“Асуудал-шийдэл” аян үргэлжиллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

“Асуудал-шийдэл” аян үргэлжиллээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооноос Монголын залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, тэдгээрийг шийдвэрлэх талаар тодорхой зорилтуудыг дэвшүүлэх зорилго бүхий “Асуудал-шийдэл” аяныг орон даяар эхлүүлээд байгаа юм.

Аяны хүрээнд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, тус холбооны дэд ерөнхийлөгч Д.Бадарсан, удирдлагын зөвлөлийн гишүүн М.Амгаланбаатар нар өчигдөр “Нарантуул” олон улсын худалдааны төвөөр орж, тус захад худалдаа  эрхэлж буй залуучуудын төлөөлөлтэй уулзан, тулгамдаж буй  асуудлуудын талаар санал солилцлоо. Энэ үеэр хувиараа хөдөлмөр эрхэлж буй тэдгээр залуучууд ажлын орчин нөхцлийг сайжруулах шаардлагатай байгааг дурдаад төрөөс халамжийн бодлогыг хэрэгжүүлэх бус тэднийг бизнесээ өргөжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх бодлогыг авч хэрэгжүүлэхэд дорвитой арга хэмжээ авахыг хүссэн юм.

Тус аяны талаар Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Болороос  тодруулахад “Бид хэдийгээр Монголын залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шууд шийдвэрлэж чадахгүй ч Монголын залуучуудын өмнө тулгамдаж буй тулгуур асуудлуудыг төр, засгийн бодлого, шийдвэрт хүргэх дуу хоолой нь болъё, гүүр нь болъё. Тэдгээр асуудлуудыг шийдвэрлэх талаар тодорхой зорилтуудыг дэвшүүлье гэсэн зорилгоор уг аяныг эхлүүлээд байгаа юм. Аяны хүрээнд бид залуучуудыг хуйлруулсан шоу шинжтэй бодит үр дүн муутай ажлуудыг зохион байгуулахаас илүүтэйгээр нийгмийн бүхий л салбарын залуучуудтай, орон нутгийн залуучуудтай бүсчлэн уулзаж байгаа бөгөөд залуучуудынхаа дунд нь байж амьдралын гүнд нь орж, тэднээс бодит үнэнийг сонсож байгаа юм. Өнөөдөр бид Монголын залуучуудын нэгэн төлөөлөл болсон “Нарантуул” зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлж буй залуучуудтайгаа уулзаж, тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан санал солилцлоо.  Манай холбоо нь Монгол Улс залуучуудад суурилсан хөгжлийн бодлоготой болох ёстой гэж үзэж байгаа учир залуучуудынхаа өмнө тулгамдаж байгаа асуудлыг зөвхөн энэ аянаар хязгаарлагдахгүйгээр байнга сонсож ажиллах болно” гэсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж