрийн хамт Сэлэнгэ нутат ирж суурьшаад 30 жил болж байна. Одоо ч төрсөн нутгаас дутахгүй болж дээ.

-Анх ирэхэд Сэлэнгэ нутаг ямар санагдаж байв?
-Сургууль төгсөөд энэ нутагт анх ирэхдээ Түнхэлийг баахан хоригдол байдаг гэсэн ойлголттой л ирж байлаа. Суурьшаад ирэхээр гоё нутаг болохыг мэдэрч эхэлсэн. Хүүхдүүд маань ч гэсэн энэ л нутаг төрж, өсөж, томорлоо. Дөрвөн хүүтэй айл л даа.

-Хүүхдүүд одоо хаа байна?
-Янз бүр л байна даа. Том хүү Японд дөрвөн жил, одоо Америкийн Чикагогийн их сургуульд дөрөв дэх жилдээ сурч байна. Хоёр дахь хүү маань Анагаах ухааны их сургууль төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байна. Гурав дахь хүү маань орон нутагтаа амралтын газар ажиллуулж байна. Хамгийн бага хүү Японд аялал жуулчлалын чиглэлээр суралцаж байна. Хүүхдүүдээ боловсролтой, хөлийг нь дөрөөнд хүргэх гэж эцэг хүний хувьд зүтгэж л байна. Ер нь хувийн салбарт л олон жил ажиллалаа. Урьд нь Түнхэлд ойн инженерээр хуваарилагдан мастер, цехийн дарга, инженер гээд янз бүрийн л ажил хийж явлаа. Тухайн үед нам хүчтэй байсан үе. 1983 оноос Сэлэнгэ аймгийн намын хороонд үйлдвэр харицсан зааварлагчаар гурван жил ажиллаж байгаад дараа нь Түнхэлийн намын даргаар олон жил ажилласан. 1990-ээд оны эхээр зах зээлд шилжин, төрийн алба хашихаа больж, хувийн бизнест хөл тавьсан гэх үү дээ. Амьдралын эрхээр тууварчин ч хийлээ, ганзагын наймаанд ч явлаа, үзээгүй ч юм алга. Нийгэмд юу дутагдаж байна, тэр чиглэлээр нь аж ахуй эрхэлсээр яваад өдийг хүрч байна даа.

-Нутгийнхан таныг авгайлж дуудах уу?
-Хүмүүсээс оноож өгсөн нэр байдаг ч манай төрсөн нутагт ч нэг их авгайлдаггүй юмаа.

-Засаг захиргааны нэгжийн хувьд Түнхэл тосгон гэх үү?
-Түнхэл тосгон буюу Мандал сумын V баг. Харин миний хувьд Мандал сумын V баг, Түнхэл тосгоны захирагч гэсэн албан тушаалтай. Одоогоор манай багт 4000 гаруй өрх айл амьдардаг.

-Орон нутгийнхан голлон ямар аж ахуй эрхэлдэг вэ?
-Түнхэл анхнаасаа л модны чиглэлээр Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуй гэж байгуулагдсан. Өнгөрсөн онд 50 жилийн ойгоо тэмдэглэж өнгөрүүлсэн. Одоо мод бэлтгэлийн аж ахуй үгүй болсон ч гэсэн, түүний суурин дээр байгуулагдсан 10 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Цаг үедээ тохирсон ойн санг эзэмшээд, менежментийн төлөвлөгөөний дагуу ашиглалт явуулж байна. Улаанбаатар хот болон бусад газруудыг модон материалаар хангах ажилд зохих хувь нэмэр оруулж байна. 300 гаруй хүнийг эдгээр аж ахуйн нэгж ажлын байраар хангаж байна. Сүүлийн үед иргэд харьцангуй малтай болох сонирхолтой болж байх шиг байна. 500 гаруй мал бүхий өрх бий. Үүнээс 100 гаруй нь малаа дагаад хөдөө амьдарч байна.

-Өнгөрсөн өвлийн хувьд малчид малаа хир онд оруулсан бэ?
-Өнгөрсөн өвөл их хүйтэн байсан ч малын хорогдол бусад газруудыг бодвол харьцангуй бага байсан гэж хэлж болно. Аливаа ажил гэдэг эзний хөдөлмөр, хариуцлагаас шалтгаалдаг. Манай аймгийн өвлийн бэлтгэлээ сайн хангасан өрхүүд хорогдол багатай давсан. Түнхэл бол байгаль сайхантай, модтой, устай газар. Бод мал буюу ялангуяа үхэр сүрэг суурин эрчимжсэн чиглэлээр ажиллуулах нь зүйтэй гэж үзээд Түнхэлд фермерийн чиглэлээр үйл ажиллагаа эхлэх гэж байна.

-Энэ ажлын явц хир байгаа вэ?
-Бэлтгэл, судалгааны ажил, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлаа эхлүүлээд явж байна. Центра голд, Броу голд компанитай хамтран энэ ажлаа эхлүүлэх гэж байгаа ч хараахан үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Нэгэнт манай орон нутгаас баялгийг нь авч байгаа бол энэ нутагт үлдэцтэй юм хийх хэрэгтэй гэсэн шаардлагыг бид тавьж байгаа.

-Тухайн аж ахуйн нэгжүүд дээрх шаардлагыг яаж хүлээж авч байгаа вэ?
-Сайн хүлээж авч байгаа. Манай орон нутагт цаашид хоёр чиглэл байна. Нэгдүгээрт, модыг шууд бэлтгээд нийлүүлэх биш, олон хүнийг ажлын байраар хангасан иж бүрэн мод, модон материал боловсруулах үйлдвэртэй болох чиглэлийг дэмжих. Хоёрдугаарт, нэгдсэн сүүний чиглэлийн фермерийн аж ахуйг хөгжүүлэх ажлыг хөрөнгө оруулалтаар дэмжих. Энэ онд нилээд хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлсэн.Тэр хэмжээгээр ч үйл ажиллагааг эхлүүлж байгаа.  
-Одоо Түнхэлд үйл ажиллагаа эрхэлж буй хамгийн томоохон аж ахуйн нэгжээс дурьдвал?
-Броу гоулд. Ер нь надад өөрийн бодол байдаг юм л даа. Ашигт малтмалыг олборлоно, олборлохгүй гээд дараад суух биш, хэзээ нэгэн цагт ашиглах нь тодорхой. Нэгэнт ашиглах учраас дэлхийд ашиглах ямар шилдэг технологи байдаг түүнийг оруулж ирэх чадалтай том компани ашиглах хэрэгтэй. Тэгэхгүйгээр жижиг  компаниуд нь авах юмаа аваад нөхөн сэргээлт ч хийхгүй алга болж байна ш дээ. Наад зах нь том компани оруулснаар маш олон хүн ажлын байраар хангагдаж байна. Броу гоулдын үйл ажиллагаа дөнгөж эхлэж байх үед 70-аад хүн ажиллаж байлаа. Тэдгээр хүмүүс нь Түнхэлийн ажилгүй, янз бүрийн шалтгаан бүхий архи уудаг зэрэг хүмүүс ажиллаж байна. Ажил хийгээд ирэхээр хүн гэдэг чинь их өөр болж байгаа юм. Уухгүй, уух юм бол ажилгүй болно гэдгээ мэдэрч байгаа нь тэр. Багаар ажиллах чадвар, хөдөлмөр хамгаалал, сахилга журам зэрэг бүхий л зүйлд суралцаж байна. Нөгөө талаар орон нутагт өгөөж их байна. Иймэрхүү л юм ашиглаж хөгжихгүй бол хэцүү ш дээ. Баг бол төсөв гэж байхгүй. Сумын төсвөөс зохих ёсоор хуваарилна л даа. 2010 оны хувьд Мандал сумаас Түнхэлийг хөгжүүлэх жил гэж зарласан. Суманд оруулж буй хөрөнгө оруулалтын нилээд хувийг Түнхэлийн хөгжилд чиглүүлж байгаа. Ийм учраас нилээд зүйл хийгдэж байна.

-Уул уурхайн талаар шүүмжлэл их яригдах болж. Байгаль орчинд уул уурхайгаас нөлөөлж буй нөлөөлөл орон нутагт ямар байдаг вэ?
-Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хамгийн том аж ахуйн нэгж бол Броу голд. Пураам компани, мөн нутгийн иргэд буюу нинжа нар, бичил уурхайн чиглэлээр 180 гаруй хүн ажиллаж байна. Энэ бүхнийг зүй зохистой байлгах, хуулийн хүрээнд зохицуулах нь бидний гол зорилго.

-Зохицуулалт хийгээд явахад хир хүндрэл гардаг вэ?
-Зарим үед хэл амаа ололцохгүй ч тохиолдол бий л дээ. Тэр бүхэнд  учир шалтгааныг тайлбарлах зэргээр талуудтай хамтарч ажилладаг болохоор боломжийн төвшинд явж байгаа гэж хэлж болно. Усны урсац бүрэлдэх ойн сан бүхий газарт ашигт малтмал олборлохыг хориглосон хууль гарсан ч хэрэгжихгүй жил гаруй хугацаа өнгөрлөө. Үүнтэй холбоотойгоор янз бүрийн зүйл гарч байна. Зөв хууль. Гэхдээ энэ чиглэлээр маш олон компани ажиллаж байна. Энэ бүхнийг яаж зохицуулах вэ гэдэг нь хүнд байдалтай байх шиг байна. Нөхөн сэргээлтийнх нь мөнгийг өгөх. Тэр мөнгө нь байдаг ч юмуу, үгүй ч юмуу. Тэднийг болиулчихлаар, суурийг яаж хамгаалах вэ, болилоо гэхэд нөхөн сэргээлт хийх үү үгүй юу гэдэг нь том  асуудал. Аливаа хууль гаргахад бүх талыг нь бодолцох хэрэгтэй . УИХ бол олон хууль гаргаж байгаа хэдий боловч гарсан хуулиуд нь хэрэгжилт нь тааруу байх юм байна шүү дээ орон нутагт ажиллаж байгаа хүний хувьд харж байхад. Энэ хавар Пураам компанид буудалцаан боллоо гэхэд үнэндээ гадаадын хөрөнгө оруулалттай гэж сонин хэвлэлээр бишгүй мэдээлсэн. Яг үнэндээ манай нутгийн монгол залуу үйл ажиллагаа эрхэлдэг ш дээ. Солонгост ажиллаж байгаад хэдэн төгрөгтэй болж ирчихээд аль нэг компаниас ашиглаагүй байсан талбайг нь худалдаж авсан юм билээ. Хуулийн дагуу лизенз, зөвшөөрөл нь байж байдаг. Үйл ажиллагаагаа эхлэх гэж байтал Байгаль орчныг хамгаалах чиглэлийн төрийн бус байгууллага, Онги гол хөдөлгөөн, Ерөө гол хөдөлгөөнийхөн ирснээр байдал өөрчлөгдсөн.

-Тухайн үед Пураам компани дээр яг юу болсон бэ?
– Тоног төхөөрөмж рүү нь буудсан юм билээ. Харьяа нутагт нь сумын захиргаа гэж байна, Түнхэлд захирагчийн алба, удирдлагууд байхад үнэхээр шаардлага тавих гэж байгаа бол бид бүхэнд хандаж болох байсан. Үнэхээр болохгүй байгаа бол хуулийн дагуу арга хэмжээ авч болно ш дээ. Модон дотор бүгж байгаад нэг аж ахуйн нэгжийн тоног төхөөрөмж рүү буудаад, зугтаад, ойд бүгээд байх шаардлага анхнаасаа дэмий байсан. Чухам ямар сонирхол байдаг юм бүү мэд. Хууль хэрэгжүүлэх талаасаа тавьж байгаа шаардлага гэж ойлгож байгаа. Энэ олон компаниудад дохио болгох үүднээс Пураамыг жишээ болгосон байх.

-Пураам компани хөдөлгөөнийхний үзэж буйгаар байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа юу?
-Шинэ гарсан урт нэртэй хуулинд хамрагдаж л байгаа байх. Яагаад гэхээр голын гольдиролд ойрхон. Яг тусгай зөвшөөрөл авсан уулынх нь араар гол урсаж байгаа. Тухайн газар олон компаниар дамжсан л даа. Юм олдсонгүй гэсэн нэрийдлээр олон хүний гараар орж Пураамд ирснээр тэр хавийн замбараагүй байдал овоо цэгцэнд ороод байсан юм. Голын урсацыг уулын захаар явуулаад, тусгай нуур бий болгоод, тэр усаа хэрэглэж байсан. Ашиглалт хийж буй газарт ой мод байхгүй л дээ. Бүхий л баримт бичгийг нь үзэж шалгасан. Усны, байгаль орчны, лизенз зөвшөөрөлтэй л компани. Энэ зунаас л үйл ажиллагаагаа эхэлж байсан.

-Одоо орон нутагтай харилцаа холбоо ямар байдаг вэ?
-Өмнө нь ирж уулзаж байсан. Ажлаа танилцуулдаг л даа. Энэ жилээс үйл ажиллагаа нь эхэлж байгаа юм. Шарын голоос гэлүү тоног төхөөрмжөө авчираад эхлэх гэж байна гэсэн байх. Түүнээс биш үйл ажиллагаа болохоос биш олборлолт хийгээгүй.

-Буу шийдэм болохоос өмнө хөдөлгөөнийхөн орон нутгийн удирдлагтай уулзсан уу?
-Уулзаагүй. Буудсны дараа ууланд бүгэж байхдаа сонин телевизийнхнийг авчиран миний өрөөнд мэдээлэл хийсэн. Яагаад ийм аж ахуйн нэгж байсаар атал үйл ажиллагааг нь зогсоогоогүй юм гэх зэргээр биднийг буруутгах, нөгөө талаар буудсан явдлаа зөвтгөх нь чухал байсан байх. Яг бусад компанийн адилаар хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа эхлэх гэж байсан. Хууль гараад яг энэ нь болно, энэ нь болохгүй гэж тогтоогоод өгчихвөл хэрэгжүүлэхэд бидэнд татгалзах зүйл алга. Хэвлэлийнхэн болон хөдөлгөөнийхнийг дагуулж үйлдвэр дээр нь аваачсан, уулзуулсан, үзүүлсэн. Мөнхбаяр нутгийн иргэнээс морь хөлсөлж аваад байгаль орчны чиглэлээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зураг авна гэж хэлээд өглөө эрт ойн буудсан юм билээ. Зугтахдаа Мөнхбаяр нь мориноосоо ойчоод хамаг бичиг баримтаа орхиод явчихсан. Малчид бидэнд мэдэгдэж, цагдаагийнхан очиход хаяад зугтсан байсан. Нутгийн иргэд бидэнтэй нэгдэж байна гэсэн яриа гаргах гэж үүнийг сэдсэн байх гэж бодож байгаа. Хэдийгээр тэдний хийж байгаа зөв боловч арга хэлбэр нь сайн биш юм. Заавал тэгэх хэрэг байсан ч юмуу. Бүгд л байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх гэдэг тал дээр ажиллаж байна. Заавал буудаж хамгаалах нь ч юу юм. Би ойн инженер хүн. Малчидтай гэрээ байгуулаад Ноён уулын урд талд Баянгол гэж нөхөрлөл байгуулаад найман жил ажилаж байна. Хоёр жил цэвэрлэгээний ажил хийсэн. Яг л энэ чиглэлээр ажилладаг хүн.

-Энэ дуулианы талаар ард иргэд яаж хүлээж авч байгаа вэ?
-Янз бүрээр л хүлээж авсан байх. Аж ахуйн нэгж байна гэдэг сайн, муу зүйлийг дагуулна л даа. Тухайн үйлдвэр эзэмшилтэй газраа хүн оруулахгүй гэхээр хадлан авдаг, өвөлжөө бууц нь байдаг байж болно. Тэгэхээр дуртай байх уу, үгүй юу гэдэг асуудал гарч байна.  Энэ тал дээр хамтарч тэмцэе гэхэд хүн янз бүрээр хүлээж авна. Нутгийн иргэд тэмцэл хэлбэрээр хүлээж авсан юм байхгүй.

-Ойн нөхөрлөлийн давуу тал нь юу вэ?
-Байгаль орчин, ойн сангаа хамгаалах нөхөрлөлүүд 2000 оноос манай суманд анх байгуулагдаж эхэлсэн. Ойн тухай хуульд өөрчлөлт ороогүй байхад. Анх 10 нөхөрлөл байгуулагдаж байсан. Нэг нь манайх. Одоо хоёр нь үлдээд байна. Хууль нь гарч өгөхгүй, нөхцөл нь бүрдэж өгөхгүйгээс найм нь устсан. Байгаль хамгаалахад хөрөнгө гаргаад яваад байдаг, түүнийг дэмжих ямар ч нөхцөлгүй болохоор хэцүү л дээ. Ойн тухай хууль гарснаар ойн сангаа хамгаалаад түүнээсээ зүй зохистой ашиглалт явуулах боломж нээгдэх зэрэг нааштай үр дүнгүүд гарч эхэлж байна. Хамгаалж байгаа хүмүүс ч өөриймсөг хандах, уулын амаа хамгаалж, хадлангаа авах, хуурай модыг нь түлээнд ашиглана гэдэг  ойлголттой болсноор Мандал сумын нутаг дэвсгэрийн 80 хувь нь нөхөрлөл, ойн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг модны компанийн эзэмшилд очсон байгаа. Эзэмшилд очихоор өөриймсөг ханддаг болохоор эзэнтэй болж буй дэвшилтэт арга юм.

-Нөхөрлөлд ямар давуу эрх, үүрэг байдаг вэ?
-Нэгдүгээрт хамгаалах, хоёрдугаарт нөхөн сэргээх, хууль бус мод тээвэрлэлтийг таслан зогсоох зэрэг асуудлыг орон нутагт мэдээлнэ. Хүртэхийн тухайд хамгаалсан нутаг дэвсгэрээсээ жимс ногоо түүж, хадлан, хуурай мод, унаанги ашиглах зэргээ менежмент төлөвлөгөө боловсруулж, сум орон нутгаар батлуулан, түүний дагуу үйл ажиллагаа явуулна.

-Одоо Түнхэлд хичнээн нөхөрлөл байгаа вэ?
-10 гаруй нөхөрлөл байгаа. Голдуу тосгоны төвд ойрхон ногоон бүсэд байдаг. Модны компаниуд бол зайдуу мод бэлтгэл хийх боломжтой газруудад байдаг.

-Танай гэр бүлийн хүний тухай асуумаар байна. Өнгөрсөн жил байгаль орчны чиглэлээр өргөмжлөл хүртсэн гэсэн. Яг ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ?
-Манай эхнэрийг Бат-Очирын Ганхуяг гэдэг.  Улаанбаатарын унаган хүн л дээ. Ойн сургуульд хамт сурч байгаад гэр бүл болж, Түнхэл нутагт өдийг хүртэл ажиллаж амьдарч байна. Ойн эдийн засагч мэргэжилтэй. Нутгийн малчидтай цуг нөхөрлөлийн малчидтай цуг сүүлийн жилүүдэд мод үржүүлгийн хоёр ч газар байгуулан ажиллаж байна. Мод тарьж ургуулна гэдэг амар ажил биш. Энэ чиглэлээр нилээд зүйл хийсэн. 30 гаруй мянган мод тарьсан. Үрээр тарьж ургуулсан тарьц сая орчим болж байгаа. Байнгын нөөцтэй болж байна гэсэн үг. Тэнд 5-6 хүн тогтмол ажиллаж байна. Байгаль орчинд сэтгэлээ өгсөн хүн л дээ. Өнгөрсөн жил ТВ-9 телевизээс зохион байгуулсан “Энэ цагийн эгэл баатрууд”-д нэр дэвшиж, нэг л мэдэхэд шилдгээр шалгарсан байсан. Янз бүрийн зүйл нөлөөлсөн биз. Бид хоёр шиг мод тарьж үржүүлдэг олон хүн байгаа ч гэсэн нэвтрүүлэгт өртөж чадаагүй байсан л байх. Амрагчдыг дайчлаад мод тарья, услая гээд зовоож байдаг хүн. Архи уудаг хүнд их дургүй. Яаж ийж байгаад л хүнийг ажиллуулна, зүгээр ер суулгахгүй. Одоо 50 гарчихлаа. Орой, өглөөд ой руугаа гараад л явчихдаг.

-Түнхэлд үлгэр дууриалтай хүмүүс олон биз дээ. Дурсвал?
-Түнхэлчүүд ажилсаг хүмүүс л дээ. Зөв чиглүүлээд, боломжийг нь бүрдүүлээд өгвөл хийх дуртай улсууд. Модны чиглэлээр 10 компани, үртсээр шахмал түлш хийдэг 6 компани, худалдаа үйлчилгээний байгууллагууд, ашигт малтмалын чиглэлээр аж ахуйн нэгжүүд Түнхэлийн төлөө их тус нэмэр болж байна.

-Иргэдийн амьдралаа дээшлүүлэх, өөд татах талаар санаа бодол нь өөрчлөгдөх хандлага хөдөө орон нутаг ямар болж байгаа бол?
-Сүүлийн хоёр жилд өөр болж байнаа. Их сэтгэж байна. Хуучин мод бэлтгэдэг байсан бол мод тарих чиглэлд анхаарлаа хандуулж байна. Ойн нөхөрлөлүүд болоод аж ахуйн нэг, иргэд ойгоо хамгаалах, мод тарих, эргээд түүнээсээ хүртэх давуу талыг сайтар ойлгодог болсон. Компаниуд нэгдэж мод үржүүлгийн газруудыг байгуулж байна. ойжуулалт, өнгө үзэмж, хогийн цэгийг дарж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна. Энэ жил дуусна. Хамгийн хүнд амьдралтай 16 айлын орон сууцны асуудлыг сайжруулсан. Хуучин 8 айлын орон сууцыг буулгаад, 6 айлын орон сууц болгож, 10-ыг нь шинээр барьсан. Спорт цогоцолбор шинээр барьж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж