Германы гэх тодотголтой ч Европ тивийн шилдэг бөхчүүд клубтэй гэрээ байгуулсны дагуу барилддаг бөхийн чөлөөт барилдааны Бундеслигт Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар зодоглож байгаа билээ. Кёльн хотын “KSV Kollerbach” клубтэй гэрээ байгуулж, есөн тойргийн барилдаанд зодоглох болсон Б.Наранбаатар бямба гаригт Бундеслигийн найм дахь барилдаанаа хийж, долоо дахь ялалтаа авлаа. Хоёр тойрог дутуу байхад плей-оффт өрсөлдөх эрхээ авсан “KSV Kollerbach” клуб бямба гаригт “SV Germania Weingarten” багтай таарч, өрсөлдсөн бөгөөд чөлөөт бөхийн 60 кг-д барилдаж буй Б.Наранбаатар Германы бөх Марсель Эвалдтай барилдаж, 2-0; 1-0; 4-1 харьцаатай гурван үед дараалан ялжээ.
Бундеслигийн дараагийн тойргийн барилдаанууд бямба гаригт буюу арванхоёрдугаар сарын 4-нд болно. Харин Б.Наранбаатар тус барилдаанд оролцоод Монголд ирэх ба хэд хоног эх орондоо амраад Герман руу буцаж шигшээ барилдаанд оролцох ажээ.
С.Цэлмэг