Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн оюутан залуучуудын анхдугаар Урлагийн наадам арваннэгдүгээр сарын 28-нд буюу өчигдөр МҮЭСТО-нд амжилттай болж өнгөрлөө. Дорнод аймгаас Улаанбаатар хотод 14 сумын 3000 гаруй оюутан залуучууд суралцдаг бөгөөд энэ удаагийн наадамд 13 сумын 1000 гаруй залуус хамрагдлаа. Урлагийн наадмыг Дорнодын Оюутан Залуучуудын нэгдсэн холбоо зохион байгуулж шагналын санг УИХ-ын гишүүн Д.Одбаяр ивээн тэтгэж, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга нар дэмжин ажилласан байна. Урлагийн наадамд оролцогчид таван төрлөөр өрсөлдөж, нийт дүнгээр тэргүүн байрт Халхгол сум, хоёрдугаар байрыг Баяндун сум, гуравдугаар байрт Дашбалбар сумынхан шалгарч, Номинацийн эздээр Гурванзагал, Аймгийн төв Хэрлэн, Цагаан овоо, Баян дун, Халхгол сумдууд шалгарсан байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Дорнод аймгаас төрөн гарсан МУГЖ, бүжгийн багш Ц.Алтангэрэл, Д.Долгормаа, “Элькондор” хамлагийн дуучин П.Хэрлэн, яруу найрагч, сэтгүүлч Д.Ган-Очир, Улаанбаатар чуулгын найруулагч Б.Оюунчулуун нар ажиллажээ.