“Онц гал сөнөөгч” медалиар шагнажээ

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

“Онц гал сөнөөгч” медалиар шагнажээ

Монгол Улсын ууган гал унтраах ангиудын нэг болох нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 50 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож буй. Тус ангийнхан ойн баяраа “UB palace”-д тэмдэглэн  амжилт, бүтээлтэй ажилласан офицер, түрүүч нарыг шагнаж урамшууллаа.Тухайлбал, Монгол Улсын Шадар сайдын шагнал болох “Онц гал сөнөөгч” медалиар дээд түрүүч Т.Батхуяг, Ж.Хуягцогтыг, ОБЕГ-ын “Тэргүүний ажилтан” тэмдгээр дээд түрүүч Ц.Зоригт, НОБГ-ын даргын “Баярын бичиг”-ээр дээд түрүүч н.Жаргалсайхан, З.Дамба-Очир, хугацааны өмнөх цолоор буюу дээд түрүүч цолоор Б.Гүнчин, Г.Галсандорж нарыг тус тус шагнажээ. Шагналыг ОБЕГ-ын дарга тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр, НОБГ-ын дарга комиссар Х.Батбилэг болон даргын зөвлөлийн гишүүд гардуулан өглөө.

Дашрамд дуулгахад, тус анги нь 1960 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 60 тоот захирамжаар улсын онц чухал объект “Мах консерв-Гурилын комбинатын Гал команд” нэртэй, 23 хүний орон тоотойгоор үндэс сууриа тавьж байжээ. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд ангийн бие бүрэлдэхүүн нийт 11 мянга 240  удаагийн галын дуудлагад гарч, улсын өмчид учирч болохуйц 69,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, 192 хүний амь насыг гал түймрийн аюулаас аварсан аж. Тэд 50 жилийн ойн баяраа угтаж, өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан 16.5 сая төгрөгөөр ангийнхаа гадна, дотно тохижилтийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэнэ. Мөн энэ  ангид олон жил үр бүтээлтэй ажиллаж залуу үеийн гал сөнөөгчдийг сургах, дадлагажуулах, ажлын арга туршлагаа өвлүүлэн эзэмшүүлж байгаа тэргүүний офицер, ахлагч, гал сөнөөгч, жолооч нар олон бий.  Тухайлбал, 26 дугаар ангийн анхны дарга байсан дэд хурандаа Н.Равдан, ОБЕГ-ын тэргүүний ангийн захирагч, Хөдөлмөрийн аварга болсон тэргүүн ахмад Ж.Ганзоригт, хамт олны дунд улс төр, хүмүүжлийн ажлыг үр дүнтэй зохион байгуулж байсан анхны улс төрийн орлогч дэслэгч н.Дэмбэрэлдаваа, хошууч Цэвэгдорж, анхны  эмэгтэй гал сөнөөгч н.Бямбажав, Олон улсын хэмжээний мастер н.Ганболд,  галын техник спортоор амжилттай хичээллэж спортын мастерын болзол хангасан Ц.Зоригт, Ц.Цэндбаяр нарын олон албан хаагчдыг дурдаж болно. 

Н.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж