Тэд эхний ээлжинд Монгол дахь хөрөнгийн зах зээлийн орчин нөхцөл ямар байдгийг газар дээр нь судлаад, Монголын Хөрөнгийн биржийг гартаа оруулах талаар зарим яриа тохироогоо хийгээд буцсан. Тэгвэл дараагийн шатны арга хэмжээгээ тун удахгүй буюу ирэх сарын 1-нд Лондон хотноо зохион байгуулах гэж байна. Тодруулбал, “Лондонгийн Хөрөнгийн бирж” групп Монголын гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг, Худалдаа хөгжлийн банктай хамтран “Монголын нөөц баялагт хөрөнгө оруулах боломж ба хөрөнгийн зах зээл” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг хийхээр болжээ. Энэ үеэр Монголын уул уурхай, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулах боломж, Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах төлөвлөгөөний талаар голчлон ярих аж. Мөн Лондонгийн Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Завер Ролет “Монголын хөрөнгийн зах зээлийн төлөв байдал” сэдвээр илтгэл тавина хэмээн хөтөлбөрт нь тусгасан байна. Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил, цаашдын хувь заяаны талаар ердөө долоохон хоногийн дараа Лондонд хэлэлцэх гэж байхад монголчууд таг чиг сууна. Хэдийгээр энэ нь өнгөн талаасаа хөрөнгө оруулагчдын ердийн нэг уулзалт юм шиг харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ англичууд ашиг сонирхлоо ажил хэрэг болгохын төлөө идэвхтэй ажиллаж байгаагийн илрэл болж байна. Англичуудын хувьд ямар ч Хөрөнгийн биржийг удирдсан шиг удирдаж чадах арвин их туршлагатай. Энэ утгаараа тэднийг ад үзээд байх шаардлага уг нь байхгүй. Гагцхүү гадныхан юу хийгээд байгаа нь тов тодорхой байхад манайхан өөрсдөө юу ч болоогүй юм шиг нууж хаагаад, амнаасаа ганц үг унагахаас эмээгээд байдаг нь л хачирхалтай. Ямартай ч Хөрөнгийн бирж тойрсон асуудал хэсэг хугацаанд нам жим байсан ч хөзрийн нууц зах зухаасаа задарч эхлэв бололтой.
Ч.ДАШДЭЛЭГ
"Улс төрийн тойм" сонин