Гурван хувийн монгол ген үлджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Гурван хувийн монгол ген үлджээ

Цаана чинь бөөн юм болж байна. Цэвэр ариун цустай, их хааны удмын, дээд тэнгэрээс заяатай  гэж ирээд л өөрсдийгөө дөвийлгөдөг хөг өнгөрчээ. Одоо аливааг хөдлөшгүй ба­римт, нотолгоо түшиж ярьдаг болсон цаг.  Бидний 97 хувь нь цус ойртолттой гэдгийг Хүн судлалын үндэсний тө­вийн­хөн тогтоосон гэнэ. Бид­ний гурав хүрэхгүй хувь л монгол цусныхан гэнэ. Ха­рин үлдсэн нь ямар цусных нь мэдэгдэхгүй болсон бай­на. Эхэндээ итгэсэнгүй. Гудам­жаар дүүрэн элий балай хү­мүүс хөлхөлдөж байвал л үүнд итгэнэ гэж бодлоо. Гэтэл өнөөгийн биднийг дөрөв дэх буюу хуланц өвгийнхөө үед цус ойртсон гэдгийг тэд бат­тай тогтоосон гэх юм. Баахан бичиг цаас цуглуулсан юм байх. Ургийн бичгийг хэдэн зууны турш өвөг дээдэс маань хөтөлж байгаад 1920-иод оноос энхрий хайрт нам, засгийн буянаар тас хориглосны балаг гол нь нөлөөлжээ. Одоо ч бид энэ хэвээрээ л байгаа. Ургийн бичиг гэхээр зөвхөн их хаадад хамаатай гэж ойлгодог, зарим нь бүр музейд байх ёстой үзмэр гэж эндүүрдэг нь үнэн. Харин өнөөдөр үүний уршиг, цус ойртолтын хам­гийн энгийн нотолгоо нь хувиа хичээсэн, хүний мөс­гүй, нийтээрээ шахам цо­чир ууртай болсон зэрэг олон шинж тэмдэг биднээс илэрч буй явдал гэнэ. Гадна төр­хөөрөө бидний хэн нь ч  дон­гио, балай харагддаггүй. Гэ­сэн хэр нь бүгд толгойдоо юм­тай болжээ. Бодоод байхад ортой шүү. Охиноо хэн барьж аваад хүчиндэж чадаж байна, буруу харсан монгол хүн. Арав хориор нь гэрт түгжиж байгаад хэн хүйс тэмтэрч байна, булингартсан монгол цус. Ер гарсан эмгэн хүртэл хүү­гээ захиалгаар нухуулж бай­на, манайд. Манлайлагч гэг­дэж явсан залуус хүртэл нэг­нээ гэгээн цагаан өдөр цааш харуулсан удаатай. Наад зах нь энэ. Гартаа буу барь­чихаад олон жил дайтаж буй улс үндэстэнд ч иймэрхүү ал­лага ховор байх. Энэ бол ядуурал, ажилгүйдлээс бус оюун, сэтгэхүйгээ хөсөр гээж гүн ангал руу унасан түвд, ман­жийн араас бид сэмхэн гулсаж буйн том сигнал юм. Хятадад уусах вий гэхээсээ урьтаад өөрсдөө цус ойртоод үгүйрэх нь ээ, янз нь. Харин гурван хувийн монгол үндэстний ген л үнэ цэнэтэй үлдэх бололтой.   

Н.МӨНХТӨВШИН

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж