АТГ-т шалгагдсан албан тушаалтныг ажлаас халжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

АТГ-т шалгагдсан албан тушаалтныг ажлаас халжээ

Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Мэдээлэл, соёлын төвийн эрхлэгч Ч.Батдэлгэрийн албан тушаалаа урвуулан ашигласан үйлдлийг Авлигатай тэмцэх газар шалгажээ. Ч.Батдэлгэрийг Булган аймгийн Сум дундын шүүхээс гэм буруутайд тооцсон байна. Тэрбээр иргэн М-ийг дуу хөгжмийн багшаар томилж, тухайн албан тушаалд ажиллаагүй байхад нь ажилласан мэтээр цалин бодож гарган Соёлын төвд 907.250 төгрөгийн хохирол учруулсан, түүнчлэн М болон түүний ээжээс 150 мянган төгрөгийн шан харамж авчээ.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Булган аймгийн Засаг дарга М.Оюунбатад мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүлж, тухайн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авахыг зөвлөсөн байна. Мэдэгдлийн мөрөөр тус аймгийн Засаг даргын Тамгын газраас Хишиг-Өндөр сумын Засаг даргад албан даалгавар хүргүүлж, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр үр дүнтэй ажил зохион байгуулахыг үүрэг болгожээ. Энэ дагуу тус сумын Засаг даргын Тамгын газраас Мэдээлэл, соёлын төвийн эрхлэгч Ч.Батдэлгэрийг ажлаас чөлөөлж, тус ажлын байранд сонгон шалгаруулалт зарлах захиалгыг өгсөн байна. Түүнчлэн авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн түвшинд холбогдох сургалтыг зохион байгуулж, нийт төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр арга хэмжээ авч ажилласан тухайгаа Авлигатай тэмцэх газарт мэдэгдсэн байна.

Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн хуулийн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, хээл хахууль авах, хээл хахууль өгөх, хээл хахууль зуучлах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэсэн найман төрлийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг юм. Тухайн иргэнд, байгууллагад, салбарт, нийгэмд учруулж буй хор хохирлынхоо хувьд авч үзвэл албан тушаалын гэмт хэрэгт том, жижгийн ялгаа гэж үгүй бөгөөд шударга ёсны тогтолцооны талаасаа ч шалгаж, шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгт холбогдогчийг албан тушаалын эрэмбээр ялгаварлах учиргүй юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж