Солонгос төвт үндсэрхэг үзлийн шинэ хязгаар Монгол

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Солонгос төвт үндсэрхэг үзлийн шинэ хязгаар Монгол

Үүнийг уншиж буй хүмүүст нэгэн зүйлийг эргэн сануулъя. Зөвлөлтийн дэглэмд байсан үндэстнүүд зөвхөн оросын сурталчдын зохиосон “албан ёсны” түүхийг мэдэх ёстой байв. Албан түүх тэдний ирээдүйг заах учиртай. Харин соёлын антропологич Жеймс Верч сонирхолтой тохиолдол олж мэджээ. Тэр үед ЗХУ-ын хэсэг байсан Эстонийн ард түмэн Зөвлөлтийн түүх бус, харин эх хэлээрээ өөр хоорондоо хүүрнэн өвлүүлж ирсэн түүхэд итгэдэг байжээ. Үнэндээ Зүүн ба Төв Европын ард түмэн оросуудын зохиосон болхи бичлэгт тархиа угаалгахааргүй ухамсартай байсан юм. 1956 оны Унгарын хувьсгал, 1968 оны Чехословакийн хөдөлгөөн, 1980 оны Польшийн ажилчдын хөдөлгөөн зэрэг Зөвлөлтийн бодлогыг эсэргүүцсэн цуврал үйл явдлууд оросуудын тархи угаалт тэдний ухамсрын өмнө хүч мөхөсдөж байсны илрэл байв.   

Харин Монголд байдал өөр байв. Оросууд монголчуудад түүхийг нь бичиж өгсөн төдийгүй, цээжлүүлэв. Манай ихэнх түүхч харь гүрний сурталчдын заавраас өчүүхэн гаждаггүй “амьгүй албатууд” болж хувирч, түүхээ өөрөө судалсан А.Амар, Г.Сүхбаатар, Л.Жамсран нар хэлмэгдэв. Чингис хааны тухай аман яриаг эс тооцвол лавтай тавь орчим жил монголчууд харийн бодлогоор бичсэн түүхээс өөрийн өнгөрснийг харж явжээ. Оросуудын бичсэн түүхэд харуулснаар Ленин Кремльд Монголын “хувьсгалын эцэг” Сүхбаатартай уулзахдаа түүнд хэрхэн социализм байгуулахыг зааж өгсөн байна. Ингэж Лениний заасан зам монгол үндэстний “ирээдүй” болов. Харин биднийг Лениний замд оруулахаар Зөвлөлт Монголд өөрийн бодлогыг дураараа, бас хайр найргүй явуулсан юм. Үүнээс болж Монгол наад зах нь гадаад худалдааны алдагдал байнга үүрч иржээ. Тархиа угаалгасан монголчууд унгар, чех, польшууд шиг зөрүүдэлж, эсвэл өөрийгөө авч гарах элдэв арга зохиогоод байсангүй, харин “хонь” мэт хүлцэнгүй байв. Зөвлөлтийн иргэд ч Монголд дураар дургидаг байсан даа. Жишээ нь, тэдний үйлдсэн гэмт хэргийг Монголын нам төр тас нууж, хаацайлна.

Гэвч монголчууд их тавилантай учирчээ. Зөвлөлтийн түүх төгсч, Төв Европын зоригт ард түмний эрх чөлөөний тэмцэл ялав. Ерэн оны ардчилсан хувьсгалын ачаар монголчуудад өөрийн түүхийг бодитойгоор судлах, мэдэх эрх чөлөө олдлоо! Энэ бол тохиож байгаагүй хувь заяа, монгол үндэстэн өөрийн түүхээс өөрийгөө хэн бэ гэдгийг бодитоор харах цаг байлаа. Гэвч эргэлзээ төрөв. Харамсалтай нь монгол үндэстний түүхийг харь улсын бодлого, эрх ашигт нийцүүлэн бичих явдал төгссөнгүй.  

Дараах үйл явдлууд хагас жил гаруйхан хугацаанд болжээ. 2009 оны сүүлээр БНСУ-д “Алтай овгийн хэлтнүүдийн соёлын нөхөрлөл” нэртэй хурал болж, манай нэг нийтлэлч, хоёр яруу найрагч уригдан оролцжээ. Нийтлэлч тэнд уншсан илтгэлээ өөрийн сайт дээр сурталчилсан байх аж. Түүний бичсэнээр монгол, солонгос хоёр нь гарвал нэгтэй ард түмэн гэнэ. Үүнээс хэдхэн сарын дараа манай Шинжлэх ухааны академи (ШУА) ба Ємнєд Солонгосын “Зүүн хойд Азийн түүхийн сан” гэгч байгууллага Монголд “Монгол-Солонгосын олон зуун жилийн харилцааны эрт, эдүгээ” нэрийн дор хурал зохиов. Түүний илтгэлүүдийн агуулга хоёр үндэстэн эртнээс “тусгай” харилцаатай байсан тухай. Хурал хоёр улсын соёл, урлаг, улс тєр, эдийн засгийн хамтын ажиллагааг ирээдүйд єргєжүүлж, ингэхдээ тэдгээрийг “тvvх, соёл”-ын харилцаанд тулгуурлан явуулахаар шийдвэрлэжээ. Үүнийг залгаад солонгосчуудын санаачлагаар “Алтай язгуурын соёлын хэлтний эдийн засаг-соёлын форум” нэртэй үйл явдал Улаанбаатарт болов. Форумд манай ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс Хүннү гүрнийг дан ганц монгол мэтийн үндэстэнтэй холбох нь үнэнд нийцэхгүй, энэ гүрнийг байгуулахад солонгосчуудтай гарвал нэгт үндэстэн оролцсон байж таарна гэсэн илтгэл танилцуулав. Үүнтэй зэрэг шахам манай БСШУЯ-ны дэмжлэгээр судлаач И Сөнг юү,  Улаанбаатар дээд сургуулийн захирал Чой Гихо гэгч солонгос иргэдийн санаачлан зохион байгуулсан “Монгол, Солонгос улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны өнөө ба ирээдүй” гэсэн эрдэм шинжилгээний хурал болов. Энэ хуралд манайдаа “аварга”-ууд гэгддэг эрдэмтэд оролцжээ. Бас монгол, солонгос үндэстний эртний хамаарлыг бялууртал сурталчлав. Эдгээр хурлууд бүгд “түүх, соёлоор дамжуулан ирээдүйд хамтран ажиллах” зорилготой.

Солонгосчууд манай түүхийн асуудлаар ийм том жижиг хурал, зөвлөгөөн олныг зохион байгуулдаг юм байна. Харин тэдгээр хурлуудад жинхэнэ сонирхолтой илтгэлүүд уншигддаг ажээ. Жишээ нь, Монголын БСШУЯ-ны дэмжлэгтэй зохиосон хуралд дараах илтгэлийг уншсан байна. Олонд танигдсан манай нэг эрдэмтэн (нэрийг нь бичсэнгүй) солонгосын домогт үндэслэн монгол, солонгос нь “албан ёсны” хүргэн, бэр солилцдог улсууд байжээ гэсэн дүгнэлт хийв. Тэр эртний солонгос монголчуудын соёлын хөгжилд их тусламж үзүүлсэн гэдгийг сануулав. Өөрөөр хэлбэл солонгосчууд манай өвөг дээдсийн тархийг цэнэглэж өгчээ. Бас манай ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн нэг судлаач Монголын их хаадын охид солонгос нөхөртэй байжээ гэсэн илтгэл тавив. Тэрээр нэгэн домгийг онцолжээ. Солонгосын Чүнрёл гэгч хүүхэмсэг явдлаараа алдартай ван Хубилай хааны 16 настай үзэсгэлэнтэй гүнжид сэтгэл алдарч, улмаар Хубилай хааныг ордонд нь шахамдуулж охиныг нь авч суусан гэнэ. Монголын их хаад охидоо солонгос эрчүүдэд аргагүй найр тавьж өгдөг байжээ.

Сайн санаж хэлбэл нэг сэжүүр шүүрэн авч, түүхийн лут дүгнэлт хийж буй дээрх хүмүүс дундад зууны Монголын түүхийн зах зухтай ч танилцаж амжаагүй бололтой. Дундад зууны үед харь улсын хаад, язгууртнууд гүнж солилцох нь дипломат харилцаанд хэрэглэдэг түгээмэл ёс байжээ. Энэ үед Европ, Азийн олон улс гүрнийг эзэлсэн Монголын хаадад харийн хаадтай худ ураг болох хэрэг зөндөө тохиолдож байв. Үүнийг монголчуудын байгуулсан Иран дахь Ил хаадын улс, Орос, Хойд Кавказ дахь Алтан Ордны улсын түүхээс их л тодорхой харж болно. Жишээ нь, Алтан Ордны хаад Африк дахь Египетийн султануудтай хүртэл худ ураг бололцдог байжээ. Монгол гүрэн бутарснаас бүр хожуу Халимагийн хан нар ч Хойд Кавказын язгууртнуудтай худ ураг бололцож байсан түүх бий. Дайруулаад хэлэхэд Монгол гүрний түүхийн чухал эх сурвалжууд хятад, перс, араб, мөн армян хэл дээр бий. Гэвч манайд тэдгээрийг судалж чадах мэргэжлийн хүн байдаггүй юм билээ. Харин түүхийг санаан зоргоор домогжуулагчид захаас аван олширчээ.

Үнэндээ дээрх хүмүүс түүхийн эрэл хайгуул хийх бус, харин өнөөгийн Өмнөд Солонгосын хүн ам зүйн бодлогыг дэмжжээ гэж бодуулахаар байна. Эмэгтэй хүнд ханддаг күнзийн ёсны уламжлалт соёлоосоо шалтгаалан Солонгост хүн амын хүйсийн харьцаа том асуудал болжээ. 2008 оны мэдээг түшвэл энэ улс 650 гаруй мянган илүүдэл эрчүүдтэй. Солонгос асуудлыг нэг аргаар шийдэж байна. Тус улсын Засгийн газар солонгос эрчүүд гадаадын ядуу улсаас эхнэр авахыг дэмжиж, бүр хөтөлбөр хэрэгжүүлж байна. Сүүлийн үед энэ нь “эхнэрийн импорт” болж хувирчээ. Харин ийм гэрлэлт хүний эрх зөрчиж, хүний наймааны элмент агуулж байгаа тул энэ оны гуравдугаар сард Кампуч улсын Засгийн газар өөрийн иргэдийг солонгос эртэй гэр бүл болохыг хориглосон шийдвэр гаргалаа (Үүнээс болж Монголыг зорих солонгос эрийн тоо эрс нэмэгдэх магадлалтай). Ийм гэрлэлт Пол потын үед хамаг сэхээтнүүдээ хядуулсан Кампуч бүү хэл “боловсролтой” гэгддэг Монголд ч асуудал үүсгээд буй. Манай нэг мэдээллийн сайт солонгос эртэй гэрлүүлэх товчооны Гэрээ гээчийг нийтэд дэлгэн танилцуулжээ. Боолын гэрээ байна билээ. Гэрээнд хуучин япон машины үнэ хүрэхгүй зуучлалын хөлсөнд Солонгост очиж буй монгол эмэгтэйн хүүхэд гаргах эсэхийг мөнгө төлсөн солонгос эр шийднэ гэх мэт харгис заалтууд байх ажээ. Дунд сургуульд байхад хоёр мянга гаруй жилийн өмнө Грек, Ромын боолын нийгэмд ийм зүйл байсан гэж заалгадаг байв. Гунигтай нь балмад явдлыг зогсоох талаар Монголын төр өчүүхэн зүйл хийсэнгүй. Энэ төрлийн ил далд ажиллагааг таслан зогсоох нь бүү хэл, харин эсрэгээр Монгол төрийн яам солонгосчуудтай хамтран хурал хийж, монгол-солонгосын албан ёсны хүргэн бэрийн уламжлалыг “түүхэн үндэстэй” гэж сурталчлан тархи угаах ажээ.

Сүүлийн үед Монгол Улсын үндэсний аюулгүй байдал ноцтой асуудал болж буйг тун их хөндөж ярьж байна. Гол нь Монголын төрийн байгууллагууд авлигад идэгджээ. Авлигачид жирийн монгол иргэний төлөө биш, авлига өгсөн талд алд биеэ зориулж байна. Авлигачид өөрийгөө хамгаалах хэвлэл, хөлсний нийтлэлчтэй болоод авчихсан, тэднээр дамжуулан тархи угаана. Тархи угаагчдын ухуулж буйгаар одоогийн авлигачид унавал Монгол Улс балрах гэнэ. Үнэндээ тэдний уршгаар жирийн монголчууд дааж давшгүй гадаад өрөнд унаж, боловсрол, эрүүл мэнд орхигдож, газар нутаг ашигт малтмалын лицензийн барьцаанд хаашаа ч үгүй орж, байгаль сүйрч, хүний наймаа гэх мэт аймшигт гэмт хэрэг замаа алдчихаад байна шүү дээ. Иргэдийн наад захын суурь эрх баталгаагүй боллоо. Өдөр тутмын хэвлэлээр мэдээлэх жишээ. Монголд нэгэн гуанзны эзэн солонгос эр монгол ажилтан эмэгтэйгээ “Монголыг Хятад, Солонгос хоёр хувааж авна” гэж хэлж байгаад гэмттэл зоджээ. Манай хуулийн байгууллага тэр солонгос эрийг шийтгэсэн гэж дуулдаагүй. Бас солонгос ноёд өөрсдийн зугаа цэнгэлийн газрыг Туул голын эрэгт байгуулахдаа тэндэхийн айлуудыг хөөв. Манайд ажилд ор, орохгүй бол зайл гэжээ. Зайлуул, тэр газар олон жил малаа маллаж амьдарсан монгол хүмүүс нүүгээд хаа очихоо мэдэхгүй байх ажээ. Улаанбаатарын зах орчим буюу, энэ хотоос нисэх буудал хүртэлх их хэмжээний газрыг манай нэг хотын даргын үед солонгос ноёд авсан гэнэ. Тэнд хэдэн км урт хашаа татсан байна билээ.

Харин одоо Монголд дээрх мэттэй харьцуулашгүй их аюул нүүрлээд байна. Авлигачид монгол үндэстний оюун санааны тусгаар байдал, эрх чөлөөнд заналхийлж эхлэв. Бидний оюун санаа, үүнийг тэтгэгч бодит мэдлэг, соёл бол манай үндэстэн оршин тогтнохын үндэсийн үндэс. Бид энэ нутагтаа амьдарч түүхээ бүтээж, түүнийгээ мэдэж, өөрийгөө би монгол хүн гэж бодож байгаа учраас л өнөөгийн Монгол Улс оршин тогтнож байгаа. Тэгвэл хомхой сэтгэлтнүүд харийхны заавраар бидний энэ “ой санамж”-ыг арчиж устгахаар улайрчээ. Энэ ой санамж уствал бид өөрийгөө “монгол хүн” гэж бодохгүй болно. Энд “хомхой сэтгэлтнүүд” гэж эрдэмтэн нэр зүүсэн луйварчдыг онцлов. Өнөөдөр тэдний “ачаар” Монголын шинжлэх ухаан хэцүү байдалтай байгаа. Ялангуяа, шинжлэх ухааны төрийн байгууллагууд нь ялзарсан намаг байдаг юм. Тэнд шинжлэх ухааныг хувьдаа өмчлөөд авчихсан хэдэн нөхөр бий. Тэд хувьдаа өчүүхэн ашиг олж байвал монголын шинжлэх ухаан падгүй. Гурван жилийн өмнө Монголын үндэсний түүхийн музейгээс асар их түүхийн дурсгал алдагдсан хэрэг илэрч баахан шуугисан. Энэ нь оюун санааны өв юм болохоор мөнгө төгрөгөөр орлуулашгүй зүйл. Энэ хэргээр музейн нэг доод тушаалын ажилтан баригдсан болохоос цаад том гарууд илрээгүй. Хамгийн гол нь тэдгээр дурсгалыг ямар алсын зорилгоор гадаадад гаргасан нь тодорхойгүй үлджээ. Шинжлэх ухааны төв байгууллага “ШУА” гэх улсын мөнгө иддэг олон хүнтэй арми бий. Энд танилын найраа, шамшигдуулалт, хов жив, атаа жөтөө аль ч газраас харин илүү. Социализмын үед тархи угаах үүрэгтэй, арай өөрөөр сэтгэдэг нэгнээ матаж хэлмэгдүүлдэг газар байлаа. Одоо энд түнэр харанхуй ноёрхож байна. Наад зах нь англи хэлтэй хүн цөөн юм билээ. Ингэхээр тэд дэлхийн шинжлэх ухаанд ямар дэвшил гарч, юу өөрчлөгдөж байгааг яаж судлах юм. Манай төрийн өмчит их, дээд сургуулиудын байдал бас хэцүү байна. Тэнд өөрийн бичсэн тэмдэглэлээ хичээл гэж боддог хэдэн хүн монголын залуу үеийг хорлож байгаа. Гайгүй сайн багш судлаачид байгаа гэдгийг үгүйсгэхгүй ч ерөнхийдөө горьгүй болчихсон.

Өнөөдөр бидэнд юу тохиолдож байгааг л үүгээр хөндөн бичиж байна. Энд солонгос-монголын нийтлэг түүх буюу Монголын түүхийг бүдгэрүүлэх оролдлогын цаад учрыг бичихгүй бол бас болохгүй. Юм үндэстэй байх хэрэгтэй. Үнэндээ одоо энд болоод буй үйл явдлын цаад учир бол дэлхий нийтэд ил болсон зүйл. Өнөөдөр олон улсын судлаачид, ялангуяа барууны судлаачдын дунд “Хятад-Солонгосын түүхийн дайн”, “Солонгосын шинэ түүх”, “Солонгосын үндсэрхэг үзэлт түүхчид” зэрэг нэршлүүд хэрэглэгдэж хэвшжээ. Өнгөц харвал энэ нь Хятадын зүүн умард муж, Хойд Солонгосын нутагт тогтнож байсан Когурёо, Бохай улсын түүхийг өөрийн түүхийн хэсэг болгон бичих Өмнөд Солонгос, Хятад улсуудын өрсөлдөөний тухай асуудал. Үүнээс болж солонгос үндэстний түүхийг бичих асуудал нь Өмнөд Солонгосын нэн чухал төрийн бодлого болжээ. Солонгосын ерөнхийлөгч нь 2006 онд Хятадад айлчлахдаа энэ асуудлаар Хятадын ерөнхий сайдтай тусгайлан уулзсан явдал тус асуудал солонгосын хувьд хичнээн чухал болохыг илтгэнэ. Харин асуудлын жинхэнэ шалтгаан Зүүн Азийн алс ирээдүйг харсан улс төрийн нүүдэл юм. Одоо эгзэгтэй үедээ буй Хойд Солонгосын дэглэм унавал энэ бүс ба Ази тивд улс төр, эдийн засгийн ямар өөрчлөлт гарах вэ, Азийн бар Хятад, Өмнөд Солонгос үүнд хэрхэн бэлтгэх вэ гэсэн асуудал зүй ёсоор тулгарч буй. Солонгосын хойгийн үйл явдлыг бид яг одоо харж байна шүү дээ. Тухайлбал, Австралийн их сургуулийн профессор, хятад-солонгос судлаач А.Ланков яг энэ асуудал, түүнээс урган гарч болох үр дагаврын талаар “Asia Times On-line” сэтгүүлийн 2006 оны есдүгээр сарын 16-ны дугаарт өгүүлэл нийтлүүлжээ. Түүний анхааруулж буйгаар ирээдүйн үйл явдалд ард түмнийхээ сэтгэл зүйг бэлдэж буй Солонгос-Хятадын түүхийн дайн дэлхийн хамгийн тогтворгүй энэ бүс нутагт тун таагүй үр дагавар дагуулж магадгүйн дохио болно.  

Ланков дээрх “дайн” ширүүсэх явцад асуудал хоёр орны хүрээнээс аль хэдийн хальж, түүх асар их гуйвж байгааг анхааруулж байна. Тухайлбал, Өмнөд Солонгосын “Донга Илбо” хэмээх нэр хүндтэй өдөр тутмын нэгэн сонин энэ асуудлаар Өмнөд Солонгосын эрдэмтэд өөрсдийн байр суурийг Засгийн газартаа хүргэж буйг мэдээлжээ. Мэдээнд бичсэнээр эрдэмтэд Засгийн газраа шилдэг хамгаалалт бол довтолгоо гэсэн зарчмаар ажилла хэмээн яаруулж байна. Ингэж чадвал Солонгосын түүхийг хамгаалж чадах төдийгүй “Монгол, Кидан үндэстний түүх Солонгосын түүхийн нэг хэсэг болох” ажээ.

Умардыг чиглэсэн солонгосчуудын давшилт хэдийн эхэлсэн. Тэд Хойд Ази судлалийн хүрээлэн, Зүүн хойд Азийн түүхийн сан гэх мэт байгууллагууд байгуулан идэвхтэй ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд Солонгосын үндсэрхэг үзэлт түүхчид солонгосын түүхийг сурталчилсан шинэ зохиолууд бичиж, сурталчилжээ. Солонгосын судлаач Ёнсон ан (Yonson ahn)-ы бичсэнээр солонгосын үндсэрхэг түүхчид эртний солонгосчууд өөрсдийгөө “ертөнцийн төв” гэж үздэг байсныг нотолж байна. Тэд үүнийгээ ч ард түмэндээ таниулж байгаа юм. Жишээ нь, Хандан Гоги (Hwandan Gogi) хэмээх дундад зууны сурвалжийн домгийг үндэслэн бичсэн “Солонгосын түүх” хэмээх залуус хүүхдэд зориулсан хялбаршуулсан ном байх ажээ. Түүнд өгүүлснээр Төв Азиас гаралтай солонгос үндэстний өвөг дээдэс одоогоос 9000 жилийн өмнө Солонгосын хойгоос Төв Ази хүртэлх нутагт Хангүк хэмээх агуу гүрэн байгуулжээ. 9000 жилийн өмнөх үе бол хүн чулуун зэвсгээс салаагүй байсан цаг. Харин солонгос залуусын дунд солонгос “ертөнцийн төв” байсан гэх өөрийн өвөг дээдсийн итгэл үнэмшил сэргэж байгаа гэнэ.

Манай Монгол солонгосчуудын умардын довтолгоонд аль арван хэдэн жилийн өмнөөс өртжээ. Үүнийг 1998 онд эхэлсэн “Мон-Сол” (Солонгост “Сол-мон” гэж нэрлэдэг гэнэ) хэмээх Хүннү гүрний түүхийг судлах Монгол-Солонгосын хамтарсан археологийн судалгааны төсөл гэрчилнэ. Үнэндээ солонгосчууд өндөр өртгөөр санхүүжүүлсэн энэ төслөө Монгол-Солонгосын түүхийг холбох зорилготой гэж эхнээсээ зарлажээ. Төслийн хугацаанд тэд манай монгол түүхчдээр “Хүннү-Солонгосын холбоо хамаарал”-ын талаар олон тооны ном, эмхэтгэл, өгүүлэл бичүүлэн солонгос, монгол уншигчдын хүртээл болгоод байгаа ба Хүннүгийн дурсгалуудыг ч Солонгост аваачин судалж байгаа. Энэ төслийн ном эмхэтгэлүүдийг Улаанбаатарын нэг номын дэлгүүрт худалдаж байсан.

Солонгосын шинэ түүх манай авлигад идэгдсэн улсын шинэ ирээдүйг зөгнөж байна. Өөрөөр хэлбэл, Монгол орон тэрхүү Солонгос төвийн үндсэрхэг үзлийн “шинэ хязгаар” байх болно. Солонгосчуудын бидэнд зориулж зохиосон форум, хурлууд хоёр үндэстний эдийн засаг, улс төр хамтын ажиллагаа гэх мэт бүхнийг түүх-соёлын харилцаанд тулгуурлан явуулна гэж ил цагаан зарладаг болжээ. Солонгосын эрдэмтэд Дорнодын талд солонгос хороолол байгуулах санал гаргасан тухай БНСУ дахь Монгол-УБ-ын соёлын төвийн Цэрэн гэж хүн хоёр жилийн өмнө бичсэн байсан. Энэ нь ч хэрэгжиж байгаа бололтой. Саяхан Дорнод аймгийн Халх гол суманд солонгосчууд 170 000 га газар худалдаж авахаар болсон тухай хэвлэлээр шуугиан тарьсан. Цаана нь авлигын асуудал сөхөгдөж байгаа юм. Үүний зэрэгцээ Солонгосын төрийн бодлогыг гадаадад хэрэгжүүлэгч “КОЙКА” байгууллага Дорнодын Халх голын бүсэд тариалан хөгжүүлэх төлөвлөгөө гэгчийг боловсруулж манай Засгийн газарт танилцуулсан. Солонгосчууд ажлаа эхлэхээр яаравчилж байна. Энэ төлөвлөгөө хэрэгжвэл тэнд солонгосчууд их хэмжээний газар авах ажээ. Эдгээр нь эдийн засгийн үйл ажиллагаа мэт харагдавч үүнтэй зэрэгцээд солонгосчууд Дорнод аймгийн нутагт өвөг дээдэс нь амьдарч байсан гэж мэдэгдэж байна. Саяхан хэсэг солонгос тэнд очиж ёслол үйлдсэн гэнэ. Сүүлийн үед TV25, TV5, UBS зэрэг телевизээр солонгос соёлын сурталчилгаа, тэр тусмаа солонгосын түүхийн тухай олон ангит киног их гардаг болжээ. Жишээ нь, TV25-аар гарсан нэгэн солонгос хааны тухай кинонд кидан үндэстнийг солонгосын нэг овог аймаг мэтээр харуулсан байх ажээ. Киданчууд бол Монголд амьдарч байсан амьдарч байсан бидэнтэй гарвал нэг үндэстэн байсан. Тэгэхээр кинонд Монгол нь солонгосчуудын нэг овог аймгийн газар нутаг мэт ойлгогдох ажээ. Солонгос иргэд ч үүнийг энгийн яриандаа хавчуулаад бидэнд хэлэх юм. Улаанбаатар-Сонгдо эмнэлгийн эзэн солонгос өвгөн нэг сонинд өгсөн ярилцлагадаа Монголыг гадаад улс гэж боддоггүй гэж хэлсэн байсан.

Үнэндээ бид анзаардаггүй болохоос монголчууд солонгосын хямдхан нийтийн соёлын хөөсөнд аль хэдийн  булагджээ. Манай авлигачид соёлын бодлогоо ч өмнө зүгийхэнд арилжаад дуусч буй бололтой. Жишээ нь, жилд ганц тохиох Монгол үндэсний их баяр наадмын урлагийн үйл ажиллагааг заавал солонгос эрхмүүдийн заавар оролцоотой, солонгос урлагийн үзүүлбэртэй хамт зохиодог уламжлал хэдэн жилийн өмнөөс тогтжээ. Наадмын өдөр солонгосчууд хэнгэрэг цан дэлдэн бүрээ үлээх нь солонгосчуудын наадам юм болов уу гэсэн сэтгэгдэл төрүүлэх юм билээ. Удахгүй монголын хүүхэд залуус солонгосыг ертөнцийн төв мэтээр төсөөлж, солонгос хоолны нэр мэдэхгүй хүн иргэншээгүйд тооцогдож мэдэхээр болжээ.  

Эцэст нь хэлэхэд өнөө үед хаана, юу болж буйг мэдэх өргөн бололцоотой болжээ. Өөрөөсөө бусдыг гэнэн тэнэг гэж боддог манай сурталчлагчид харин үүнийг ойлгож өгөхгүй байна. Солонгосчуудтай холбогдон амьдралаа залгуулж яваа тэд жижиг сажиг зүйлийг ч нэрлэхэлгүй өлгөн авч солонгосын түүхтэй холбон тайлбарлахыг оролдох ажээ. Жишээ нь, “цагаан” буюу “гууль” гэсэн үгс орсон бол үүнийг овжин ашиглаж Монголын Гуулингийн тал хэмээх үржил шимт газар, цагаан татаар хэмээх түүхэн нэрийг солонгостой хамаатуулна. Гол нь тэд алтай язгуурын хэлний онолоор бамбай хийдэг юм. Харин монгол, солонгос ижил алтай хэл учраас яалт ч үгүй гарвал нэг үндэстэн гэж мэдэмхийрэн сурталчилж буй нэг бичээч өөрөө солонгос хэл огт мэддэггүй нэгэн байх ажээ. Үнэндээ асуудал тэдний ярьдагаас их өөр. 150-иад жилийн түүхтэй алтай хэлний онол өнөөг хүртэл таамаг хэвээр буй. Гарч ирсэн цагаасаа маш их шүүмжлэгдсэн онол. Дээр нь үүнд солонгос хэл багтдаг эсэхийг хэн ч нотлоогүй. Боломжгүй зүйл. Алтай хэлний онолыг өлгийдөн бойжуулсан эрдэмтэн Н.Поппе солонгос хэлийг Алтай язгуурын хэл гэж үзэх нотолгоо алга гэж бичсэн байдаг.

Е.Өрнө
            
2010.11.21

Тайлбар: www.news.mn-ийн хаягаар өөрсдийн байр суурь, үзэл бодлыг бусадтай хуваалцах хүсэлтэй олон хүн нийтлэлээ ирүүлдэг. Үүний нэг нь энэхүү нийтлэл юм. Энэхүү бичигчдийн байр суурь www.news.mn сайтын редакцийн байр суурь, бодлоготой нийлэх албагүй гэдгийг онцолъё.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж