“Амиа бодохуй”-г магтан дуулсан нь

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

“Амиа бодохуй”-г магтан дуулсан нь

Айн Рэндийн “Магтуу” зохиол монгол хэлнээ хэвлэгдлээ.

“Магтуу”-тай нийлээд Айн Рэндийн бүрэн хэмжээний зохиолуудаас дөрөв дэх нь монгол хэлнээ орчуулагдаж байгаа нь энэ. Анх 1938 онд энэ зохиол Англид хэвлэгдэх үед Германы фашизм, Зөвлөлтийн коммунизм гэсэн хамтач ёсны хоёр том нийгэм Европт хүчээ авч байлаа. Тиймээс зохиогч ийм хамтач ёс ноёрхсон нийгэм ирээдүйд юу болох вэ гэдгийг зөгнөж, ёгтолсон хэлбэрээр зохиолоо бичжээ. Дашрамд хэлэхэд, Английн зохиолч Жорж Орвэлл өөрийн зохиолд (ялангуяа 1984) гардаг байгууллага, баатруудынхаа нэрийг Рэндийн энэ зохиолоос санаа авч өгсөн болов уу гэлтэй байдаг.

А.Рэнд зохиолоо эхлээд “Эго” (Энэ нь латинаар “Би” гэсэн үг. Энэ үгнээс “өөрийгөө бодох” буюу манайхны голдуу “амиа бодох үзэл”, “хувиа хичээх үзэл” гэх мэтчилэн орчуулдаг эгоизм гэдэг үг үүссэн) гэж нэрлэж байж. Рэндийн хамтран зүтгэгч, найз, өвийг нь хадгалагч Леонард Пайкофын хэлснээр энэ үг оюун ухаан бол хувь хүний эзэмшил гэдгийг харуулдаг. Хувь хүнд л тархи гэдэг эрхтэн байх бөгөөд түүнээс оюун ухаан гарна. Тэрнээс биш хамт олны тархи гэгч зүйл байхгүй. Тэгэхээр оюун ухаан бол хувь хүний өмч. Үүнийг Эго гэсэн үг л илэрхийлдэг аж.

Гэхдээ зохиолч номоо хэвлүүлэхдээ гарчгийг нь “Магтуу” хэмээн өөрчилсөн. Иймэрхүү өөрчлөлтийг А.Рэнд зохиол бүрдээ хийдэг байв. Түүний бүтээлүүдийн анхны гарчиг хэтэрхий шулуухан, “хүйтэн цэвдэг” ч гэмээр номын гол асуудлыг зөвхөн өөрт нь ойлгомжтой далд утгаар илэрхийлсэн байдаг. Харин номоо хэвлүүлэхдээ өгсөн нэр нь уншигчдын хорхойг хөдөлгөж, утгыг өөрөө нээх гэж оролдоход хүргэдэг байна (Жишээ нь, “Ажил хаялт” гэдэг номынхоо нэрийг хэвлэлтэнд өгөхдөө “Атлантын мөр тэнийв” болгож өөрчилсөн).

“Магтуу” нь Айн Рэндийн өөр нэг бүтээл болох “Эх сурвалж”-тай шууд холбогдоно. Зохиогч 1946 оны есдүгээр сард Лорин Пруэтэд бичсэн захидалдаа “Энэ хоёр бүтээл хэлбэрийн хувьд нэлээд өөр ч гэсэн нэг сэдэв, нэг зорилго, нэг үзэл санааны доор бичигдсэн юм” гэжээ. Үнэхээр “Эх сурвалж”-ид гардаг шиг энэ номонд эгоизм болон индивидуализмыг философи, логик, ёс зүй, эдийн засгийн үндэслэлтэй, ил шууд хамгаалсан байна. Ёстой л уншсан хүнийг “Хөөе, хамтач үзэлтнүүдээ та нарын коллективизм гэдэг чинь ийм харгис, утгагүй, хуурамч зүйл шүү дээ” гэж хашхирмаар болтол бичсэн байдаг.

Уншигч танд сонирхуулах үүднээс номын агуулгаас товч толилуулъя. Номонд, нэгэнт ялан мандсан хамтач ёсны нийгмийн ирээдүй гарах учраас энэ нийгэмд хүмүүс өдөр бүр “Ахан дүүсийн сүлд дуу”, “Хамтач ёсны сүлд дуу”, “Тэгш эрхийн сүлд дуу”-г дуулцгаана. Энд “Би” гэсэн үгийг огт хэрэглэж болохгүй, ямагт “бид” гэж ярих ёстой (Тэгэхээр уншигч танд энэ зохиолыг унших үед тааралдах “бид” гэсэн үгийг “би” хэмээн уншаарай гэж захих байна!). “Би” гэсэн үгийг хэрэглэж, энэ тухай ярьсан хүн хамгийн хүнд гэмт хэрэг хийсэнд тооцогдож маш хүнд шийтгэл авдаг. Харин “ахан дүүс”, “бид” гэх мэт бол хамгийн түгээмэл хэрэглэгддэг сайн үгс.

Хамтач ёсны нийгэмд шилж сонгох нь мөн л нүгэлд тооцогдоно. Хүнтэй найзлах явдал бол нэг хүнийг онцлон нөгөөдүүлийг нь голж байна гэсэн үг. Үүнийг “Голж шилэхийн нүгэл” хэмээнэ. Нэгэнт ийм болохоор хайрлаж дурлах тухай бүр ч ярилтгүй. Тэгэхээр нийгэмд шинээр хүн яаж төрөх болж байна вэ? Жилийн тодорхой улиралд эрчүүд төрөөс өөрт нь оноож өгсөн эмэгтэйчүүдтэй “Нийлүүлгийн ордонд” л учирна.

Зохиол нийт 12 жижиг хэсэгтэй бөгөөд төгсгөлийн 11, 12-р хэсэг бол зохиолын тайлал юм. Энэ хэсгүүдэд эгоизмыг маш ул үндэстэй хамгаалсан. Одоо тэр хэсгүүдээс шууд ишлэе.

“… Би бол бусад хүн зорилгодоо хүрэхийн тулд ашигладаг хэрэгсэл биш. Би хэн нэгний багаж биш. Би тэдний хэрэгцээг хангаж байдаг зарц биш. Би тэдний шархаа боодог боолт биш. Би тэдний шүтээндээ өргөдөг тахилын ямаа биш. …”

“… Би бол хүн. Өөрийнхөө хүн гэсэн гайхамшгийг зөвхөн би өөрөө л харж, хамгаална, зөвхөн би ашиглана, зөвхөн би өмнө нь өвдөг сөгдөнө! Би өөрийн үнэт зүйлсээ бусдад өгөхгүй, хуваалцахгүй. Сэтгэл оюуны минь сайн сайхныг зоосон мөнгө болгож ядмаг нэгэн сэтгэл-оюунд зориулсан өглөг болгож хийсгэхийг зөвшөөрөхгүй. Би өөрийн үнэт зүйлс болсон бодол санаа, хүсэл эрмэлзэл, эрх чөлөөгөө хамгаалж, асран тордоно. Эдгээрээс хамгийн аугаа нь миний эрх чөлөө. …”

“… Би ахан дүүсдээ (Номонд эрэгтэй, эмэгтэйчүүд тусдаа амьдрах бөгөөд эрэгтэйчүүд нэгнийгээ “ахан дүүс” гэж дуудах бөгөөд харин эмэгтэйчүүд “эгч дүүс” хэмээцгээнэ. Орч.) ямар ч өргүй, мөн тэд ч надад өргүй. Би хэнийг ч миний төлөө амьдраач гэж гуйхгүй, мөн би өөрөө хэний ч төлөө амьдрахгүй. Би хэний ч сэтгэл зүрхийг эзлэх гэж шунахгүй мөн бусдад ч эзлэгдэхгүй. Би ахан дүүсдээ дайсан ч биш анд нөхөр ч биш. Тэд ч гэсэн надтай адил байх эрхтэй. Миний хайр энэрлийг хүртэхийн тулд ахан дүүс маань энэ дэлхий дээр байгалийн жамаараа зүгээр нэг мэндэлсэн байх ёсгүй. Би хайр энэрлээ шалтгаангүйгээр хэнд ч өгөхгүй. Үүнийг зүгээр нэхсэн нэгэнд нь өгчихдөг юм биш. Би хүмүүст хайр энэрлээрээ хүндэтгэл үзүүлдэг. Тэгэхээр хүмүүс нэгнийхээ хүндэтгэлийг хүлээхийн тулд зохих ёсны юм хийсэн байх ёстой. …”

“… Би боол ч биш эзэн ч биш, найз нөхдөө хүмүүс дотроос сонгох болно. Би таалагдсанаа сонгож, тэднийг хайрлан хүндэтгэнэ, гэхдээ тэдэнд тушаахгүй, тэднээс тушаал заавар ч авахгүй. Тэгээд хүссэн үедээ хамтдаа байж, хүссэн үедээ тусдаа байцгаана. Сэтгэл зүрхнийхээ гүнд хүн бүр ганцаар байдаг юм. Хүн бүрд байдаг тэр гүнд нь хэн ч хүрч, бохирдуулж болохгүй. Хүн хүсвэл энэ ариун газраа өөр хүнд эзэмдүүлэлгүйгээр бусадтай нийлж болно. …”

“… Би ‘Бид’ гэдэг мангасаас залхаж байна. Хамжлагат ёс, тонуул дээрэм, зовлон зүдүүр, худал хуурмаг, ичгүүр сонжуурын бэлгэдэл болсон энэ үгнээс залхаж байна. …”

“… ‘Бид’ гэдэг үг бол хүн дээр асгасан нойтон шохойн чулуу гэсэн үг. Хатаад ирэхээрээ чулуу шиг хатуу болж, доороо байгаа бүхнийг няцалж, үүнд хар цагааны аль аль нь уусаж сааралтдаг. Ёс суртахуунгүйчүүд сайн сайхнаас буянт үйлийг нь, сул доройчууд хүчтэйгийнхээ хүч чадлыг нь, тэнэгүүд мэргэдийнхээ цэцэн билгийг нь хулгайлах үйлдлээ энэ үгээр халхавчилдаг. …”

“… ‘Бид’ гэдэг үгийг хүн өөрөө хүсээгүй, бас тэгээд хоёрдугаарт тавиагүй бол хэзээ ч битгий хэл. Энэ үгийг хүн сэтгэл оюундаа нэгдүгээрт тавих юм бол дэлхий дээрх бүх муу муухайгийн үндэс, хүн хүнээ зовоох суурь, үгээр илэрхийлшгүй худал хуурмагийн эх үндэс тавигдлаа гэсэн үг. …”

“… Бүх хүний тэр ч бүү хэл, бүр бохир заваан нэгний гар хүртэл хүрч самардаад байх юм бол миний сэтгэлийн баяр хөөр юу болох юм бэ? Захын тэнэг нь хүртэл захирч тушаагаад байх юм бол ухаантай байхын хэрэг байна уу? Амьтай бүхэн тэр ч байтугай сул дорой, арчаагүй нь хүртэл миний эзэн юм бол эрх чөлөө гэгч юу юм бэ? …”

Энэ мэт 1990 оноос өмнө болон одоо ч бидний нэгэнтэйгээ харилцах харилцаанд харагдсаар байдаг хамтач үзлийн олон үзэгдлийг энэ номноос харж болно. Энэ дэлхий ертөнц дээрх хамгийн ариун нандин үг бол ЭГО (Би) хэмээн Айн Рэнд номоо төгсгөжээ.

Номыг орчуулах хүсэлтийг минь хүлээн авч, Curtis Brown Ltd-тэй холбогдон зохиогчийн эрхийн зөвшөөрлийг аван, хэвлэж гаргасан “Монсудар” хэвлэлийн газрын хамт олонд талархсанаа илэрхийлье!

Философийн ухааны доктор Б.Батчулуун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж