Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Дэм хайрлаач надад

“Надад туслаач” гэсээр хүнд өвчиндөө шаналан байгаа цэл залуухан 20 настай нэгэн залуу манай редакцад хандсан юм. Тэрбээр өнчин тархины хавдар гэдэг аймшигт өвчинд шаналан яваа нэгэн юм. “Ар гэрийн амьдрал хүнд. Гэтэл  энэ өвчнөө эмчлүүлэх эмчилгээний зардал тийм ч бага мөнгө биш учраас би монгол ахан дүүсээсээ тусламж хүсч байгаа юм . Надад мөрөөдөл бий. Би бусад шиг сурч хөдөлмөрлөж чадахгүй аюулт өвчиндөө шаналан өдөр хоногийг өнгөрөөж байгаа нэгэн. Гэхдээ зүгээр сууж чадсангүй. Хэрхэн эдгэх вэ гэсэн чин хүсэл мөрөөдөл маань намайг танай редакцад хандахад хүргэсэн юм” гэж ярих түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Намайг Сэрээнэндоржийн Бат-Эрдэнэ гэдэг. 20 настай. Өвөрхангай аймагт төрж өссөн.

-Анх хэзээ энэ өвчнийхөө талаар мэдсэн бэ?
-2009 оны дөрвөн сард Клиникийн нэгдсэн 3-р эмнэлэгт үзүүлэн өнчин тархины хавдар гэж оношлогдсон.

-Одоо эмчилгээ хийлгэж байгаа юу?  Ямар зовиур байдаг вэ?
-Энэ өвчнийг Монголд бүрэн эмчлэх боломжгүй. Байнга л өвчин намдаах эм хэрэглэдэг. Нуруу, хөл, толгой байнга өвдөнө.

-Анх хэзээнээс ямар зовиур мэдрэгдэж эхэлсэн бэ?
-Би Өвөрхангай аймгийн Арвайхээрийн талд төрж өссөн. 2008 онд Улаанбаатар хотод анх оюутан болон орж ирсэн. ХААИС-ийн математик программ хангамжийн ангид элссэн боловч удаан сурч чадаагүй ээ. 2009 оноос миний биед зовиур илэрч нуруу, толгой өвдөж хөл дээрээ удаан зогсч, явж чадахаа больсон. Эхлээд биеийн байдлаа хувийн эмнэлгүүдээр үзүүлэн ардын уламжлалт эмчилгээ хийлгэж байсан. Тэгээд дөрвөн сард нь нэгдсэн шинжилгээ өгөн тархины зураг авахуулан оношийг нь мэдсэн. Ийм байдлаар сургуульдаа үргэлжлүүлэн суралцах боломжгүй болсон болохоор хоёрдугаар дамжаанд орох намраа чөлөө авсан.

-Монголд эмчилгээ хийлгэх боломж байгаа юу? Эмч нар энэ онош дээр юу гэж зөвлөж байна.
– Монголд энэ өвчнийг бүрэн эмчлэх боломжгүй тул Солонгос явж эмчлүүл гэсэн. Өндөр хөгжилтэй оронд гамма цацраг туяаны эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн эмчийн дүгнэлт гарсан. П.Н.Шастины нэрэмжит 3-р эмнэлэгт томографын зураг авахуулснаар өнчин тархины хавдартай гэдгээ мэдэн 2009 оны дөрөвдүгээр сард уг эмнэлэгт өнчин тархины хавдар авахуулах мэс засалд орсон. Энэ хагалгааны дараа миний бие эдгэрч, бүх зүйл сайхан болно гэж би болон миний аав ээж итгэж байсан ч миний өвчин, зовиур арилаагүй, дахин томографын зураг авахуулахад өнчин тархины хавдар арилаагүй, хавдар нь судсаа хавсарсан тул авах боломжгүй гэсэн.

 -Хаана эмчилгээ хийлгэвэл үр дүнтэй байх тал дээр гадны эмнэлгүүдэд хандан судлав уу?
-Энэ өвчнийхөө оношийг Солонгос улсын Корей их сургуулийн эмнэлэгт явуулахад тэнд үүнийг эмчлэн бүрэн эдгээх боломжтой гэсэн хариу өгсөн.

-Өөрт тань туслахыг хүссэн хүмүүс хаана яаж хандах вэ?  Хэдий хэр зардал мөнгө шаардагдаж байгаа вэ?
-Эмчилгээний зардал 38 мянган ам доллар болно. www.Hellobaagii.com <http://www.Hellobaagii.com> хаягаар зочлон дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Мөн миний 96464688 дугаарт хандаж надтай холбогдож болно. Дуслыг хураавал далай гэдэг. Дулаан үг, санхүүгээр надад туслаач.

-Эдгэрээд ирээдүйд юу хийж бүтээхийг хүсч мөрөөддөг вэ?
-Сургуульдаа үргэлжлүүлэн суралцаж, аав, ээжийнхээ ачийг хариулан улс эх орондоо хэрэгтэй чадварлаг боловсон хүчин болохыг хүсч байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж