Дублинд Засгийн газрын эсрэг жагсав

Хуучирсан мэдээ: 2010.11.28-нд нийтлэгдсэн

Дублинд Засгийн газрын эсрэг жагсав

Арваннэгдүгээр сарын 27-ны бямба гаригт хэдэн арван мянган ирландчууд Засгийн газрын зүгээс төсвийн алдагдлыг бууруулах, татвар нэмэх арга хэмжээ авч байгааг эсэргүүцсэн жагсаалд гарсан тухай Agence France-Presse мэдээлэв.

Цагдаагийн мэдээллээр 50 мянга орчим хүн жагссан бөгөөд арга хэмжээг Ирландын үйлдвэрчний эвлэлийн конгресс (The Irish Congress of Trade Unions) зохион байгуулжээ.

"Эйре наймаалагдахгүй, ОУВСанд худалдагдахгүй" гэсэн уриа барьсан хүмүүс Дублин хотын төвөөр жагсан О"Коннел Стрит-д ирээд цуглаан хийсэн байна. Тэд Засгийн газрын төлөвлөгөөг банкуудыг аврахад чиглэгдээд ирландчуудад тус болохгүй хэмээн шүүмжилж байгаа. Жагсаалын үеэр хэв журмын зөрчил гаргахгүй гэж цагдаагийнхан дагалдан явцгаав.

Энэ сарын 24-нд ОУВС ба Европын холбооноос 85 тэрбум евроны зээл авахад нь Ирландад тус болох арга хэмжээнийхээ жагсаалтыг Засгийн газар нь гаргасан бөгөөд түүгээр ойрын дөрвөн жилийн дотор төсвийн алдагдлаа 15 тэрбум еврогоор бууруулах юм. Төрийн зардлыг багасгахаас гадна татварыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Үүний үр дүнд цалин хөлс буурч төрийн албаны 25 мянган ажлын байр цомхтголд орох ажээ.

Эх сурвалж: Лента.ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж