Зарим аймагт үхрийн мах худалдаалахгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.11.28-нд нийтлэгдсэн

Зарим аймагт үхрийн мах худалдаалахгүй байна

Арваннэгдүгээр сарын 25-ний байдлаар хонины махны үнэ аравдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 4-5 хувь, үхрийн ястай махны үнэ 0.9 хувь, адууны махны үнэ 1.4 хувиар өсч, үхрийн цул махны үнэ 0.8 хувь, ямааны махны үнэ 3.1 хувиар буурсан гэж Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн газраас мэдээлж байна. Өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 5.5-5.7 хувь, үхрийн махны үнэ 1.2-3.5 хувиар өсч, адууны мах, ямааны махны үнэ харьцангуй тогтвортой байсан байна.  Харин хөдөө орон нутагт нэг кг хонины ястай махны үнэ дунджаар 3335 төгрөг, үхрийн ястай мах 3633 төгрөг, ямааны мах 2467 төгрөг, адууны мах 2580 төгрөг, хонины цул мах 3543 төгрөг, үхрийн цул мах 4150 төгрөгийн үнэтэй байжээ. Хонины махны дундаж үнэ өмнөх долоо хоногийнхоос Архангай, Булган, Сүхбаатар, Ховд, Хэнтий аймагт 100-500 төгрөгөөр буурч, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Говьсүмбэр аймагт 100-500 төгрөгөөр өсчээ. Харин бусад аймагт хонины махны үнэ тогтвортой байна. Хонины махны үнэ Өмнөговь аймагт хамгийн өндөр буюу 3300 төгрөг байхад Дорнод аймагт 2000 төгрөг байгаа нь хямд үнэ байна. Үхрийн махны үнэ өмнөх долоо хоногийнхоос Дорноговь, Дорнод, Хэнтий аймагт 50-200 төгрөгөөр буурч, Архангай, Булган, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Говьсүмбэр аймагт 100-300 төгрөгөөр өссөн байна. Бусад аймагт үхрийн махны үнэ харьцангуй тогтвортой байв. Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймагт үхрийн мах худалдаанд байхгүй байна. Үхрийн мах Өвөрхангай, Төв аймагт 3800 төгрөг буюу хамгийн өндөр үнэтэй байхад Хөвсгөл аймагт 2600 төгрөг байгаа нь хямд үнэ байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж