Эмийн бодлогоор чуулав

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Эмийн бодлогоор чуулав

Эмийн үндэсний бодлогын VI бага хурал
өчигдөр Төрийн ордонд боллоо. Хурлыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага,
Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Эрүүл
мэндийн яамнаас зохиов. Уг хуралд Салбарын сайд С.Ламбаа болон холбогдох
албаныхан, Олон улсын байгууллагууд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,
Эм зүйн байгууллагууд,  Эм ханган нйилүүлэгчид, орон нутгийн Эрүүл
мэндийн газрын дарга нар болон бусад холбогдох албаныхан буюу нийт  520
гадаад дотоодын зочид төлөөлөгчид оролцсон. Мөн ДЭМБ-ын Номхон далайн
бүсийн Эмийн бодлогын мэргэжилтэн  Дардане Арифаж урилгаар оролцож,
2010-2015 онд хэрэгжүүлэх “Зайлшгүй шаардлагатай эмийн хангамжийг
нэмэгдүүлэх” үйл ажиллагааны  хүрээг танилцуулж,  НҮБ-ын ХАС-аас Нөхөн
үржихүйн эрүүл мэндийн эм хэрэгсэлээр тогтвортой хангах үндэсний
стратегийг хэргжүүлэхэд төр, хувийн хэвшил, бусад талуудын хамтын
ажиллагааг өргөжүүлэх талаар илтгэлүүд тавилаа.

“Эмийн үндэсний бодлого” гэдэг нь тухайн улс орны иргэдийн дунд
тохиолдож буй өвчин эмгэгийг оношлох, эмчлэх сэргийлэх, гаж нөлөө
багатай, боломжийн үнэ өртөгтэй, нэн чухал эм био бэлдмэлээр хүн амыг
тасралтгүй хангахад чиглэсэн, эмийн хэрэглээ болон хангалтад  төр
засгаас хяналт тавих дэд бүтэц, эрх зүйн үндэслэлийг бүрдүүлэхэд
чиглэдэг аж.  Ялангуяа манай улс эмийн бодлогондоо зайлшгүй анхаарах
улсын тоонд ордог байна. Учир нь иргэд гадаадаас импортоор оруулж ирдэг
эм, тариа нь эмийн бөөний төвөөс эмчийн бичиггүйгээр худалдан авах
боломжтой,  өвчний оношоо өөрөө гаргаад эмийн сангаас дуртай эмээ авч
болдог, эмийг хоол мэт үздэг.

Хүмүүнлэгийн нэртэй байгууллагууд манай улсын иргэдэд хаана хэзээ
үйлдвэрлэсэн нь тодорхойгүй эмнүүдийг тарааж байгаад баригдсан явдал ч
гарч байв. Түүнчлэн эмийн сангуудад янз бүрийн эмийг чөлөөтэй зардаг нь
эмийн зохисгүй хэрэглээг  бий болгож байгаа талаар хэлэлцлээ. Мөн эмийн
хангамж, чанарын хяналт, эмийн бодлогын хэрэгжилтэд салбар дундын болон
хувийн хэвшлийн оролцоо, эмийн үйлдвэрлэл, импортын өнөөгийн байдал,
орон нутгийн иргэдэд эмийн хангамжийг хариуцан ажиллаж байгаа эмийн
эргэлтийн сангийн үйл ажиллагаа, тулгарч буй бэрхшээлийн талаар илтгэл
сонсож, санал солилцов.
Монгол Улсад  1998 онд “Эмийн тухай” хууль  батлагдаж, 2001, 2002 онд
нэмэлт өөрчлөлт оруулан, 2006 оны нэмэлт өөрчлөлтөөр “Эм, эмнэлгийн
хэрэгслийн тухай хууль” болгон өөрчилсөн аж.  Эм, эмнэлгийн хэрэгсэлийн
талаар талаар төрөөс баримтлах бодлогын  хувьд эмчилгээний өндөр
идэвхитэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, биобэлдмэлийг хэрэглэх
нөхцлийг бүрдүүлэх, хүн эмнэлэг, мал эмнэлгийн байгууллага болон хүн
амыг шаардлагатай эмээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангаж, түүний
зохистой хэрэглээг  төлөвшүүлэх зорилготой гэдгийг хурлын үеэр Эрүүл
мэндийн сайд С.Ламбаа хэлсэн.  Мөн зайлшгүй шаардлагатай эмийн
жагсаалтад 328 нэрийн эм, 418 эмийн хэлбэрийг оруулж, 41 нэрийн хүүхдийн
эмийн хэлбэрийг нэмж, 14 нэрийн эмийн хэрэглээнд насны хязгаар заав.

Хурлын үеэр ДЭМБ-аас эм зүйн салбарын үнэлгээг  танилцууллаа. “Эм зүйн
салбарын хяналт, үнэлгээний гарын авлага”-ын дагуу өнгөрсөн оны 8-12
сард ЭМШУИС-ийн Эм зүйн сургуулиас Улаанбаатар хотын  дөрвөн дүүрэг,
таван аймаг, 20 суманд хийжээ. Энэхүү судалгаанд манай улсын эм,
эмнэлгийн хэрэгсэл, эмийн хэрэглээ, хангамж, чанарыг багтаасан аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж