Гурван настай охин бөөрний дутагдлаас зовж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Гурван настай охин бөөрний дутагдлаас зовж байна

Палестиний Аяа Абу Моувайс хэмээх гурван настай энэ охин өглөө сэрээд нүдээ нээсэн даруйдаа уйлж эхэлдэг байна. Тэрбээр сүүлийн хоёр жилийн турш ийм байгаа аж. Охин бөөрний дутагдалтай бөгөөд эмч нарын хэлснээр яаралтай бөөр болон элэг шилжүүлэн суулгах мэс засал хийхгүй бол хэдхэн сарын дотор нас барах аж. Долоо хоногт таван удаа хэрэглэдэг эмнээс болж түүний яс сийрэгжиж, нэг гар нь хугарсан байна.

“Түүнийг ийм байгааг харахад маш хэцүү байдаг” хэмээн ээж нь ярьж байна.
Аяагийн эцэг Ияад өглөө бүр Вэст Бэнк хотоос гарч Израилийн хилийг давдаг. Учир нь охинд нь хэрэгтэй эм, тариа Палестиний аль ч эмнэлэгт байдаггүй аж.  Түүний гэр бүл сургуулийн насны хоёр хүүхэд мөн найман сартай хүүтэй юм.
Израилийн Рамбам хотын эмнэлэг хүрээд буцахад таван цаг шаардлагатай байдаг аж. Охин нь одоо алхаж чадахгүй болсон тул Ияад охиноо тэврэн урт замыг туулдаг ба эмнэлэгт очсоны дараа Аяа охин дөрвөн цагийн эмчилгээ хийлгэдэг. Эмчилгээний зардлыг Палестиний төрөөс гаргадаг байна.

Гэхдээ бөөрний аппарат одоо үр дүнгээ өгөхөө больж эхэлжээ. Эмч нар нь яаралтай элэг, бөөр шилжүүлэн суулгахгүй бол охинд жил хүрэхгүй нас үлдсэн  гэж хэлж байгаа аж. Харамсалтай нь донорыг өөрсдөө олоогүй л бол Израильд зөвхөн израильчууд л эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэх боломжтой гэнэ. Гэвч донор олоход маш хэцүү билээ. Түүнд одоо ганцхан зам үлдээд байгаа нь Палестиний иргэдэд эрхтэн шилжүүлэх мэс засал хийхэд тусалдаг Бельгийн нэгэн эмнэлэгт хандах юм. Эмчилгээний зардалд 700 гаруй мянган ам.доллар шаардлагатай. Энэ хэмжээний мөнгийг эцэг, эх нь мөрөөдөж л чадах тул одоо зөвхөн бурханд л итгэж, охинд нь тусламжийн гараа сунгах аль нэг улс, эсвэл хэн нэгнийг илгээгээч хэмээн гуйж байгаа аж.

Аяагийн ээж Сухайр найман жилийн өмнө ийм өвчнөөр нэг охиноо алдаж байсан ба дахин нэг охиноо алдана гэдэг маш хүнд байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж