-Сонгуулийн хуулийн шинэчилсэн төсөл хаврын чуулганаар орох ёстой. УИХ-аас ажлын хэсэг гарсан ч сонгуулийнхаа тогтолцоон дээр шийдэлд хүрч чадахгүй гацчихаад байгаа. Энэ хуулийн төсөл дээр Сонгуулийн ерөнхий хороо бас санал өгөх ёстой?
-Ер нь бол УИХ-ын болоод Олон нутгийн сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулна гэдэг нь тодорхой болчихсон. Ажлын хэсэг гарчихсан, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орчихсон. СЕХ ч гэсэн хуульд заасны дагуу саналаа бэлтгэж ажлын хэсэгт хүргүүлэхээр ажиллаж байгаа. Өмнөх сонгуулиудыг явуулж ирсэн хууль, гадаад орнуудын сонгуулийн хуулиудыг судалж байна.
-Танайх яг ямар төвшинд саналаа өгөх вэ?
Хуулийн хоёрдугаар бүлгээр сонгууль зохион байгуулах асуудлыг зохицуулдаг. Нутаг дэвсгэрийн хуваарь ямар байх, тойрог, хэсгийн хороодыг яаж байгуулах вэ гэхчилэн. Бэрхшээлтэй зүйл олон бий. Улаанбаатарт гэхэд нэг хэсгийн хороонд санал өгөх сонгогчийн тоог 6000-аар тогтоосон. Өглөө 07.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл санал өгүүлээд ч амждаггүй. Судалгаа хийсэн олон улсын байгууллагууд гэсэн “Танайд нэг хэсэг дэх сонгогчийн тоо хэт олон байна” гэдэг. Орой 19.00 цагаас хойш хэсгийн хороон дээр ачаалал ихэсдэг, 22.00 цагт хаалгаа барихад маш олон хүн саналаа өгч чадалгүй үлддэг. Аймгийн төвүүд дээр ч гэсэн мөн адил нэг хэсгийн орох сонгогчийн тоог цөөлөх ёстой. Хуулийн бүлэг болгон дээр энэ мэт саналаа боловсруулж байгаа.
-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудал дээр танайх ямар саналтай байгаа вэ?
-УИХ 76 гишүүнтэй байна гээд Үндсэн хуульд заачихсан. Энэ 76-гаа яаж гаргаж ирэх вэ гэдгийг УИХ-аас томилогдсон ажлын хэсэг шийднэ.
-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх гээд байгаа гол үндэслэл нь сонгогчдын өгсөн санал бүр суудлын хуваарилалтад оролцдог байя л гэсэн санаа шүү дээ. Өөрөөр хэлбэл пропорциональ систем рүү явья гэж. Гэвч үүнийг УИХ дахь намын бүлгүүд одоо хүртэл шийдэж чадахгүй байгаа. СЕХ үүн дээр саналаа хэлж чадахгүй юу?
-Тогтолцоон дээр бол бид санал өгөхгүй, УИХ өөрөө шийдэх ёстой. Улс орнуудын туршлагыг харах юм бол пропорционалийг ч мажоритарийг ч, ал алиныг нь л хэрэглэдэг юм билээ. Аль аль нь давуу талтай, бас сул талтай гэдгийг бүгд л ойлгож байгаа. СЕХ-ны гол үүрэг бол хуулийн доторх зүйл заалтуудыг хэрэгжүүлэх явцад ямар бэрхшээл, зөрчил гарч байна вэ гэдэг талаас нь ажиллаж, саналаа өгнө. Манайх жижиг мажоритари буюу 76 тойрог, том мажоритари буюу 26 тойргоор сонгууль явуулсан. 1996 оны орон нутгийн сонгуулиар холимог системээр явуулаад туршчихсан. Үндсэндээ хувь тэнцүүлэх буюу пропорциональ системээр л сонгууль явуулаагүй байгаа. Ажлын хэсэг хуулийн төслөө энэ хаврын чуулганд оруулах байх гэж тооцоод л саналаа бэлтгэж байна.
-Улаанбаатарт манай хүн амын талаас илүү нь төвлөрчихөөд байгаа, гэтэл 20-хон мандаттай. Үүн дээр маш их маргаан гардаг. УИХ-ын гишүүд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн төлөөлөл юм уу, ард түмний төлөөлөл юм уу гэж. Үүнд ямар өөрчлөлт хийх ёстой вэ?
-Бусад орны туршлагыг харахад хүн амынхаа тоонд нь харьцуулж мандатаа хуваарилдаг юм билээ. Манай тойргийн системийг хараад “Танайх засаг захиргааны хуваарь газар зүйн байрлалдаа тааруулаад мандатаа хуваарилчихсан байна” гэдэг. Хэрвээ цаашид тойргийн тоог нэмэгдүүлнэ, нэг мандатад ногдох сонгогчийн тоог бууруулна гэвэл “УИХ 76 гишүүнтэй байна” гэсэн Үндсэн хуулийнхаа заалтыг өөрчлөх хэрэгтэй. Үгүй бол хөдөөгийнхөө мандатын тоог бууруулах замаар хотын мандатын тоог нэмэх ёстой. Үүнийг УИХ-ын ажлын хэсэг л шийднэ. Бусад орнуудын туршлагыг харахад бол хүн амынх нь тоонд л харьцуулдаг юм билээ. Манайхны хийж байсан судалгаанаас харахад ч гэсэн хөдөөгийн тойргуудаас 5-6 мандат хасах, хотын тойрогт мөн тооны мандат нэмэхээр гардаг юм.
-Энэ бол сонгуулийн тогтолцоотой холбоогүй зүйл. Тийм учраас СЕХ үүн дээр саналаа УИХ-ын ажлын хэсэгт оруулж болохгүй юу?
-Гишүүд бол мэдэж л байгаа. Нэлээд олон гишүүн энэ талаар судалгаа гаргуулж авч байсан. Шаардлагатай гэвэл одоо ч гэсэн гаргаж өгч болно. Гэхдээ хөдөөгийнхний мандатын тоог хасна гэхээр бас л “зөв, буруу” гэсэн маргаан гарна л даа.
-Сонгуулийг хувь тэнцүүлсэн систем буюу пропорционалиар явууллаа гэхэд жишээ нь ямар хувилбарууд байна вэ? Пропорциональ ч гэсэн сул талтай гэдэг шүү дээ?
-Саналын хуудсан дээр зөвхөн сонгуульд оролцож байгаа намуудаа бичдэг, эсвэл нам, нэр дэвшигч хоёроо зэрэг бичдэг хувилбар байна. Зарим оронд намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, нөлөө бүхий гэж үзэгддэг намын лидерүүд гэсэн 3-4 хүний нэрийг намын нэрний ард бичээд санал хураадаг арга байна. Тухайлбал ОХУ-д. Янз янзын хувилбарууд байна, алиныг нь сонгох вэ гэдгийг УИХ шийднэ. Гэхдээ аль ч тохиолдолд намууд мандатын тоотой тэнцүү хэмжээний нэр дэвшигчийн жагсаалтыг сонгуулиас өмнө урьдчилж гаргаад СЕХ-нд ирүүлнэ л дээ. Сонгуулийн дүн гарсны дараа тухайн намын авсан саналын хувьд тэнцэх хэмжээний суудлыг л СЕХ нэр дэвшигчдийн нэрсийн загсаалтаар гаргаж өгнө. Тэгэхээр намаас гаргаж өгсөн жагсаалт ч гэсэн нэр дэвшигчийн рейтингийн төвшинг харуулна гэсэн үг. Бусад оронд бол тэгж л хийдэг юм билээ.
-Сул тал нь?
-Намууд руугаа хэт их ачаалал өгдөг. Цөөхөн хүний гарт эрх мэдэл шилжих вий гэсэн болгоомжлол байдаг. Намуудын дарга нарын нөлөө их өсдөг. Тийм учраас пропорционалийг сонговол улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх ёстой гэж яриад байгаа юм.. Ямар шалгуураар нэр дэвшүүлэх, рейтингийн жагсаалтыг яаж гаргах, намын аль шатны хурлаар баталгаажуулах гэх мэтчилэн бүгдийг улс төрийн намуудын хуулинд тусгаж өгөх ёстой.
-76 жижиг тойрогтой байхад цөөн сонгогчийг мөнгөөр худалдаж аваад байна гээд томсгосон 26 тойргоор сүүлийн сонгуулийг явуулсан. Гэтэл харин ч хамгийн их мөнгө цацсан сонгууль боллоо. Тэр байтугай УИХ-ын гишүүд тойрогтоо тэрбум төгрөг төсөвлөдөг болсон. Тэгээд үүнийг халах ганц арга нь мажоритариас татгалзах гэж харагдаад байгаа шүү дээ?
-Мөнгөний сонгууль болоод байна гэж үү? Сонгуулийн үеэр мөнгө амладаг, тараадаг байдлыг арилгах л ёстой. Үүнд чиглэсэн хуулийн заалтуудыг сонгуулийн шинэ хуулиндаа оруулж өгөх ёстой.
-2012 оны сонгуулийг электрон хэлбэрээр явуулах бололцоотой юу?
-Бид 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар электрон сонгуулийн зарим нэг хэсгийг туршаад үзчихсэн. Электрон сонгууль үндсэндээ 3-4 хэсгээс л бүрдэж байгаа шүү дээ. Эхнийх нь сонгогчийн бүртгэлийн асуудал. Нэрсийн жагсаалтыг компьютерт оруулаад л сонгогчийн үнэмлэхээ шууд хэвлэдэг. Сонгогчийн үнэмлэхийг гараар бичдэг байхад регистрийн дугаарыг буруу бичих, овог нэрийг зөрүүлэх, үсэг алдах явдал гардаг байсан. Бүртгэлийн ажлыг бол бид 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, нөхөн сонгуулиар туршчихсан. Хоёр дахь нь сонгогчийн үнэмлэхийг бар.кодтой болгосноор сонгуулийн хэсгийн хороод дээр сонгогч нэг бүрийн сонгогчийн үнэмлэхийг хуурамч эсэхийг шалгах боломжтой болсон. Бар, кодыг нь уншуулаад л овог нэр, регистр нь дэлгэцэн дээр шууд харагддаг. Санал өгсөн хүний тоо, санал хураалтын хувь зэргийг ажиглагчид цаг минут тутамд харж байх боломжтой. Үүнийг бид бас туршсан.
Хөрөнгө мөнгөнийх нь асуудлыг шийдчихвэл 2012 оны сонгуулийг электрон хэлбэрээр явуулах боломжтой. Солонгост гэхэд бүртгэлийн машин нь 1,8 сая, санал хураах машин нь 1,9 сая вонн л байх жишээтэй. Аль аль нь хоёр сая төгрөгөөс хэтрэхгүй гэсэн үг. Ер нь цаашдаа дэлхий нийтээр сонгуулийн ажиллагаанд хүний оролцоог аль болох багасгаж, электрон систем рүү явж байгаа. Ганцхан сонгогч л өөрөө оролцоно. Манайд бол бүх зүйл, тоолох нь хүртэл хүний гараар учраас байнга хардлага сэрдлэгийн дор явдаг.
ОХУ, Өмнөд Солонгос зэрэг улсууд дараачийн сонгуулиа электрон системээр явуулах гэж байна. Манайх үүнээс хоцорч болохгүй л гэж бодож байна. Гэхдээ хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэх хэрэгтэй. Өмнөх хоёр сонгуулиар бол бид гуйлгаар л ажилласан. СЕХ, Иргэдийн хурлууд дээр байгаа зурагт, компьютерүүдийг дайчилсан, заримыг нь түрээсэлсэн. Одоо бол бид өөрсдийн техник технологи, боловсон хүчний бааз бүрдүүлж байж хийхгүй бол болохгүй. Улсын хэмжээний том сонгууль шүү дээ.