“Төрийн мэдээлэл” хэвлэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл” хэвлэгдэв

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Дээрх хуулийн аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлсон 30 дугаар зүйлийн 30.1.10-т  тухайн нэгжийн нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх заалтыг Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалттай нийцүүлэн аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн шийдвэрлэж байхаар өөрчлөлт оруулсан байна. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай, Хүний эрхийн Үндэсний комиссын дарга, гишүүнээс чөлөөлөх тухай, Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн, даргыг томилох тухай УИХ-ын тогтоолыг нийтэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай УИХ-ын тогтоолтой эмхтгэлээс танилцах боломжтой. Мөн зарим хүмүүсийг албан тушаалд томилох, зэрэг дэв олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтлэв.

Зарим албан тушаалын цалингийн жишгийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Энэ тогтоолоор Дүүргийн Засаг дарга, Сумын Засаг дарга, Хорооны Засаг дарга, Багийн Засаг даргын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоосон юм. Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай, Нийгмийн халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай Засгийн газрын тогтоолуудыг эмхтгэлээс унших боломжтой. Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээг 105300, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 70200 төгрөгөөр шинэчлэн тогтоосон бол, Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 53800, нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг 31200 төгрөгөөр тус тус өөрчлөн тогтоосон юм.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40,1 дэх хэсэг болон 40.1.1, 40.1.2 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй “Төрийн мэдээлэл” эмхтгэлээс танилцаарай.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж