Б.Тэмүүлэн тавдугаар байрт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Б.Тэмүүлэн тавдугаар байрт шалгарлаа

Арабын нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо болсон IJF-ийн гран-при ангилалд багтах олон улсын тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр манай тамирчдаас эрэгтэйчүүдийн -100 кг-д Б.Тэмүүлэн, +100 кг-д Б.Төгөлдөр, эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд П.Лхамдэгд нар барилдлаа.

-100 кг-ын жингийн ангилалд нийт 25 жүдоч өрсөлдсөнөөс Б.Тэмүүлэн эхний барилдаандаа АНУ-ын бөх Уильямс Вортингтонг цэвэр, дараа нь Румыны Даниэль Братаг вазари үнэлгээгээр ялсан боловч хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын жүдоч Тагир Хайбулаевт юүко үнэлгээгээр ялагдсанаар тавдугаар байрт шалгарчээ. Түүний жинд Узбекистаны бөхчүүд алт, мөнгөн медалийн эзэд болж, Тагир Хайбулаев, Чехийн Лукаш Крпалек нар хүрэл медаль хүртсэн байна.

Харин +100 кг-д өрсөлдсөн Б.Төгөлдөрийн тухайд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Египетийн бөх Ислам эль Шехабид цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Түүнийг ялсан Египетийн бөх аваргын алтан медалийн төлөөх барилдаанд Германы Андреас Тоелцерт ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн бол хүрэл медалийг Украйн, Узбекистаны бөхчүүд хүртжээ.

П.Лхамдэгдийн тухайд мөн л эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Францын бөх Аудри Тчеумеод вазаригаар ялагдсанаар Абу Дабигийн татамиг орхисон байна.
Дашрамд сануулахад, 22-24-ний өдрүүдэд болж өнгөрсөн Абу Дабигийн гран-при тэмцээнд манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй хоёр жүдоч зодоглосноос эхний өдөр 60 кг-ын жинд ОУХМ Ч.Болдбаатар хүрэл медаль хүртсэн билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж