Өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлав

Хуучирсан мэдээ: 2010.11.26-нд нийтлэгдсэн

Өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлав

Улсын Онцгой комисс өчигдөр хуралдаж Дорнод, Сүхбаатар аймагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцэн Дорнод, Сүхбаатар аймагт тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалхаар шийдвэрлэсэн юм.

Сүүлийн 14 хоногт Дорнод, Сүхбаатар аймагт өвчлөл гараагүй бөгөөд дээрх хоёр аймгийн нийт малыг вакцинжуулж дууссан байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгазлан үзээд Дорнод, Сүхбаатар аймагт тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хорио цээрийн дэглэмийг цуцах асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулахаар боллоо.

Хуралдаанаас эцсийн ариутгал халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээг яаралтай хийх, мал устгасан газарт байнгын хяналт тавьж, анхаарлаа бууруулахгүй ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгалаа. Хуралдаанаар Улаанбаатар хот орчимд  өвчлөмтгий малын вакцинжуулалтын явцын талаар хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд вакцинжуулалт 68 хувьтай байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт дутагдалтай байгаа вакциныг өгөх, ирэх даваа гариг гэхэд нийслэлийн малыг 100 хувь вакцинжуулахыг Монгол Улсын Шадар сайд Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд холбогдох байгууллагуудад  үүрэг болголоо. Мөн зээрийн хөдөлгөөнийг хязгаарлах, нүүлгэх, өвчилсөн зээрийг устгах ажлыг эрчимжүүлэхийг даалгалаа. Одоогоор 24 мянга 827 толгой мал, 686 зээр устгаж, 536 зээрийн сэг зэмийг булж устан халдваргүйжүүлэлт хийгээд байгаа юм байна.

Г.Дарь     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж