Сонгуулийн хуулиа “амилуулах” уу?

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулиа “амилуулах” уу?

Эрхэм гишүүд ирэх оны төсвөө баталж, долоо хоног завсаргүй ажилласан алжаалаа улс тунхагласны ойг ташралдуулан гурав хоног тайллаа. Бүтэл муутай төсвийн төсөл бэлтгэснийг нь хожуухан ухаарсан эрхэм гишүүд нэлээд сүүлдэсхийж Засгийн газарт “зулбадай”-г нь буцааснаас болж төсөв батлах хуулийн хугацаанд шахагдан сүүлийн хэд хоногт УИХ-ын танхим галт тэрэгний зүтгүүр шиг л оволзсон.

Гурван их наяд гаруй төгрөгийн тооцоон дунд умбасаар их ажлын ард сая гарсан УИХ-ын эрхэм гишүүдийн амьсгаа энэ долоо хоногоос уужрах шинжтэй болов. Харин “Мартсанаас мал мэнд үү” гэгчээр хаврын чуулганаар хойшлуулаад “хав дарж” орхисон УИХ-ын сонгуу­лийн хуулийн хоёр ч төслийг хэзээ “амилуулах” вэ гэсэн асуулт одоо гарч ирж байна. Яадаг ч гэсэн таван удаа хэрэглэж, том, жижиг тойргоор тур­шиж үзсэн мажоритар тогтол­цоогоо халах нь бараг тодорхой болоод байгаа. Үгүй ядахдаа л төсөв батлах болгонд мөнгө хий үрэхийн үүд хаалга болдог мажоритар тогтолцооны бал­гийг гишүүд ухаарсан бололтой. Заавал хөрөнгө мөнгө, санхүү амлаж байж иргэдийн саналыг авдаг энэ тогтолцоог бүрэн биш гэхэд хагас халахаар эрхэм гишүүд зориглож байгаа дуулдана.  Мажоритар, пропорциональ хувилбарыг хослуулсан холимог системээр сонгууль явуулж болохыг Ардын нам, Ардчилсан намын аль аль одоогоор үгүйсгээгүй байгаа гэж гишүүд нь хэлж байна.

Гэхдээ нөгөө талаас холимог тогтолцоог авбал  “Хэн нь сонгогчдоос санал авах гэж байдгаа барж, нэрээ дэвшүүлж, бусад нэр дэвшигчидтэй  өрсөлдөж сонгогддог, хэн нь зүгээр сууж байгаад бидний авсан саналын хувь дээр дөрөөлж намын нэрээр гарч ирэх юм бэ” гэсэн барьцаа нэр дэвшигчдийн хооронд үүсч болзошгүйг намуудын удирдлага харгалзаж үзэхээр болжээ. Пропорциональ хувилбарыг дагаад нэрээ дэвшүүлэхийн тулд намын удирдлагадаа тал засах, авлига өгөх зэрэг үзэгдэл гарч болохыг анхаарах ёстой хэмээн хаширлах гишүүд ч байгаа дуулдана. Яадаг ч байсан 2008 оны сонгуульд хэрэглэсэн томсгосон тойрог­той мажоритар тог­толцоог дахин авахгүй гэдэг дээр улс төрийн намууд санал нэгджээ.

Шинэ жилээс өмнө УИХ-ын сонгуулийн ту­хай хуулийн төслийн хэ­лэл­­цүүлэг сэргэж магад­гүй байна. Тэгэхдээ Д.Лүндээ­жанцан нарын бо­ловс­руулсан улс орон даяа­раа сонгуулийн нэг той­рог болоод явах, Л.Болд нарын өргөн мэдүүлсэн улсаа долоо, найман томс­госон тойрогт хуваагаад нэр дэвшигчдээ өрсөлдүүлэх хоёр төслийг нийлүүлж дун­даас нь холимог тог­толцоонд суурилсан нэг хуулийн төсөл “босгох”-оор ажлын хэсэг ажиллаж байгаа сурагтай.

Мажоритар тогтолцоо­гоо 76 жижиг тойрогтой нь буцаан авах бодолтой гишүүд ч цөөнгүй байгаа бололтой. Гэхдээ тог­толцоо нь гажигтай. Тойр­гоо тогтмол тойлж сон­гогчдоо авлигадаж бай­хыг мажоритар систем шаарддаг учраас гишүүд төс­вөөс мөнгө сааж төсвийн ерөнхийлөн захирагч болох гэж үхэн хатан зүтгэдэг. Сая төсөв батлахдаа ч тэр горыг чамгүй амслаа. Мажоритар тогтолцоог пропорционалиар соливол тойрогт уягдахгүй, төс­вөөс мөнгө унагахгүй, сур­гуулийн дээвэр, цэцэрлэгийн хүүхдийн хоолонд санаа зовохгүй, хууль тогтоох гол ажилдаа сэтгэл шулуудна гэж сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар шуу­дар­сан гишүүд харин үзжээ.

Мажоритар тогтолцоо­тойгоо үлдэж тойрогтоо хадагдан “аж ахуйн эрхлэгч” хийх үү, хувь тэнцүүлсэн зарчмаар санал хурааж жинхэнэ төрийн түшээгийн ажлаа хийх үү, эсвэл энэ хоёрыг хослуулах уу гэдгийг эрхэм гишүүд ямар боловч энэ ондоо багтааж шийдэхгүй бол сонгуулийн өмнөх ширүүн тэмцлийн жил гарахад ганц сар үлдлээ. Сонгууль дөхөх тусам улс төржсөн хууль гарна. Үүний горыг эрхэм гишүүд 2008 онд амссан. Сонгуулийн хуулиа шинэчлэх гэж барьж тавьсаар хаяанд нь тулгаж сэлбэсэн хуулиараа томсгосон тойрогтой мажо­ритар тогтолцоог сон­гож, түүнээсээ болж сонгуулийн сурталчилгаан дундуур нэг намынхан өөд өөдөөсөө сөргөлдөж, бүр байчихаад өөр намынхантай эвсч,  тойрог болгонд шахам мар­гаан дэгдээж, эцэстээ дол­дугаар сарын 1-ний хэрэг явдлыг мандаасан билээ. Тийм болохоор цаг байгаа дээр эртхэн Сонгуулийн хуулиа гартаа барьж хий багатай, хувилбар сонгохыг эрхэм түшээдээс хүлээх үлдээд байна.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж