
Тэд өмнө нь 21 удаа таарч тоглоход 14 удаад нь Испани теннисчин хожиж байсан ч энэ удаад өрсөлдөгчийнхөө эсрэг хүчтэй тэмцэл өрнүүлж чадсангүй. Федерерийн хувьд ийнхүү 6-3; 3-6; 6-1 харьцаатай ялалт байгуулснаар карьерынхаа 66 дахь түрүүг авч, 1,63 сая ам.долларын мөнгөн шагнал хүртсэн юм. Түүхэндээ 24 жилийн дараа дэлхийн чансааны нэг, хоёрдугаарт эрэмбэлэгдсэн теннисчид хоорондоо тоглосон тохиолдол энэ байлаа. Тэд хоёул финалд шалгарах хүртлээ дөрөв дөрвөн тоглолт хийж, бүгдэд нь хожсон байснаас гадна Федерер нэг ч сет хожигдоогүй байсан юм.
Тоглолтын дараа дэлхийн номер нэг теннисчин Надаль “Рожерт баяр хүргэхийг хүсч байна. Бүтэн долоо хоногийн турш тэр гайхалтай тоглолт үзүүлсэн. Миний хувьд 2010 он сайхан жил байлаа. Магадгүй хамгийн ихээр сэтгэл догдлуулсан жил байх” хэмээн ярьжээ.
С.Цэлмэг