Э.Мөнхбилэг “US Nationals”-ийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Э.Мөнхбилэг “US Nationals”-ийг шүүнэ

ОУОХ-ноос санаачлан зохион байгуулсан “Сингапур-2010” өсвөрийн анхдугаар олимпийн наадмын шүүх бүрэлдэхүүнд багтаж, ширээний теннисний тэмцээний шүүгчээр ажиллаж байсан Э.Мөнхбилэг зэрэглэл өндөртэй US Nationals тэмцээнийг шүүхээр АНУ-ыг зорилоо. Тус улсад ширээний теннисний таван одтой, өндөр зэрэглэлийн хоёр тэмцээн болдог нь US Open болон US Nationals тэмцээн юм. Энэ жилийн US Nationals тэмцээн Лас Вегас хотноо арванхоёрдугаар сарын 14-20-ны өдрүүдэд болно. Э.Мөнхбилэгийн хувьд зохион байгуулагчдын зүгээс урилга ирүүлсний дагуу Монгол Улсаас төдийгүй Ази тивээс ганцаараа энэхүү нэр хүндтэй тэмцээний шүүх бүрэлдэхүүнд багтан ажиллах болжээ. Мөн тэмцээний дараа буюу 20-нд болох олон улсын шүүгч нарын их хуралд оролцох юм.

Э.Мөнхбилэг мөн US Nationals тэмцээний өмнө өөрийгөө шүүгчийн хувиар бус тоглогчийн хувиар сорьж, California Open тэмцээнд оролцох ажээ. Тус тэмцээн Калифорни мужийн Милпитас хотноо арванхоёрдугаар сарын 3-5-ны өдрүүдэд болох бөгөөд одоогийн байдлаар 200 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.

Э.Мөнхбилэг Монголын анхны бөгөөд цорын ганц ширээний теннисний олон улсын шүүгч. Тэрбээр Сингапурын өсвөрийн олимпиос гадна энэ жил дэлхийн цуврал болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгчээр ажиллаж байсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж