Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Хослох дуртай хосууд

Мэргэжлийн сумогийн дэвжээгээ их хурлын эрхэм гишүүний сэнтийгээр сольсон Кёкүшюзан Д.Батбаяр өмнөх амьдралаасаа өрх тусгаарлан, дуучин Т.Баясгаланг эхнэрээ болгосон нь одоогоос хоёр жилийн өмнө дэгдсэн сенсаацуудын нэг байлаа. Дуучин эхнэрийнхээ фен нь байсан хэмээн нууж хаалгүй ярьдаг Кёкүшюзаны энэ сонголт одоо бол олны чихэнд хоногшиж, тэдний гэр бүлийнхэн өдгөө зайсан дахь тансаг харшдаа өмнөх эхнэрийнхээ хүү болон өнгөрсөн жил хорвоод мэндэлсэн Элбэгбаяр хүүгийнхаа хамт амьдарч байна.

Олны танил гэгддэг бусад хосуудтай харьцуулахад хослон хувцаслаж, өмссөн дээлийнхээ өнгө, торгыг ижилсүүлэх дуртай нь энэ хосуудын бас нэг имиж гэхэд болно. Т.Баясгалангийн гавьяатын найран дээр цагаан торгон дээлээр гоёж, хамтын амьдралаа хувцаслалтаараа ил тод гэмээр зарласан хосууд хантааз, малгайгаа хүртэл ижилсүүлэн сонгодог бололтой. Хоёр жилийн өмнөх цагаан сараар Кёкүшюзан Д.Батбаяр булган малгай духдуулж, булган эмжээртэй тод өнгийн хантаазаар гоёсон нь сайхан ч юм шиг, муухай ч юм шиг харагдаж, олны зүгээс багагүй шүүмжлэл дагуулж байсан санагдана. “Эхнэр маань энэ дээлний загварыг гаргасан юм” хэмээн илэн далангүй гоёлоо тодотгож байсан Кёкүшюгийн булган эмжээрт дээл тэгвэл энэ гэрт хоёр байдаг ажээ. Булгаар чимсэн энэ гоёлоо хосууд олны өмнө хамтдаа өмссөн харагдаагүй ч саяхан болсон “монгол бадарчин” гэгддэг Амайгийн шинэ номын нээлтийн хүлээн авалтад Т.Баясгалан хатагтай нөхрийнхтэйгөө усны дусал мэт адилхан булган малгай, булган эмжээртэй дээлээр гоёж ирээд буцав. Хүлээн авалтад саатахдаа үслэг малгай, булга минж болсон хантааз өмссөн нь сонин сонголт байсан ч дуучин бүсгүйн өөрийнх нь гаргасан загвар юм болохоор таатай, тухтай байдаг байлгүй дээ.

Б.Ирмүүн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж