Монголбанкны статусыг хөндөн ярилцлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Монголбанкны статусыг хөндөн ярилцлаа

“Мөнгөний бодлого ба эдийн засгийн өсөлт: Ухрах уу, урагшлах уу?” сэдэвт хэлэлцүүлгийг МҮХАҮТ-ын санаачлагаар зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Монголбанкыг төлөөлөн Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар оролцсон бол эдийн засагчдаас доктор Г.Пүрэвбаатар, Н.Дашзэвэг, Б.Лхагважав, үйлдвэрлэгчдийг төлөөлж “Өгөөж чихэр боов” үйлдвэрийн захирал Ц.Түмэнгэрэл, “Монголын үндэсний моргейж” корпорацийн захирал Ж.Жаргалсайхан нарын хүмүүс оролцсон юм. Тэдний олонх нь  Монголбанкнаас боловсруулж, УИХ-аар баталсан Төрөөс баримтлах  мөнгөний бодлогыг ихээхэн шүүмжилж байлаа. Мөнгөний бодлого гэхээр хүмүүс голчлон төгрөгийн бодлого мэт ойлгодог ч угтаа бол гадаад валютын нөөц, инфляцийг хамтад нь авч үздэгээрээ онцлог аж. Одоогийн мөнгөний бодлого нь жижиг зах зээлтэй манай улсад хэт хатуудсан бодлого гэж зарим эдийн засагч тайлбарлаж байлаа. Хэлэлцүүлгийн үеэр Мөнгөний бодлоготой зэрэгцэн яригдсан нэг асуудал нь Монголбанкны статус байлаа. Хэдийгээр төв банк бие даан ажиллах учиртай ч УИХ-ын харъяат байгууллага болон хувирсныг буруушааж байсан юм. Эдийн засагчдын зарим нь төв банкыг Засгийн газрын харъяанд байлгах нь зөв гэсэн бол нөгөө хэсэг нь хэний ч хараат бус, макро эдийн засгийн төвшинд харж ажиллах учиртай хэмээн онцолж байлаа. Ганц удаагийн хэлэлцүүлгээр тодорхой шийдэлд хүрэх боломжгүй хэдий ч харилцан ярилцаж, ойлголцож байгаа нь хамгаас үнэтэй гэж тэд дүгнэсэн. Сүүлийн хэдэн сарын турш хэвлэл мэдээллээр Монголбанкны үйл ажиллагааг буруутган шүүмжилсэн нийтлэл хэвлүүлэх болсон иргэн Б.Оюунбилэгт уг хэлэлцүүлэгт ирсэн юм.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж