Эдийн засгийн байнгын хороо дахин хуралдав

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн байнгын хороо дахин хуралдав

Эдийн засгийн байнгын хороо өчигдөр  оройн 19.00 цагт үргэлжлүүлэн хуралдлаа. Засгийн газраас 2010 оны тавдугаар сарын 21-нд өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах явцад тус байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгээс тодорхой саналууд гарч,  энэ сарын 23-ны өдрийн тус байнгын хорооны хуралдаан дээр яригдсан зэс, нүүрстэй холбоотой тодорхой саналуудыг эргэн нягталж, ажлын хэсэг дээр дахин ярилцахаар шийдвэрлэсэн юм. Өчигдөр үдээс хойш хуралдсан тус байнгын хорооны хуралдаанаар нүүрсний асуудлыг үндсэндээ шийдвэрлэж, харин зэсэн дээр ажлын хэсгийн санал, байнгын хорооны гишүүдийн санал зөрөөтэй байсан. Тухайлбал нэг санал дээр л гэхэд 2 удаа санал хураасан юм. Иймд мэргэжлийн байнгын хорооны хувьд дээрх зөрүүтэй саналыг цэгцэлж, эдийн засгийн тооцоо судалгаан дээр тулгуурласан шийдвэр гаргах шаардлага байгааг хуралдааны эхэнд тус байнгын хорооны дарга Ц.Баярсайхан хэллээ. Хуралдаан даргалж байгаагийн хувьд хүдэр дээр өндөр татвартай байлгах, харин баяжмал дээр тодорхой хэмжээний бүтээгдэхүүн боловсруулж, хүмүүсийн хөлс хүч шингэж байгаа болохоор арай өөрөөр тогтоох, эцсийн бүтээгдэхүүний хувьд экспортыг дэмжих чиглэл баримталж байгаагаа тэрбээр хэлсэн. Мөн шинээр ашиглалтанд орсон уурхай хүдрээ 1000 эсвэл 2000-аар үнэлэн хил давуулан зөөж, улмаар баяжуулалт хийж, эцсийн бүтээгдэхүүн хийх бололцоо байгаа. Зэсийн хүдэр дээр эдийн засгийн үндэслэл тооцоогүй механикаар тооцож болохгүйг нэмж дурдсан. Түүнээс гадна байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгийн гаргасан саналаар гурвалсан ангилалыг хүдэр, баяжмал, бүтээгдэхүүн гэж томъёолж, бүтээгдэхүүн гэдэгт металлыг оруулахаар болжээ. Харин УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Д.Одхүү нар металл гэдэгт чухам ямар бүтээгдэхүүн хамааруулах талаар саналын зөрүүтэй байр суурьтай байгаагаа тус тус илэрхийлж байсан. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Тлейхан болон УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Одхүү, Батж.Батбаяр, Х.Бадамсүрэн нарын саналаар баяжмал нэмж ногдуулах хувь нь 5000 ам доллар хүртэл 0, 5000-6000 хүртэл 11, 6000-7000 хүртэл 12, 7000-8000 хүртэл 13, 8000-9000 хүртэл 14, 9000 ба түүнээс дээш нь 15 хувь байхаар тусгасныг Байнгын хорооны гишүүдийн олонхи нь дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж